Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооноос хамтран байгуулсан. Тэд цемент болон бетон үйлдвэрлэгчдийн төлөөлөл, албаны хүмүүстэй уулзжээ. Үйлдвэрлэгчид төрөөс тээвэр, цахилгааны хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байв. Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг тэдний санал, хүсэлтийг нэгтгэн, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээ илэрхийллээ. Мөн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх боломжтойг Нийтийн тээврийн үйлчилгээний газрынхан хэлэв. Барилгын материал үйлдвэрлэгчидтэй хийсэн удаа дараагийн уулзалтаас гарсан саналуудыг судалж, бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх зорилтын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлэх байнгын хорооны тогтоолын төсөлд тусгах юм байна.