Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”- ний хүрээнд ажлын байрыг дэмжихээр аж ахуйн нэгж, иргэдэд хоёр их наяд төгрөгийн санхүүжилтээр зээл олгож буй. Нэхэн сануулахад, уг зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээр олгож буй агаад нийт есөн хувийн хүү тооцохоор болсон. Хүүгийн гурван хувийг зээлдэгч төлж, зургааг нь Засгийн газар “даах” юм. Цар тахлын нөлөөгөөр олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчид санхүүгийн хүндрэлд орсон. Иймээс ажлын байрыг дэмжих зээлийг авах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэн олон байна.
Сангийн яамнаас ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн, эсвэл дараа долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна. Сангийн яамныхан энэ сарын 12-ны байдлаар ажлын байрыг дэмжих 1.78 их наяд төгрөгийн зээлийг 23 671 аж ахуйн нэгжид олгосныг танилцуулав. Тэгвэл 6.25 их наяд төгрөгийн зээл авах хүсэлтийг банкуудад ирүүлжээ. Нийт 60 гаруй мянган аж ахуйн нэгж, иргэн зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд баталсан хоёр их наяд төгрөгөөс гурав дахин их зээлийн хүсэлт ирүүлсэн нь энэ. Үүнээс ажлын байрыг дэмжих зээл хэр эрэлттэй байгаа нь харагдана. Санхүүжилтийг нь нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн ч дахиад мөнгө шаардлагатай байгаа биз.
Хөтөлбөрийн зээлийг авч, ажлын байрыг дэмжих зорилгоос нь өөр зүйлд ашиглах сонир холтой этгээд байхыг үгүйсгэхгүй. Учир нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл бол Монголын нөхцөлд маш хөнгөлөлттэй санхүүжилт юм. “Буруу зорилго”-тойгоор зээл хүсэгчдийг хассан ч олонх нь ажлын байраа хамгаалах хөнгөлөлттэй санхүүжилт авах шаардлагатай аж ахуйн нэгж, иргэн байгаа нь дамжиггүй. Тэгэхээр цар тахалтай нүүр тулсан хүнд үед эдийн засгаа сэргээхийн тулд ажлын байрыг дэмжих зээлийн санхүүжилтийг нэмэхээс өөр сонголтгүй биз ээ.
Хөнгөлөлттэй зээлийг “эзэн”-ийг нь олж өгөх хэрэгтэй гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлдэг. “Эзэн” гэж хэнийг хэлээд байна вэ гэвэл маш энгийн. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бизнес эрхэлж, цөөн ч гэсэн ажлын байр бий болгосон ч санхүүгийн хүндрэлд орчихоод буй аж ахуйн нэгж, иргэнийг хэлнэ. Гол нь ажлын байраа хамгаалж буй ч санхүүгийн хүндрэлд орсон этгээдэд зээл олгох хэрэгтэй гэсэн санаа юм. Ажлын байр бий болгодоггүй, олон нийтэд үр нөлөө багатай, хувийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд ажилладаг, санхүүгийн хүндрэлд ороогүй этгээдэд хөнгөлөлттэй зээл олгочихвол байгаа онохгүй. Тиймээс Засгийн газар хөнгөлөлттэй зээлийг хэн авч байна вэ гэдэгт анхаарч, мониторинг хийх шаардлагатай болов уу.
Зөвхөн манай улс санхүүжилтийн дэмжлэгээр эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэг жүүлж буй хэрэг биш. Дэлхийн бүх улсын эдийн засаг коронавирусийн халдварт цар тахлын нөлөөнд ямар нэгэн хэмжээгээр өртсөн. Тиймээс эдийн засгаа санхүүжилтээр дэмжиж байна. Дэлхийн банкнаас хийсэн судалгаанаас үзвэл 91 орон Төвбанкны зохистой харилцааны шалгуур үзүүлэлтээс заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах, муу зээлдэгчийг “хар жагсаалт”-д бүртгэхээс татгалзах шийдвэр гаргажээ. Энэ нь банкны эх үүсвэрийг чөлөөлж, зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх арга юм. ОХУ, БНХАУ, Япон, Индонез зэрэг 20 орон эдийн засгаа дэмжих санхүүжилтэд хүүгийн татаас олгохоор шийдвэрлэн, хэрэгжүүлж байгаа аж. Манай Засгийн газар ажлын байрыг дэмжих зээлийн хүүгийн зургаан хувийг төлж байгааг дээр дурдсан. Тиймээс Монгол тэдний нэг гэсэн үг.
