ОБЕГ-ын зарим удирдах албан тушаалтныг өөрчлөх, чөлөөлөх нь гэсэн яриа тус байгууллагынхны дунд тархжээ. Тухайлбал, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд Штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнг хамгийн түрүүнд албан тушаалаас нь өөрчлөх сурагтай. Учир нь, түүнтэй холбоотой таагүй мэдээлэл маш их гардаг, эрх мэдлээ ашиглан хорио цээрийн дэглэм зөрчсөн гэх үйлдэлд холбогдсон зэрэг нь түүнийг чөлөөлөх үндэслэл болсон, чадваргүй, ёс зүйгүй хүн онцгой байдлын байгууллагын нэр хүндийг унагаж байна гэсэн яриа алба хаагчдынх нь дунд гарчээ. Жишээлбэл, ОБЕГ-ын тэргүүн дэд даргын албан тушаалд сахилгын шийтгэлтэй байхдаа, хууль, журмын холбогдох заалтыг зөрчин дэвшин томилогдсон. Бүх нийтийг хамарсан хөл хориотой байхад Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны чиглэлд автомашинтайгаа зорчиж буй иргэд, тэдэнд газарчилж яваа хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүргийг УОК-ын Шуурхай штабын даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Чүлтэмсүрэн өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нийслэл, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссынхонд өгсөн. Тэдгээрийн дунд “Ковид-19”-ийн халдвартай хүн байж, Бугант тосгоныхонд тараасантай холбоотойгоор ОБЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллага шалгаж буйг цагдаагийн эх сурвалжууд баталсан.
Түүнчлэн найз, ОБЕГ-ын Хангалт, үйлчилгээний ангийн захирагч, хурандаа Л.Баярсайханы хамт хөл хорионы дэглэм үйлчилж байхад албаны машинаар гэр бүлийнхэнтэйгээ Өмнөговь аймгийн нутаг дахь Дэмчогийн хийд рүү зугаалсан үйлдэл ч гаргасан нэгэн. Мөн хурандаа Ж.Чүлтэмсүрэн нэг бус ажилтандаа гар хүрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тухай гомдол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй эрх бүхий албан тушаалтанд очсон нь ч нөлөөлж буй бололтой.
Дээрх хэд хэдэн шалтгаанаас гадна марш тактикийн тэмцээнд орон нутгаас залуу алба хаагчдаа нийслэл рүү татан авчирч нэг байранд байлгаснаас оролцох аврагчдын дунд халдвар тархсан, Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалын бэлтгэл хийлгэх нэрээр мөн л олон ажилтнаа хотод цуглуулан нэг дор байрлуулснаас цөөнгүй эмэгтэй офицер, ахлагч “Ковид-19”-өөр өвчилсөн. Түүгээр зогсохгүй халдвар авсан алба хаагчдаа “дуугүй байх” тушаал өгч орон нутаг руу нь явуулсан зэрэг мэдээлэлд тулгуурлан хариуцлага тооцохоор болж буй гэнэ. Юутай ч түүнд хариуцлага тооцох асуудлыг Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар ярьсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй. Гэхдээ ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд Штабын даргын албан тушаал хашиж буй хүнд бригадын генерал олголгүй, дэд дарга Б.Ууганбаярт уг цолыг хүртээсэн нь Ж.Чүлтэмсүрэнд хариуцлага тооцохын урьтал болсон байх гэсэн яриа онцгой байдлын байгууллагын ажилтнуудын дунд байна.
ОБЕГ-ын удирдах хэд хэдэн албан тушаалтныг чөлөөлж, оронд нь ажлаа хийж чаддаг, залуу хүмүүсийг томилох чиглэлийг Засгийн газрын нэлээд дээгүүр албан тушаалтан өгсөн гэх мэдээлэл ч бий.
Бэлтгэсэн Г.Орчлон