Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу самарт яваад, 20 гаруй хоног сураггүй болсон, Улаанбаатар хотын харьяат дөрвөн иргэнийг аврагчид нисдэг тэргээр эрж, олов. Мөн тус сумын Бугант багийн нутаг, Өнчин толгой гэдэг газар луу самар түүхээр яваад сураг чимээгүй сар орчим болсон, Төв аймгийн харьяат нэгэн иргэнийг онцгой байдлын газрынхан 10 гаруй хоног хайсны эцэст гэр бүлийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд Хөвсгөлөөс очсон самарчдын хоёр нь ойд төөрч, өлбөрч, цангаж үхэхийн даваан дээр байгаль хамгаалагчидтай таарчээ.
Самарчидтай холбоотой энэ мэт элдэв мэдээ тасрахаа байлаа. Уг нь Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд “Хуш модны самрыг зөвхөн заасан хугацаанд, холбогдох байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авсны дагуу түүнэ” хэмээн тусгасан. БОАЖ-ын сайдын хамгийн сүүлд гаргасан тушаалаар бол 2020 оны есдүгээр сарын 10-наас 2021 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд самар түүхийг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, самар түүх хугацаа дуусаад, хэдийн дөрвөн сар өнгөрчээ. Гэвч монголчууд аймаг, сум дамжин хэсэж, жилийн дөрвөн улиралд хуш моддыг мунаар цохиж, ойн нөөцөө цөлмө сөөр байна. Төөрсөн, ор сураггүй болсон, нэгнийгээ гэмтээж, хохироосон самарчид цагдаа, онцгой байдлын алба хаагчдад хүндрэл учруулаад зогсохгүй тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад болон байгаль хамгаалагчдад ч ажил удах боллоо.
ТЭД УЛАМ ОЛУУЛАА БОЛЖЭЭ
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумын нутагт төлөвлөгөөт бус шалгалт хийхдээ гурван отог бүхий 20 гаруй иргэнийг уулаас буулгаж, байгальд хаясан хогийг нь цэвэрлүүлжээ. Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан Хялганат тосгон дахь сум дундын ойн ангитай хамтран ойн дагалт баялгийн нөөцийг судлаад, Булганы Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр сум руу самарчдыг нэвтрүүлэхгүй, жимс түүх зөвшөөрөл олгохгүй байх саналаа холбогдох албаныханд өгчээ. Гэвч тийшээ зорих иргэдийн цуваа тасрахгүй байгаа гэнэ.
Манай улсын хүн амын тэн хагас нь аж төрдөг нийслэлтэй хамгийн ойр хушин ой бүхий газар бол Богдхан уул. Тэр утгаараа самарчдын хөлд хамгийн их дарагддаг, мөн нэн тэргүүнд нөөц (самар, жимс)-өө “сэгсрүүлдэг” билээ. Самарчид өнгөрсөн өвөл, хавар Богд уулыг орвонгоор нь эргүүлж, ширхэг боргоцой олдохгүй болтол нь төнхжээ. “Самрын нөөц барагд сан учир хүмүүс ирэхгүй” хэмээн хамгаалалтын захиргааныхан нь тайвшраад байтал түүхий боргоцой түүгчид саяхнаас энд тэндгүй үзэгдэх болов.
Байгаль хамгаалагчид ийнхүү хулгайн самарчидтай тэмцсээр буй ч хөлийг нь “тушиж” хүчрэхгүй нь. “Эргүүлд гарч, шалгаад ч нэмэр алга” хэмээн Богдхан уулын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч хэллээ. Хүүхдийнхээ сургалтын төлбөр, хувцас, хэрэгслийн мөнгийг олох гэсэн эцэг, эхчүүд хичээлийн шинэ жилтэй уралдан, хушин ойг зорьсоор байна. Мөн цар тахлаас улбаатай ажилгүйдэл, ядуурал ойтой “нөхөрлөгч” иргэдийг улам олшруулжээ.
УРГАДАГ Ч ДУУСДАГ БАЯЛАГ
Самар түүхээр отоглож байсан иргэдийг уулаас буулгалаа, тусгай хамгаалалттай газарт хяналт шалгалт хийлээ гэхээр олон хүн самарчдын талд дуугардаг. “Ядарсан иргэдээ дээрэлхлээ”, “Байгалийн баялгийг хүртэхэд юу нь буруу гэж”, “Унаж, үгүй болдог, ургадаг зүйлийг түүлгэхэд гэмгүй”, “Ажил, орлогогүй иргэд үүнээс өөрөөр яаж амьжиргаагаа залгуулах билээ” гэх зэргээр тэднийг хаацайлах нь бий. Үү ний үр дүнд ху шин ой жилээс жилд доройтож байна. Жил бүр мунадуулж, нүдүүлсээр гэмтэж, ургахаа больсон, халцарсан модод хаа сайгүй үзэгдэх болов. Богдхан уулын хушин ой хамгийн ойрын жишээ.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхан “Манай орны газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Харин байгалийн ой бүхий талбайн тав хүрэхгүй хувьд нь хуш ургадаг. 10 аймгийн 63 сум, нийслэлийн ногоон бүсэд энэ төрлийн мод тархсан. Ойн дагалт баялгийн ашиглалтаас улбаатайгаар хушин ойн 40 орчим хувь доройтсон” гэсэн мэдээлэл өгөв. Энэ бол хушин ойд анхаарал, халамж дутсаны, бас замбараагүй ашиглалт гаарсны баталгаа юм. Хуш хэдий ургадаг, төлждөг ч гэлээ нэгэнт гэмтэж, доройтсон бол үр жимсээ хэдэн жилээр ч “хав дардаг” эмзэг мод.
