Өдийд улсын нийслэл Улаанбаатарт минь түм түжигнэж, бум бужигнаж байдаг сан. Ирээдүйн мэргэжлээ сонгож, их, дээд сургуульд элссэн оюутнууд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирж, их хотын амьдралд шинэ өнгө нэмдэг сэн. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бүрдүүлэх, хувцас хэрэгслийг нь бэлдэх, амьдрах газар, идэх хоолыг нь зэхэх гээд эцэг, эхчүүдэд ч ажил мундахгүй. Ерөөс сурагчийн ширээнээс оюутныхад шилжсэн хүүхдүүдийн хувьд зуны гурван сар шинэ амьдралд хөл тавих бэлтгэл үе байдаг. Сургуулиуд ч энэ цагаас элсэгчдээ бүртгэж, хуваарилдаг юм. Гэтэл өнөө жил бүх зүйл зуун задгай байна.
2021 оны ЭЕШ өнөөдөр түүх, англи хэлний хичээлээр эхэлж, 22-нд физик, орос хэл, монгол хэлнийхээр өндөрлөнө. Харин их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нд цахимаар нээж, 13-наас танхимаар үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, төгсөгчид хичээлийн шинэ жил эхлэхээс 8-11 хоногийн өмнө элсэх сургууль, эзэмших мэргэжлээ сонгох нь. Хичээлдээ санд мэнд орох бололтой. Бүтэн сарын турш оюутнуудаа бүртгэж, хуваарилдаг сургуулиуд 10 хүрэхгүй хоногт шинэ элсэгчдээ хүлээн авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь. Шинэ орчин, хамт олонд дасталаа хэсэгтээ зүдэрдэг, ангиас анги дамжин лекц, семинарт суухдаа хүртэл будилдаг оюутнууд цахимаар хичээлээ үзэж эхлэх нь. Хөдөөний байтугай II, III дамжааны туршлагатай оюутнуудын хувьд хичээлээ цахимаар сонгон, идэвхжүүлж, үзэх амаргүй байдаг шүү дээ. Гэтэл БШУЯ-ныхан үүнийг тооцоолсонгүй, асуудал гэж үзсэнгүй. “Бид төлөвлөсөн, ярьсан хугацаандаа хичээлээ эхлүүлэх гэж байна” гэдэг “мессеж”-ийг олон нийтэд өгсөөр ирэв.
Энэ бүгдээс үзэхэд, ирэх сар шинэ оюутнуудын хувьд жинхэнэ сорилт, бужигнаан болох нь гарцаагүй. Магадгүй бид амралт, зугаалга, сонгуулиа хойш тавиад, ЭЕШ-аа хугацаанд нь зохион байгуулсан бол ингэж тэвдэхгүй байлаа. Их, дээд сургуулийн элсэлтийг дэндүү тулгуу эхлүүлж байгаа энэ нөхцөлд оюутнуудын хичээлийг тодорхой хугацааны дараа, үе шаттай нээх нь хамгийн оновчтой шийдвэр байж ч мэднэ. Зунжин зугаалчихаад, намаржин үймэлдэх гэгч болох янзтай.
