Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талонгүй болсон талаар албаныхан мэдээллээ. Сумын удирдлагууд эл шийдвэрийг нэг өдрийн дотор бус, харин удаан хугацааны “тулж, тойглож ажиллах” хүрээнд хийгдэх ажил гэж хэлсэн юм. Тодруулбал, малчдыг “Аравт”-ын зохион байгуулалтад оруулах, нутаг орноо зориод ирсэн залуучуудыг ажлын байраар хангах, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдээ сургах, уриалах гэнэ. Тус сумын "Халамжаас хөдөлмөрт" бодлогын үр дүнд амьжиргааны түвшин доогуур иргэд төрийн халамжийг хүлээж амьдрах бус хөдөлмөрлөж, цалин хөлс авч, хамт олны дунд хөгжиж, өөрийн хүслээр таатай амьдарч болдог юм шүү гэдгийг иргэдэд ойлгууллаа. Зөвхөн Баян-Овоо сум ч гэлтгүй ХЭНТИЙ аймгийн хүрээнд манай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар "Халамжаас хөдөлмөрт" арга хэмжээний хүрээнд 2021 онд нийт 166 өрхийн 985 гишүүн иргэнийг хүнсний талоны үйлчилгээнээс түтгэлзүүлэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнүүдэд хамруулан ажилласан байна. Одоогоор Хэнтий аймгийн хэмжээнд тус үйлчилгээнд хамрагддаг 1532 өрхийн 8049 иргэн байгаа ба энэхүү тоог улам багасгах зорилт тавин ажиллаж буй.