Монгол хэлээр хэвлэгдэж, худалдаанд гаргасан энэ ном нь Чилийн философич, зохиолч, судлаач, орчин үеийн энэрэнгүй үзэлтэн Дарио Салам Соммэрийн бичсэн практик филосифи болох ёс зүйн шинжлэх ухааны судалдаг ёс суртахууны тухай бүтээл юм. Дарио Салас Соммэр нь ёс суртахуун, түүний үнэт зүйлс, нийгмийн мөн чанар, ач холбогдлыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, хүн төрөлхтний дотоод ертөнц болох ухамсар, сэтгэлийн хувьсал өөрчлөлт, хөгжил дэвшилд 50 гаруй жилийн амьдралаа зориулж яваа нэгэн. Хүн төрөлхтөн Байгалийн хуульд захирагдаж, ёс суртахуунд тулгуурлан дотоод ертөнцөө өөрчлөх шаардлагатай байгааг тэрбээр уг номдоо шинжлэх ухаанчаар баталсан. Түүний үзэл санааг дэмжигчид дэлхийн олон оронд бий. Уг бүтээлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн эвээл дор хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 2019 онд бие дааж унших гадаадын зохиолчдын шилдэг 100 номын жагсаалтад оруулсан байна.
Дарио Салас Соммэр “хүн төрөлхтөн замаасаа гарчээ. Эргүүлж замд нь оруулах тун хэцүү болж байгаа, хүмүүс өөрсийнхөөрөө амьдарч чадахаа больж, амьдралын чанарыг зөвхөн материаллаг талаас нь үнэлж, байгаль орчныг төдийгүй ухамсраа хордуулж, өнөө цагийн их мэдээллийн дунд хувь хүнээ ч ойлгохоо байж, ердөө л “утсан хүүхэлдэй”, робот болж байгаа” талаар өгүүлж, “Хүн төрөлхтөн ёс суртахууны доройтлоосоо гарахгүй бол дэлхий сөнөхөд хүрнэ” хэмээн цохон тэмдэглэжээ. “Хүний зүүд гүн гүнзгий болсоор, түүнээс сэрэх боломж улам бүр багассаар” гэж хүн төрөлхтөн ёс суртахууны доройтлоос даруй ангижрахгүй бол мөхөл ойрхон гэдгийг сануулсан. Орчин үеийн философийн нэрт төлөөлөгчдийн нэг Дарио Соммэр “XXI зууны ёс суртахуун” номдоо хүн ёс суртахуунтай байх нь тун ач тустай болохыг, “хүн шиг” хүн болгох ганц зүйл бол дээд түвшний ухамсар гэдгийг шинжлэх ухаанчаар нотолж, ёс суртахуун мөн чанараараа байгаль эхийн хуулийн хэм хэмжээ болох тухай бичиж, “Сансар, байгаль болон өөрийг нь хүрээлэн буй бүхэнд хүн нөлөөлж, тэднээс тохирох хариуг авч байдаг. Иймээс хүмүүс бид үйлдэл бүрээ хянах, бас хариуцах үүрэгтэй. Бид хүний дотоод ертөнцийн хувьсал өөрчлөлтийн талаар түлхүү авч үздэг болох ёстой. Дотоод ертөнцийг хүний хамгийн гол үнэт зүйл болгоход нөлөөлөх аргыг олох зайлшгүй шаардлагатай байна. Орчин үеийн хүн (homo sapiens-ийн төрөл болох)-ийг хадгалж үлдэх үндэс үүнд оршино” хэмээн онцолжээ.
Эл бүтээлийг ёс зүйн шинжлэх ухаан судалж буй оюутан суралцагчид, багш нар, сэтгэл судлаач, эмч, улстөрч, нийтийн албан хаагч, бүх шатны сургуулийн сурган хүмүүжүүлэгчид, хууль тогтоогчид, сэтгүүлчид, шүүгчид, ёс суртахууныг сонирхон судалдаг хүн бүр сурах бичиг болгон ашиглаж болохоор. Уг номыг сэтгэл судлаач, ёс суртахуун судлаач, сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D), профессор Б. Оюунчимэг эх хэлнээ орчуулжээ.