Соёлын салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцыг сайжруулах зорилгоор Соёлын яам, Барилга, хот байгуулалтын яамны хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулан 2021 оны 08 дугаар сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум дах “Ханхэнтий чуулга”-ын барилгын ажлын явц, тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх мэргэжлийн санал, дүгнэлт боловсруулахаар ажиллалаа.
Мөн Ажлын хэсэг Хэнтий аймагт баригдаж буй музейн барилгын ажилтай танилцав. Музейн барилгын ажил 90 хувьтай байгаа бөгөөд орчин үеийн технологийн шийдэл бүхий шинэхэн музей ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Түүнчлэн Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг нар орон нутгийн харьяа соёлын байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, орон нутгийн соёлын бодлого болон Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, аймгийн Соёлын хэлтэс байгуулах асуудлыг танилцуулж, орон нутгийн соёлын ажилтнуудыг мэргэшүүлэх талд анхаарч ажиллахаар санал солилцов.
Ажлын хэсэг Хэнтий аймгийн чуулга, номын сан, музей, театрын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлаар санал солилцон, зарим асуудлыг дэмжиж, шийдвэрлэх боломжийг судлан танилцуулах үүргийг холбогдох газрын дарга нарт өглөө.