Ажлын байраа хамгаалах санхүүжилт шаардлагатай болсон аж ахуйн нэгж, иргэн барьцаа хөрөнгөгүй байх тохиолдол бишгүй. Ийм нөхцөлд аж ахуйн нэгж, иргэнийг санхүүжилтээр дэмжих нэг арга нь зээлийг нь батлан даах байдаг. Хэрэв зээлдэгч авсан зээлээ төлөх чадваргүй болбол өмнөөс нь сан төлөх механизмтай зохицуулалт. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын үед зээлийн батлан даалтын сан чухал механизм болж хувирлаа. Учир нь хөрөнгө, санхүүгийн дутагдалтай ажлын байр олгогч хамгийн түрүүнд хямралд өртдөг. Иймээс дэлхийн 84 улс зээлийн батлан даалтынхаа хэмжээг нэмэгдүүлжээ.
Дэлхийн банкнаас хийсэн судалгаанаас харахад улс орнууд нийт хүсэж буй зээлийн 50-иас дээш хувьд батлан даалт гаргаж байгаа аж. Дийлэнх нь 80-аас дээш хувьд нь зээлийн баталгаа гаргаж байгаа нь анзаарагдсан. Зарим орон зээлийг 100 хувь батлан дааж буй тохиолдол ч байна. Тухайлбал, Австрали, Австри, Босни, Болгар, Чили, Чех, Финланд, Франц, Сингапур, Өмнөд Африк, Грек, Ирланд улс нийт зээлийн 80 дээш хувьд нь батлан даалт гаргаж байгаа гэнэ. Тэгвэл Япон, Өмнөд Солонгос, Хонконг, Герман, Бразил эдийн засгаа сэргээх, ажлын байрыг дэмжих зорилготой зээлд 100 хувийн баталгаа гаргахаар шийдвэрлэжээ.
Манай улс ажлын байрыг дэмжих зээлийн 60 хүртэлх хувьд зээлийн батлан даалт гаргахаар шийдвэрлэсэн. Мөн Зээлийн батлан даалтын санг өөрийн хөрөнгөөсөө 20 дахин өндөр дүнтэй батлан даалт гаргах эрхтэй болгосон юм. Үүнийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгож буй том боломж гэж дүгнэж байгаа. Одоогоор Зээлийн батлан даалтын сангаас 181 аж ахуйн нэгж зээлийн баталгаа гаргуулаад байгаа аж. Тэдний авсан зээлийн хэмжээ 49.3, батлан даалгуулсан нь 24.3 тэрбум төгрөг болжээ. Зээлийн батлан даалт гаргуулах аж ахуйн нэгжүүдэд Жижиг, дунд үйлдвэрийн газраас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн тодорхойлолт олгож буй. Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем ашиглан уг тодорхойлолтыг цахим хэлбэрээр олгодог болжээ. Энэ нь цаг хугацаа хэмнэхээс гадна авлига, хүнд суртлыг арилгаж буй хэлбэр. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд www.burtgel.sme.gov.mn цахим хуудсанд бүртгүүлэн, хүсэлтээ илгээснээр тодорхойлолтоо шууд авах боломж бүрдсэн гэнэ. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний олны анхаарлыг хамгийн их татаж буй хэсэг болох ажлын байрыг дэмжих зээлийн авцаа, өгцөөг тоймлоход ийм байна.