“Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд эх орондоо иржээ. Уул уурхайн салбарынхан түүнийг ээлжийн амралтаа Монголд өнгөрүүлэхээр ирсэн хэмээн ярьж байна. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээрийг Засгийн газар “Рио тинто”-той эхлүүлснийг бид мэднэ. Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн хавар Б.Болд тэргүүтэй “Рио тинто”-г төлөөлж буй хүмүүстэй эхний уулзалтыг хийсэн. Уулзалтаас “жижиг” ч болтугай үр дүн гаргаагүй агаад яриа хэлэлцээ амаргүй нөхцөлд өрнөхийг тодорхой болгов. Б.Болд зүгээр ч нэг амрахаар ирээгүй нь ойлгомжтой. МАН-ын бага хурлын ги шүүн явсан тэрбээр эрх баригчдын дунд нөлөөтэй. Тиймээс Засгийн газрын ажлын хэсгийн болон нөлөө бүхий улстөрчидтэй уулзалт хийн, хэлэлцээг хэрхэн үргэлжлүүлэх нөлөөллийн ажлаа хийж яваа болов уу.
“Оюутолгой” компанийн хувьцааны 66 хувийг эзэмшиж буй Канадад бүртгэлтэй “Туркойз хилл ресурс”-ийн хөрөнгө оруулагчид “Рио тинто”-г мэдээллээ нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр Нью-Йоркийн шүүхэд хандсан. Товчхондоо, хөрөнгө оруулагчид “Рио тинто”-г мэдээллээ нуун дарагдуулсны улмаас хувьцааных нь ханш хямдарч, хохирсон гэж үзэж буй. “Рио тинто”-д өмнө нь зөвлөхөөр ажиллаж байсан, Британийн иргэн Ричард Боули “шүгэл үлээн” тэднийг мэдээллээр хангасан юм. Ричард Боули хамтарчийн хамт Монголд ирж, Засгийн газрын төлөөлөл, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой”-н удирдлагатай уулзаад буцав. Тэрбээр Монголын Засгийн газрын зөвлөх болоод оджээ.
Түүнийг Монголд ирсэн үед Засгийн газар Оюутолгойн гүний уурхайн зардлын хэтрэлтэд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг олон нийтэд дэлгэлээ. “Рио тинто” гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөл хүндэрсэнтэй холбоотой гэж тайлбарласан. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо хөдлөнгийн шинжээчид геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гаргасныг батлан ярьж байна. “Шүгэл үлээгч” Ричард Боули Монголд ирсэн нь, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт “Рио тинто”-гийн тайлбарыг няцаасан нь Б.Болдыг Монгол руу яаравчлан хүлгийн жолоо залахад хүргэсэн биз. Түүнийг Жан-Себастъян Жакийн тарьсан балгийг арилгахаар явж буй монгол хүн гэсэн өөр нэгэн өнцгөөс харж болно. Жан-Себастъян Жак нь “Рио тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал байхдаа Ч.Сайханбилэгийн Засгийн газартай “Дубайн гэрээ”-г байгуулсан. Улмаар “Рио тинто”-гийн гүйцэтгэх захирал болж дэвшээд, одоо ажлаасаа халагдсан хүн. “Туркойз хилл ресурс”-ийн хөрөнгө оруулагчид зардал өссөн мэдээллийг нуун дарагдуулж, сэргийлэх арга хэмжээгүй хүнээр Ж.С.Жакийг тодруулан буруутгаж байгаа. Ингэх ч үндэслэл бий.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт эцсийнх үү. Эх сурвалжийн мэдээлснээр эцсийнх биш. Дүгнэлтийг “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах учиртай аж. Сайтар нягталсны дараа тус компанийн ТУЗ-ийн гишүүд дүгнэлт гаргана. Түүнийг эцсийн дүгнэлт гэж үзэх гэнэ. Монголын уул уурхайн хүрээнийхэн зардлын өсөлт геотехникийн нөхцөлөөс огт шалтгаалаагүй гэдэгт итгэхгүй байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж тодорхойлсон эцсийн дүгнэлт гаргах магадлал өндөр юм. Хөндлөнгийн шинжилгээ хийсэн найман хүний дүгнэлтийг өндөр мэдлэг, ур чадвар бүхий хоёр мэргэжилтнээр хянуулсан гэж Б.Солонгоо хэлсэн. Зарим эх сурвалж “шүгэл үлээгч” хоёроор хянуулчихаад, түүнийгээ дахин хөндлөнгөөс шинжлүүлсэн гэж ярьж буй нь ичгэвтэр хэрэг” гэж ярихыг сонслоо. Хоёр “шүгэл үлээгч” биш, өөр мэргэжилтнүүд хянасан гэдэг нь баттай мэдээлэл гэдгийг дуулгая. “Рио тинто”-гийнхон эцсийн дүгнэлт гаргаагүй байхад Б.Солонгоо дэмийрч байна гэж харж буй. Харин Засгийн газраас яаран хийсэн мэдэгдлийг яриа хэлэлцээний тактик байсан хэмээн эерүүлж ойлгох боломжтой.