Үүнээс илүү санаа зовоож буй асуудал нь ЭЕШ-ын үр дүн, төгсөгчдийн ирээдүй. Цар тахлаас үүдэлтэй хөл хорионд “дөнгөлүүлж”, сурч, хөгжих эрхээ хоёр жил гаруйн хугацаанд хязгаарлуулсан сурагчид цахим хичээлээс олж авсан мэдлэг (ахлах ангийн)-ээ үнэлүүлнэ. ЭЕШ бол жирийн үед, улирал тутам авдаг сорилуудаас тэс өөр. Бусад шалгалт нь тухайн цаг үед хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөр, стандартад заасан мэдлэг чадварыг үнэлэхэд чиглэдэг бол ЭЕШ-ын агуулга ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг бүхэлд нь хамардаг. Тодруулбал, тухайн сурагч 12 жилийн хугацаанд зохих мэдлэг эзэмшсэн үү, их, дээд сургуульд элсэхэд бэлэн болсон уу гэдгийг үүгээр хэмждэг. Материалын агуулга, түвшин улсын шалгалтынхаас чанга байдаг нь ийм учиртай. Тиймээс сурагчдын хувьд хамгийн хариуцлагатай, завгүй үе нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөх сүүлийн жилүүд байдаг. Гэтэл 2020, 2021 оны төгсөгчид энэ боломж, цаг хугацаагаа бүрэн ашиглаж чадаагүйн зэрэгцээ ихээхэн хоцрогдолтой буй. Өнгөрсөн оны төгсөгчдийн хувьд сүүлийн нэг жилийн хичээл нь завсардсан бол 2021 оныхон үүнээс хоёр дахин урт хугацааг цар тахлын “сүүдэрт” өнгөрүүлсэн. Тиймээс БШУЯ, Боловсролын үнэлгээний төвийнхөн энэ жилийн төгсөгчдийн сурлагын чанар, шалгалтын бэлтгэлд онцгой анхаарна хэмээн эртнээс ярьж байв.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “ЭЕШ-ыг зөвхөн танхимаар судалсан хичээлийн хүрээнд л авна. Жишиг даалгаврыг одооноос цахим сүлжээнд нээлттэй байршуулж, төгсөгчдөд чиг баримжаа олгоно” хэмээн ам гарч, цахим сургалтынхаа үр дүнг үгүйсгэсэн нь саяхан. Гэтэл Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан “Шалгалтын агуулгыг IX-XI ангид үзсэн хичээлд тулгуурлан боловсруулна” гэж зөрүүдэлсэн юм. БШУЯ, Боловсролын үнэлгээний төв элсэлтийн шалгалт, төгсөгчдийн ирээдүйд хэрхэн санаа тавьж ирсэн нь энэхүү зөрүүтэй байр суурь, мэдээллээс тодорхой харагдаж буй юм.
Боловсролын байгууллагынхан энэ зуныг бүтээлчээр ашиглаж чадсангүй. Уг нь салбарын сайдын төлөвлөгөөгөөр, яамны мэргэжилтнүүдийн мэдээлснээр бол энэ хугацаа төгсөх ангийнхантай тулж ажиллах, хоцрогдлыг арилгах хамгийн боломжтой үе байв. Гэвч төлөвлөснөөр болсонгүй. Орон нутагт коронавирусийн давлагаа эрчимжсэнээс ахлах ангийн сурагчид давтлага, сургалтад хамрагдах боломж хязгаарлагдсан. Мөн удаан хугацаанд хөл хорионд байсан хүмүүс энэ зуныг жинхэнэ аялал зугаалгын улирал болгож, назгайрав. Нөгөөтээгүүр, аливаа ажлын цагийг нь тулгаж, яаруу сандруу хийдэг монголчуудын муухай зан ч ЭЕШ-ын бэлтгэлд нөлөөлсөн юм.
Жишээлбэл, ЭЕШ-ын үйл ажиллагааг гардан зохион байгуулж, хариуцдаг гол байгууллага болох Боловсролын үнэлгээний төвийнхөн сорил, жишиг даавгавар бүхий шалгалтыг өнгөрсөн хавраас авч эхэлнэ гэж төлөвлөсөн байлаа. Гэтэл тэд үүнийгээ шалгалт болохоос тав хоногийн өмнө “санав”. Урьдчилсан сорилын хамгийн эхнийхийг нь өнгөрсөн бямба гарагт авсан юм. Цахим хуудсаараа түгээсэн эл мэдээллийг хэдэн хүүхэд цаг тухайд нь авч, хэчнээн нь мэдлэгээ үнэлүүлсэн бол. Мөн сурагч, багш, эцэг, эхчүүдэд зориулсан “ЕЕС” аппликэйшнийг тус байгууллагынхан дөнгөж өчигдөр ашиглалтад орууллаа. Шалгалттай холбоотой бүх мэдээлэл, жишиг даалгавар, зөвлөгөөг эл аппликэйшнд байршуулсан юм гэнэ. Үүнийг нэг хоногт хэдэн хүүхэд гар утсандаа суулгаж, хэчнээн нь бүрэн мэдээлэл авах бол. Боловсролын үнэлгээний төвийнхөн яг ийм хурдаар, энэ байдлаар төгсөгчдийн ирээдүйд санаа тавьдаг бололтой. Уг нь энэ зэргийн ажлыг заавал цагийг нь тулгаж, давчуу хугацаанд “амь тэмцэлгүй” хийх боломж тэдэнд хангалттай байв.
