ОХУ-ын Уфа хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ийг энэ сарын 18-20-нд зохион байгуулав. Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд зодоглосон, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд өсвөр үеийн Европын АШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакийг цэвэр ялж, хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр буулган авсан. Шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд 0:10- аар ялагдаж, үзүүрлэсэн юм. Тэгвэл “Женко” клубийн тамирчин М.Мөнхгэрэл 55 кг-д шөвгийн наймд Киргизийн Калмира Билимбек Кизид 4:6-гаар хожигдсон ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийхээр болсон. Тэрбээр АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр хожин, хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Анастасья Яндушкинаг цэвэр ялж, хүрэл медаль зүүв. М.Мөнхгэрэл өрсөлдөгчдөө 0:8-аар ялагдаж яваад онооны харьцааг 9:8 болгож шагналын тавцанд зогссон юм.