“Оюутолгой” компанийн ТУЗ хэзээ нэг өдөр эцсийн дүгнэлт гаргана. Гэхдээ энэ хэлэлцээний тулгуур баримт бичиг болж чадах уу гэдэг нь асуултын тэмдэгтэй. Магадгүй төдийлөн нөлөөлөхгүй байж ч магадгүй. Яриа хэлэлцээнд хоёр тал байр сууриа илэрхийлэх нь хамгийн чухал. Гэхдээ аль аль нь хөзрөө дэлгээгүй байна. Манай талаас тавих санал тийм ч бүрхэг биш. “Оюутолгой” төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгч, санхүүжилттэй холбоотой гэрээг Монголын хууль, эрх зүйн орчинд нийцүүлнэ. Татвар хураах эрх зүйн орчны үл ойлголцлоо нэгтгэнэ. Тэгээд төслөөс хүртэх өгөөжийг 53 хувьд хүргэнэ гэсэн санал тавих байх. Өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар зардлын хэтрэлтийг “Рио тинто” бүрэн хариуц, менежментийн төлбөр, хөрөнгө оруулалтын зээлийн хүүгээ бууруул гэж шахах болов уу.
Гэрээнүүдийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх, татварын ойлголцлоо нэгтгэх нь хэн хэн нь халгаж дөлөөд байх асуудал биш. Б.Болдын хэлснээр тооноо тойрч, тогоотой цайгаа хувааж сууж ярилцаад шийдвэрлэчих хэрэг. Харин хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудал дээр хоёр тал нэлээд ярилцана. “Рио тинто” найр тавиад монголчуудад бүх боломжийг нь эдлүүлчихгүй болов уу. Тэгэх бол яриа хэлэлцээ аль хэдийн дуусчих байсан биз. “Рио тинто” групп, түүнийг төлөөлж буй Монгол Улсын иргэн Б.Болд хорвоог тойглож сурсан туршлагатай. Харин Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгт хороо тойглож яваа хүн. Яриа хэлэлцээний ур чадвар, хүрээ царааны хувьд хол зөрүүтэй хоёр хүн хэлэлцээ хийнэ. Тиймээс Монголын Засгийн газар бэлтгэлтэй байх хэрэгтэй.
УИХ-ын 92 дугаар буюу Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан 2019 оны арванхоёрдугаар сард байгуулж байсан. Улмаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоноор ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилсон. Ажлын хэсэг бараг хоёр жил ажиллах гэж байна. Гэтэл өдий хүртэл хэлэлцээ хийхэд туслах санхүүгийн болон хуулийн зөвлөхөө сонгосонгүй. Эндээс манайхан ажилдаа арай удаашралтай хандаж байна гэсэн дүгнэлт хийж болно. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн дөрөвдүгээр сард “Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдтой уулзах үеэрээ маш олон асуулт тавьсан. Тэдний 80 хувь нь төслийн талаар танин мэдэхүйн шинжтэй асуулт байсныг эх сурвалж дуулгасан юм. Тэгэхээр Монголын улстөрчид “Оюутолгой” төслийн талаар танин мэдэхүйн түвшнээс дээгүүр мэдлэг, мэдээлэлтэй болоогүй хэрэг үү.
