Дэлхийн гэрэл зургийн өдрийг олон улсад 1839 оноос тэмдэглэж иржээ. Монголын гэрэл зурагчдын холбооны гишүүн уран бүтээлчид энэ өдрийг угтуулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, үзэсгэлэн гаргадаг. Гэрэл зурагчин В.Баттулга агсны “Гэрлээр бичсэн миний ертөнц” цомгийг түүний хүү болон шавь нь хамтарч гаргасан байна. Энэ чиглэлийн манай цөөн мастерын нэгэн тэрбээр цомгийнхоо эхийг өөрөө бэлтгэж, ариутган шүүлгээд, хэвлүүлэхээр зэхэж байхдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тус холбооныхон алсад одсон андынхаа уг цомгоор “Монголын шилдэг гэрэл зурагчдын бүтээл” цувралын анхны шанг татаж, цаашид энэ урлагт бүтээгчдийн урын сангаас олон нийт, гэрэл зураг сонирхогчдод танилцуулж байхаар болсноо мэдээлэв.
Бэлтгэсэн Р.Оюунаа