Сингапур, Америкийн судлаачид хамтран онцгой бүтэцтэй даавуу бүтээжээ. Сум үл нэвтрэх хантааз, хиймэл үе, биеийн тамирын болон төрөл бүрийн зориулалттай хамгаалалтын хувцас үйлдвэрлэл зэрэгт өргөн ашиглах боломжтой эл материал нь харахад энгийн даавуу шиг хэрнээ шаардлагатай үед хатуурч, хамгаалалт болдог онцгой шинж чанартай юм байна. Өндөр нягтралтай, уян хатан, хөнгөн зэрэг давуу талтай эл материалыг 3D хувилагч төхөөрөмжөөр хэвлэсэн бөгөөд энэ нь вакум орчинд байх үедээ 25 дахин хатуурдаг гэнэ. Инженерүүд энэ даавууг “ирээдүйн” технологи хэмээн тодотгожээ.
Шинжлэх ухаан, шинэ инновацтай холбоотой өөр нэгэн мэдээ байна. Хятадын Яншан их сургуулийн эрдэмтэд алмаазнаас 1.5 дахин бат бэх шил бүтээсэн талаараа мэдээлжээ. “AM-III” хэмээн нэрлэсэн эл бүтээгдэхүүний бат бэх чанар нь ойролцоогоор 113 гигапаскаль (Gpa буюу ГПа) байгааг туршилтуудаар тогтоосон гэнэ. Байгалийн алмаазны хувьд энэ үзүүлэлт нь 70-150 ГПа-ийн хооронд хэлбэлздэг юм байна.