Яриа хэлэлцээг ажил хэрэгчээр эхлүүлэхгүй хүлээсээр байвал ярвигтай нөхцөл үүсэх нь дамжиггүй. Тэр нь төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох нөхцөл юм. “Ду байн гэрээ”-ний дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтыг 5.3 тэрбум ам.долларт багтаан гүйцэтгэхээр төлөвлөсөн. Гэтэл одоо бүтээн байгуулалтыг бүрэн гүйцэтгэхэд 1.4 тэрбум ам.доллароор дутуу байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулах тооцоо бий. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад жилд нэг тэрбум ам.доллар зарцуулж ирснийг бид мэднэ. Уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлээд таван жилийг ардаа орхижээ. Тэгэхээр татан төвлөрүүлсэн санхүүжилт нь энэ онд дуусах нь. Хэлэлцээг яаралтай эхлүүлж, тохиролцоонд хүрэхгүй бол дахин санхүүжилт татах нөхцөл бүр дэхгүй байх магадлалтайг анхаарах хэрэгтэй.
Засгийн газрын ажлын хэсгийн зааварчилгааны дагуу “Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүд тус компанийн төсвийг батлахгүй яваа. Энэ оны төгсгөл гэхэд санхүүжилтгүй болсны улмаас гүний уурхайн бүтээн байгуулалт зогсоход хүрвэл Монголын Засгийн газар буруутнаар тодорно. Учир нь “Оюутолгой” компанийн төсвийг баталж өгөөгүй, яриа хэлэлцээг эхлүүлэхгүй хойш суусан хүмүүс нь монголчууд. “Рио тинто” гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох сонирхолгүй нь илэрхий болсон. Засгийн газар гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоохгүйн тулд буулт хийнэ гэж төсөөлөн хэлэлцээний өрөг дээрх нүүдлээ боловсруулж суугаа байж магадгүй. Гэвч “Рио тинто” эрсдэл үүрээд гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоочихвол яах вэ. Олон арван мянган хүн ажилгүй болж, эдийн засгийн хямралын үед тэдний гэр бүл хэцүүднэ. Энэ бол монголчуудад хамгийн түрүүнд тулгарах бэрхшээл. Цаашлаад эдийн засгийн гинжин хэлхээгээр дамжин олон сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Оюутолгойн бүтээн байгуулалт зогсвол Монгол Улсын эдийн засаг хүндэрнэ. Угаас энэ төсөл манай улсын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын гол тулгуур болчихсон. Тэгэхээр эдийн засгаа бодвол ихэд болгоомжтой хандахаас өөр замгүй.
Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээнд бүтэлгүйтвэл “шүд сугалах” маягаар зөвхөн Х.Нямбаатар, эсвэл Б.Солонгоод хариуцлага хүлээлгэхгүй. Хамгийн гол хариуцлагыг Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойг хэрхэхээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын засаглах хугацаа хамаарна. Хэлэлцээ хийгээд муу гэрээ байгуулбал Л.Оюун-Эрдэнийг огцруулна. “Рио тинто”-той хэл амаа ололцож чадахгүй, эдийн засгаа хүндрүүлбэл бас л огцруулна. Оюутолгойтой холбогдсон Л.Оюун-Эрдэнэд үлдэх үү, явах уу гэсэн хоёр сонголт л бий. Муу гэрээ хийсэн ч, хэл амаа олохгүй байсан ч үргэлжлүүлж ажиллана гэсэн сонголт байхгүй. Тэгэхээр үлдэх сонголт хийвэл сайн гэрээ байгуулах шаардлагатай.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Энэ удаад унахгүй байж болно. Хэрэв муу гэрээ байгуулбал Ч.Сайханбилэгийн Засгийн газартай ямар ч ялгаагүй, нэр хүндгүй болно. Хэрэв хэл амаа ололцохгүй бол одоо УИХ-ын зарим гишүүний асаачихаад буй огцруулна гэсэн дөлийг “Рио тинто” өрдөхөд гал дүрэлзэх нь тодорхой. Ард түмний дэмжлэгтэй Засгийн газар хэр барагтай огцордоггүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард түмнээс хэр дэмжлэг авч байгаа билээ. Том зургаар нь харвал “Рио тинто”-г хэт дутуу үнэлж, эрдвэл Засгийн газар амархан өнхрөөд өгч мэдэх юм.