ЭЕШ-д бэлэн үү, хэр бэлдсэн бэ, сорил, жишиг даалгавар ямар санагдсан бэ. Энэ асуултыг гурван өөр газарт буй төгсөгчөөс асуулаа. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Гантулга “Айж, түгшиж байна. Элсэлтийн шалгалтыг долдугаар сард авах байх гээд хавар нэлээд сайн бэлдсэн. Хойшлуулахад нь сэтгэл амраад, бэлдэхээ больсон. Хэд хоногийн өмнөөс үзсэн хичээлүүдээ сэргээж, бага зэрэг давтлаа. Сургуулийн зүгээс төгсөх ангийнхнаас хэд хэдэн удаа сорил авахад дийлэнх нь дунд, муу үнэлгээ авсан. Иймэрхүү даалгавар ирж магадгүй гэсэн төсөөлөл буй ч хугацаандаа амжих болов уу, ойлгоогүй хичээлээс орж ирвэл яана аа гэж санаа зовж байна” гэсэн бол Ховдын “Цаст-Алтай” сургуулийн сурагч Э.Энхнар “Би анагаахын чиглэлээр суралцах хүсэлтэй учраас хими, биологийн хичээлээ түлхүү давтсан. Баасан, бямбад шалгалт өгнө. Сэтгэл санаа тогтворгүй байна. Гэртээ, ангийнхаа найзуудтайгаа хамтраад боломжоороо бэлдсэн. Өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ынхтай ойролцоо даалгаврууд ирвэл алзахгүй. 2015-2020 оны шалгалтын материалуудыг бүгдийг нь судалсан. Өвчнөөс болоод сургуулийн үйл ажиллагаа завсардаж, бүх хүүхэд хичээлээ бүрэн үзэж чадаагүй учраас боломжийн даалгавар өгч магадгүй гэж горьдож байна. Гэхдээ өнгөрсөн жил хүнд даалгавар өгсөн байна лээ. Ялангуяа хими. Бодлого олонтой бол хугацаандаа амжихгүй” гэв. Харин Дархан-Уул аймаг дахь ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийг төгсөгч Б.Халиун “Би таван хичээлээр ЭЕШ өгнө. Гурав нь 100, хоёр нь 80 минутын хугацаатай. Хэцүү бодлого, даалгавраа түрүүнд хийх гэж хүүхдүүд их хугацаа алддаг гэсэн. Би тэгэхгүй. Цагаа зөв хуваарилж, түргэн ажилласан нь өндөр оноо авах боломжтой гэж багш нар минь зөвлөж байна. Бэлтгэлийн тухайд хангалттай биш. Өмнөх оны даалгаврыг ажилласан. 70 хувьтай гүйцэтгэсэн. Тэр өдрийн тэнгэр харж үзээсэй гэж залбирч байгаа” гэв.
Сурагчид бүгд түгшүүртэй байгаагаа хэллээ. Энэ жил шалгуулах 40 420 хүүхдийн олонх нь яг ийм сэтгэл зүй, айдастайгаар 12 жилд эзэмшсэн мэдлэг, чадвараа үнэлүүлэхээр тэвдэн буй гэдэгт эргэлзэхгүй байна. Уг нь ЭЕШ бол сурагчдын хувьд сурсан, мэдсэнээ дүгнүүлсний үндсэн дээр дэвшин суралцах, дээд боловсрол эзэмших боломж олгох шат байх учиртай. Тэр утгаараа баяртай үйл явдал. Гэтэл боловсролын салбарын чанаргүй сургалт, цар тахлын “сүүдрээс” улбаатай хоцрогдол төгсөгчдийг ийм л өөртөө итгэлгүй, аймхай болгож орхижээ.