“Токио-2020” паралимпийн наадам маргааш эхэлнэ. Японы нийслэл Токиод есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх паралимпийн зуны XVI наадамд спортын 22 төрлөөр, 540 цогц медалийн төлөө 163 орны 4500 гаруй тамирчин өрсөлдөх юм. Монголын үндэсний паралимпийн хорооны 11 тамирчин, спортын зургаан төрөлд (пара жүдо, пара байт харваа, пара буудлага, пара таеквондо, пара хөнгөн атлетик, пара пауэрлифтинг) хурд, хүч, авхаалж самбаагаа сорихоор наран улсыг зорьсон. Паралимпийн наадмын галт бамбарын буухиа энэ сарын 12-нд эхэлсэн бөгөөд Японы 43 аймагт бамбарын галыг асаах ёслол нэгэн зэрэг болсон билээ. Токиод маргааш олимпын цэнгэлдэхэд бадамлан асах паралимпийн бамбарын буухиа ид үргэлжилж байна. Яйзү хотод энэ сарын 17-нд болсон “Токио-2020” паралимпийн бамбарын буухианы гал асаах ёслолд монгол хүн оролцсон сайхан үйл явдал боллоо. Тодруулбал, тус хотын захиргааны хамтын ажиллагааны газарт олон улсын мэргэжилтнээр ажилладаг Б.Янжинлхам энэхүү хүндтэй үүргийг гүйцэтгэж, эх орныхоо нэрийг гаргав. Тэрбээр үүнээс өмнө “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа өнгөрсөн зургадугаар сарын 23-нд Яйзү хотод ирэхэд барианы бүсэд Монгол Улсаа сурталчилж байсан юм. Б.Янжинлхам нь 2016 оноос эхлэн Яйзү хотын захиргаанд үндсэн ажилтнаар ажиллаж буй. Олимп, паралимптэй холбоотой зохион байгуулалт, бэлтгэл, Монголын талтай хийх яриа хэлэлцээр, Монголыг сурталчлах үйл ажиллагаа, япончуудад зориулсан монгол соёл, хэлний сургалтыг хариуцан ажилладаг. Ташрамд дурдахад, тус хот 2015 оноос БТСУХ-той хамтран ажиллаж байгаа бөгөөд 2016 онд Монголын чөлөөт бөхийн шигшээ баг, пара хөнгөн атлетикийн шигшээ багтай мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулан жил бүр баг тамирчдыг хүлээн авч, Яйзүд бэлтгэлийг нь хариуцан зохион байгуулж ирсэн. Мөн 2019 онд таеквондо, “Токио-2020” олимпын наадмын өмнө 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг хүлээн авч бэлтгэл сургуулилалтыг нь зохион байгуулсан билээ. Үүнээс гадна Чингэлтэй дүүрэгтэй спортын болон бусад салбарт хамтран ажиллах санамж бичиг, Монголын чөлөөт бөхийн холбоотой чөлөөт бөхийн сургуулийн насны хүүхдүүдийн, софт теннисний холбоотой өсвөрийн тамирчдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцож, тус хотоос сурагчид илгээн, Монголоос сурагчид хүлээн авч байгаа аж. Зөвхөн спорт төдийгүй соёлын салбарт Монголын үндэсний урлагийн, монгол, япон хүүхдүүдийн хамтарсан урлагийн тоглолт зэргээс гадна хотдоо бэсрэг наадам, Цагаан сар, шинэ жилийн арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг байна. Монгол, Японы хооронд бас нэгэн “гүүр” болж, ялангуяа Монголын олимпын болон бусад спортын баг тамирчдын амжилтад хувь нэмрээ оруулж буй Б.Янжинлхам эл өдрүүдэд Монголын паралимпийн баг тамирчдаа угтан авч, бэлтгэл сургуулилалтыг нь зохион байгуулан завгүй гүйсээр л.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин