Хот гэдэг, ялангуяа улсын нийслэл жил ирэх тусам өнгөжин жавхаажиж, хол, ойрын хүний хараа булаан, сэтгэлийг татаж байдаг билээ. Өнгөжих гэдэг нь бүхнийг шинээр барьж байгуулах тухай ойлголт биш юм. Түүх, соёл, архитектурын дурсгалт барилгуудыг байгаагаар нь үлдээн хайрлаж, шаардлагатай бол тэр хэвэнд нь сэргээн засварладаг. Тийм ч болохоор өндөр хөгжилтэй орнуудад барилга, байгууламж, тэр дундаа соёлын чиглэлийнхийг сэргээн засварлагч хэмээх чухал мэргэжилтэн олон байдаг. Дурсгалт барилгуудын ур, хийцийг хөндөхгүйн зэрэгцээ тухайн үеийн зориулалт, түүнд болж байсан үйл явдлын талаарх мэдээллийг олон нийтэд хамаатуулан мөнхөлж байдагт хамгаалж, хайрлахын утга оршино. Нөгөө талаар хот өдөр ирэх тусам жавхаажих, эсэх нь түүнийг бүрдүүлэгч оршин суугчдын хөгжлөөс хамаарах учиртай.
Манай улсын нийслэлийн байдал ямар байна вэ. Ердөө XX зууны 20-иод оноос хөмөрсөн тогоон дотроос өндийсөн ард түмний байгаа ганц хот гэхэд дажгүй шүү хэмээн муу, муухайг нь хүлээн зөвшөөрөх аргагүй. Яагаад гэхээр гадаадад хотуудаа хэдхэн жилийн хугацаанд хэрхэн дэлхийн хүмүүсийн хүн бүрийн очихыг хүсдэг цэг болгон өөрчилж байгааг хардаг болохоор тэр юм. Шүлэгт гардагчлан Улаанбаатар маань уулс тийш хаяа тэлж, үүлс тийш орой нь тэмүүлсээр байгаа авч төлөвлөлт, зохион байгуулалт, ерөнхий өнгө төрх нь сайжрахгүйн зэрэгцээ хотын иргэдийн ухамсар, соёл, ёс суртахуун төдийлөн дээшлэхгүй буй нь хот муухай байхад нэрмээс болсоор. Зарим хүн “Улаанбаатар маань улам л хөдөөжсөөр байх юм” хэмээн сэтгэл ихэд дундуур байгаагаа илэрхийлдэг. Хөдөөжих гэдэг тодотголын цаана болхи, бохир, хайнга гэсэн санаа байгаа болов уу. Үүнийг нотлох жишээ захаас авхуулаад бий. Зүгээр л гэрийнхээ юм уу, албан тасалгааныхаа цонхоор гадагш харъя.
Байшингийн гадаах цэцэрлэг зунжин сахал үсэндээ баригдсан хүн шиг өндөр, шигүү ургасан ногоо, ургамлаар саглайв. Хэн ч тайрч, янзалдаггүй. Сүүлдээ тийшээ орсон томоохон нохой ч харагдахаа байсан. Орцны жижүүрт хэлэхэд “Бидэнд энэ ногоог тайр, хад гэж хэлээгүй” гээд хөдлөхгүй. СӨХ-ноос асуухад “Хадаад хаячихаар хаанаас, хэн ирж загнахыг хэлж мэдэхгүй” гэлээ. Цэцэрлэг дундуур чамбай зассан нарийн цардмал замтай. Түүгээр алхмаар байвч энд тэндээс эвгүй үнэртээд бэрх. Олон айлын нохойн ялгадас тийм болдог юм болов уу, шинжилж бараагүй. Гэтэл наймдугаар сарын 1 болоход хажуугаар нь явсан хүмүүс найтааж эхэлсэн. Оршин суугчид гомдол гаргасан уу, нэг өдөр бүгдийг нь хадчихсан байлаа. Цэцэрлэг сахлаа хуссан хүн шиг цэмцийв. Өнөөх эвгүй үнэр ч алга болж. Одоо дэргэдүүр нь, дундуур нь явахад хамар загатнадаггүй. Ийм санаачилга, сэтгэл дутсанаас болж муу бол муу, муухай бол муухай чигээрээ байж л байдаг нь хот даяар нийтлэг. Өнгөрсөн жил хотын төвийн, дээхнэ элитүүдийн ч гэж ярьдаг байсан 50 мянгатын байрнуудын өмнөх цэцэрлэг яг ийм байсан юм. Хүмүүс нялх хүүхдээ өглөө, орой гадаа гаргахдаа тэндхийн саравч доор суух аргагүй. Тиймээс хүүхэд тэвэрсэн хүмүүс байрны өмнүүр нааш, цааш холхиж байдаг байв. Иймхэн, СӨХ-ныхон зохион байгуулаад цэвэрлүүлчих ажлыг яагаад хийдэггүй вэ. Болхи, бохир байдалд дассан хүмүүсийн, удирдлагын, мөн даргын ам харж суудаг зуршил, хандлага гэхээс өөр хэлэх үг олдохгүй.
Иргэдийн хувиа бодсон, буруу ойлголттой, соёлгүй, хариуцлагагүй байдал нийслэлийнхэн амгалан тайван амьдрахад саад болсоор. Шөнө дөлөөр хөгжим чанга тавина, гудамжинд, байрны гадаа олуул хашхирч орилно. Үүнийг бичигч бээр хоёр хоногийн өмнө 01.00 цагт гадаа гарч, цаг гаруйн турш инээж хөхрөн, хашхирсан залууст “Боль. Хүмүүсийг унтуул” гэдэг шаардлага тавиад олигтой хариу сонсоогүй тул “Цагдаа дуудлаа шүү” гэж айлган тараав. Өнгөрсөн сард үүрийн таван жингээр орцны өмнөх “Гадаах баар”-нд шар айраг ууж, чанга ярьж, зарим үед маргаж, тэгснээ өнөөх их өвс ногоо руу ээлжилж “морь харж” байсан залуусыг тарааж чадаагүй тул 102-т хандсан юм. Гэтэл мэдсэн юм шиг цагдаа ирэхээс өмнөхөн өнөө хэд машинд суугаад одсон л доо. Цагдаа дуудлагын дагуу ирснээ мэдэгдээд, шар айргын хоосон лаазнууд, шүлсээ хаясан газар зэрэг ул мөрийн зургийг дараад явсан. Үүнээс хойш 30-аад минутын дараа хэлж өгсөн машины дугаараар мөрдөж олсон юм байх, “Таны гомдлын мөрөөр шалгахад гэмт хэргийн шинж байсангүй” гэсэн мессеж ирүүлсэн юм. Согтуу хүмүүс, цагдаагийн хувьд юу ч болоогүй мэт байж болох ч, нойргүйдэж бухимдсан иргэн тайван унтаж чадахгүй өглөө болгох нь шударга уу. Энэ байдал манай нийслэлд хавтгай бөгөөд арга хэмжээ авах ёстой газарт нь мэдэгдэхээр амгалан тайван байдал алдагдуулагсдын толгойг илэх мэтээр өнгөрүүлэх.
Бид хөгжил ярих дуртай. Тэгвэл дэлхийн улсуудад үлгэр болсон Швейцарт хотын оршин суугчдын журам ёсоор 22.00 цагаас хойш гудамжинд болон өөрийн байшин, хаусын гадаа ч чанга ярьж болохгүй, хоолны үнэр гаргахгүй, мөн нохойгоо аль ч цаг үед хуцуулахгүй байх үүрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс шөнө тайван, бөх унтаж амрахын тулд тархи, толгойгоо нэг, хоёр цагийн өмнөөс амрааж бэлдэх ёстой. Сайн амарч хонох нь эрүүл амьдралын үндэс гэж үздэг бөгөөд тус улс хүн амын дундаж наслалтаар Японы дараа ордог. Хэдэн цагт ч, хаана ч анги, хамт олон, найз нөхдөөрөө нийлэн цэнгэж, архи, шар айраг уугаад орилж, хашхирч болдог нь манай “хөдөөжсөн Улаанбаатар”-ын дүрэм гэлтэй.
Манай нийслэлд энд тэндгүй байх ил задгай хог, нийтийн бие засах газаргүй болон мод ургамалд хайр гамгүй мэргэжлийн бус ханддаг байдал, машины чанга дуут дохио, замын түгжрээ, үйлчилгээний газрууд орой онгойдог, мөн чанаргүй бүтээгдэхүүнээр хуурдаг гээд иргэдийн тав тухыг алдагдуулдаг мөнхийн сэдвүүд бий.
