Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-нд цахимаар зохион байгуулсан. Шилдгээр шалгарсан тоглогчид “Hisense” үндэсний дээд лигт оролцож байгаа тул шагналыг нь энэ сарын 19-нд зургадугаар тойргийн тоглолтын үеэр өгсөн байна. Тамирчдаас Э.Мөнх-Эрдэнэ, Д.Төрбат, В.Тэмүүжин, Г.Билгүүн, хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш, Ц.Мөнх-Эрдэнэ нар “Бэлгэдлийн 11”-т багтсан шагналаа авсан бол футзалын дээд лигт 73 гоол оруулж, мэргэн бууч болсон “СП фалконс” клубийн О.Оюунболд “Оны шилдэг футзалын тоглогч”-ийн шагнал хүртэв. Мөн “Атлетик 220” клубийг анх удаа үндэсний дээд лигийн аварга болоход хувь нэмэр оруулсан Б.Гарьдмагнай “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”, довтлогч Н.Наранболд “Оны шилдэг эрэгтэй тоглогч” болон “Оны шилдэг гоол”-ын шагналаа хамтад нь гардан авчээ.