Ойгоос олох эдийн засгийн үр өгөөжийн хэмжээгээр хушны самар хоёрдугаарт буюу мод бэлтгэлийн дараа ордог. Өнгөрсөн жил 40 мянга гаруй хүн самар түүж, тэндээс олсон орлогоороо банкны зээлээ төлсөн гэсэн судалгааг БОАЖЯ-наас гаргажээ. Энэ бол орон нутгаас зөвшөөрөл авч, хууль ёсны дагуу самар түүсэн хүний тоо. Үүний цаана зөвшөөрөлгүй, бүртгэлгүй хэдэн мянган иргэн бий. Хушны “жимс” түүж, ахуй амьжиргаагаа залгуулдаг хүн олшрохын хэрээр байгальд учруулах дарамт ихэссэн, мөн сам рын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ төрлийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээг кг тутамд 1700 төгрөгөөр өсгөх төсөл хэлэлцүүлгийн шатандаа буйг эх сурвалж хэллээ.
БӨӨН ЭРСДЭЛ
Самар түүх хугацаа есдүгээр сард эхэлдэг боловч болц нь гүйцсэн, эсэхээс хамаараад өөрчлөх боломжтой. Орон нутгаас ирүүлсэн мэдээлэл, “Ойн судалгаа, хөгжлийн төв” ТӨҮГ-ын судалгаанд үндэслэн БОАЖ-ын сайд энэ хугацааг урагшлуулж, хойшлуулж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, бэлтгэж болох нөөцийн хэмжээг тогтоодог. Тэгвэл энэ удаа БОАЖ-ын сайд Н.Уртнасан тун хариуцлагатай байж, нарийн тооцоо, судалгаатай шийдвэр гаргах шаардлага тулгарлаа.
Энэ жил манай орны ихэнх нутагт хур тунадас ахиу орж, сэрүүссэн учир самар бага ургасан, болц нь оройтох төлөвтэйг тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан эхнээсээ мэдээлж байна. Гүйцэд болоогүй самар модноосоо амар салдаггүй учир түүхэд “ажиллагаа” ихтэй, тэр хэрээр хушин ойг гэмтээх эрсдэл их. Түүнчлэн хушин ойн зонхилох хувь нь оршдог, хойд хөрштэй хил залгаа бүсэд самарчид олноор байрлах нь дэндүү эрсдэлтэй, Сибирийн түймрийг “буухиалж” болзошгүйг цаг уурын байгууллагынхан анхааруулав. Манай улсын хилээс 850-хан км-ийн зайд түймэр “ирснийг” тэд сануулсаар буй. Эл түймэр манайд орж ирдэггүй юм гэхэд самарчид ойгоо галдчих эрсдэл бий. 2020 онд зөвхөн самарчдын буруугаас болж Монголд дөрвөн удаа түймэр гарч, 140 га ой шатжээ.
Өнгөрсөн сар цэнхэр гаргийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын гуравдугаарт бичигдсэнийг, мөн бөмбөрцөг даяар хуурайшилт, ган гачиг эрчимжсэнийг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлэв. Бөмбөрцгийн нэг талд усан галав болж, нөгөө талд нь улаан гал дүрэлзэж байгаа нь цаг уурын өөрчлөлт гаарсны дохио гэдгийг онцолж байна. Монгол оронд өнгөрсөн хавар, зун хур бороо элбэг орсны ачаар хуурайшилтын аюул багасаж, ган тайлагдсан ч ирэх есдүгээр сард нөхцөл байдал өөрөөр эргэж болзошгүй. Учир нь энэ сар бол намрын хуурайшилтын ид үе. Мөн самарчид “ажилдаа” гарч, ногоон бүсэд хөл хөдөлгөөн ихэсдэг. Хуурайшилт ихтэй газарт гарсан түймрийг хүний олон, техникийн хүчээр намжаахад ч бэрх гэдгийг хойд хөршийн жишээ хангалттай баталж байна. Муугаар зөгнөхөд, Монголд энэ зэргийн аюул нүүрлэлээ гэхэд гамшгийн үеийн бэлэн байдал, нөөц боломж хэр билээ гэдгийг бодолцох учиртай. Иймд самар түүх хугацааг долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар тогтоох нь хамгийн оновчтой санагдана.