Ганц, хоёрыг онцолъё. Хаягжилтыг боловсронгуй болгодоггүй нь дээд зэргийн хоцрогдол гэлтэй. Улаанбаатар хот, тэр дүүрэг, тэддүгээр гудамжны төдөн тоот байшин, хаалганы дугаар тэд. Ингээд л хэвшүүлчихвэл болох атал өнөө хэр түүний хажууд, ийшээ яваад, тэгж эргээд байдаг гэх мэтчилэнгээр хаягаа зааж өгсөөр. Юуны тулд гудамж байдаг, байшингуудыг тоотоор дугаарладаг юм бэ. Хаягжилтыг энэ дагуу зохион байгуулсан байдаг л байх. Гэхдээ нийслэлийн оршин суугчдыг их хотын амьдралд соёлтой оролцуулах арга зүй боловсруулж, хэрхэн хэвшил, дадал болгох талаар ер ажилладаггүй. Мөн гудамжуудад хүний, хотын, тэгэх тусмаа гадаад орнуудын аль нэг хотын, бас ямар нэг тэгш ойн нэр өгдгөө боливол яасан юм бэ. Хэн нэгнийг алдаршуулах, гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор, төр, нийслэлээс бодлогоор гудамж, сургууль, байгууллагыг нэрэмжит болгосоор ирсэн нь түрүүчийн нийгмийн амь бөхтэй зуршлуудын нэг. Энэ ч бас нэгэн төрлийн хоцрогдол бус уу.
Нийслэлийн оршин суугчид үзэл бодол, сэтгэлгээ, амьдралын хэв маягаар ялгаатай. Яаж амьдрахаа хэнээр ч заалгахгүй, эрүүл аж төрдөг, элдэв маяггүй нь байхад арчаа муутай, гэсэн атлаа өөрсдийгөө болж байна гэж үзэх, зөвлөгөө хүлээж авахаар тааруу, тэр хэрээр орчин тойрондоо асуудал нэмж байдаг хүн олон. Ингээд ярихаар голдуу хотын жирийн иргэдийн тухай мэт санагдах авч, сэтгэлгээ, хандлагын доголдлоос болж их хотын оршин суугчдын зарим хэсгийнхний эгдүүцлийг төрүүлэхүйц үйлдэл, алхам хийдэг удирдлагуудын тухай ч хөндөж буй юм. Бүх юмыг пиарын нүдээр харна. Саяхан “Өглөөний гудамж”-тай болов. Санаачилга зөв, их хотод байх соёл гэж ойлгоно. Тэндхийн байшингуудын гудамж талын нүүрийг гоё болгож будаад, өндөр үнээр үйлчилдэг зоогийн хэдэн газрыг өглөө эрт үүдээ нээж байгаарай гэж хэлснийхээ төлөө хэчнээн рекламдав. Ертөнцөд байхгүй юм бүтээсэн янзтай хэдэн өдөр дараалан яаж мэдээлэв дээ. Өнөөх төв талбайн урд мод, бут тайран байж усан оргилуур хийгээд бахархсантай адил. Гэтэл өнөөх гоё байшингийн ард талд будаг түрхэх нь бүү хэл, өндөр ургасан шарилжийг нь зулгааж хаясан ч юмгүй бахь байдгаараа. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж энэ биз дээ. Улаанбаатарын маань өнгө, төрх одоогоор ийм л байна.
Хотын нүдэнд үзэгдэж, гарт баригдах нь иймэрхүү. Түүнээс дутахгүй муухай юм байгаа нь оршин суугчдын төлөвшил, ухамсар, соёлын асуудал. Бүр тулгамдаж байна. Хүүхэд, хөгшидгүй цаг баримтлахаа байж. Энэ нь магадгүй нийслэлийн үйлчилгээний газрууд 10.00 цагаас нааш онгойдоггүйтэй нэг талаар уялдаатай ч байж болох. Ажлаа өглөө эртлэн эхэлсэн хүн өдөртөө цагийн баримжаа сайтай байна аа даа.
Муухай, хөдөөжсөн гэхээр Улаанбаатартай холбоотой шүүмжлэх сэдэв тасрахгүй нь. Шүүмжлэхийн тулд бус, санаа авч, өөд нь татаасай гэсэндээ бид бичдэг билээ.