Ирэх сарын 1-нд гуравдугаар ангид орох Ч.Анар бичихдээ сайн. Сурагч болсон цагаасаа буюу 2019 оны намраас цагаан толгойн үсгүүдээ сайн нүдэлж, цээжилсэн. Багшийн сургалт, эмээгийнхээ удирдлагад үеэр холбож, үг, цөөн хэдэн богино өгүүлбэр бичдэг болж байтал цар тахлын улмаас хөл хорионд оржээ. БШУЯ-наас сургалтыг цахим болон теле аргаар үргэлжлүүлсэн. Хэдийгээр хамт олноороо “Үсэглэлийн баяр” хийж, юу сурснаа дүгнээгүй ч өвлийг дуустал, хавар дамнуулан, зуны эхэн хүртэл дэлгэцийн өмнө сууж багшаар заалган, эмээгээрээ туслуулсаар бичдэг болсон. Аав, ээж нь охиноо урамшуулж гар утас авч өгөхдөө “Үүнийг үр дүнтэй ашиглана. Хүмүүс рүү монголоор мессеж бичиж байна шүү” гэж даалгажээ. Охин ч эцэг, эхийнхээ хэлснийг хэрэгжүүлснээр лав утсаар алдаагүй бичдэг болжээ. Харин уншихдаа тааруу. Багахан хэмжээтэй эхийг үелэн байж уншдаг ч юуны тухай өгүүлснийг ойлгодоггүй гэнэ. Ээж, эмээ хоёр нь энэ дутагдал, өөрөөр хэлбэл, хоцрогдыг арилгахыг хичээвч арга зүй дутаад хэрэгжүүлж чадаагүй байна.
Хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд энэ жил БШУЯ-наас сурагч бие даан суралцах ажлын дэвтэр ашиглаж эхэлнэ хэмээн мэдээлж байв. Нийслэлийн хэд хэдэн сургуулийн гуравдугаар ангийн багш нартай холбогдож уг дэвтрийг ашиглаж эхлэх, эсэхийг тодруулахад “Энэ сарын 24-28-нд багш нарын нэгдсэн сургалттай. Түүгээр удирдамж, зөвлөмж өгөх байх. Одоогоор мэдээлэлгүй байна” гэсэн юм. Эндээс харахад энэ хичээлийн жилийн эхний улиралд лав энэхүү дэвтрийг ашиглахгүй бололтой. Ерөнхий боловсролын бүхий л сургууль эхний улиралд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулсан түр төлөвлөгөөгөөр хичээллэх юм. Энэ хугацаанд уг дэвтрийг ашиглуулахгүй хэмээн яам тооцоолсон бололтой. Ингээд үзэхээр сурлагын хоцрогдлыг арилгах гурван жилийн төлөвлөгөөг бүтэн улирал хойш татаж эхлүүлэх бололтой.
Үүний зэрэгцээ боловсролын төрийн захиргааны төв байгууллага сургалтыг танхимаар болон цахимаар хослуулан явуулна гэж мэдэгдсэнийг нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжилж байгаа. Нэгмөсөн танхимаар хичээллүүлж, хоцрогдлыг арилгах ажлаа түргэвчилнэ үү гэхээс эхний улирлыг нь түр төлөвлөгөө гээчээр “баллах”-ын зэрэгцээ сургалтыг танхимаар болон цахимаар ээлжлэн явуулахад сурагчид багш нараа, хамт олноо “эргэн санах” ач холбогдолтой юу гэхээс сургалт төдийлөн жигдрэхгүй хэмээн үзэж буй хүн олон. Өдгөө улс даяар бараг л бүх юм задгай, морь уралдлаа, бөх барилдах гэж байна. Эрхбиш бүгдээрээ амны хаалтаа авчихаагүй болохоос хүний бөөгнөрөл газар сайгүй байхад хамгийн чухал ажлаа ор нэрийн төдий эхлүүлэх гэдэг нь ямар учиртай вэ.
Хичээлээс хоцорсон сурагч улсын хэмжээнд 174 мянга байгаа аж. Энэ нь цар тахлын үед зохион байгуулсан цахим болон теле хичээлийн аль алинд алдаг, оног хамрагдсан, эсвэл техник, технологи, орон зайн боломжоос хамаарч хичээлийг бүхэлд нь, эсвэл бүлэг, сэдвээр нь алдсан сурагчид гэсэн үг юм. Энэ хичээлийн жилээс эдгээр сурагчтай тусгайлан тулж ажиллах хэрэг гарч буй бөгөөд үүнийг БШУЯ, түүний харьяа мэргэжлийн байгууллагууд хамтран гаргасан сурлагын хоцрогдол арилгах төлөвлөгөөнд онцлон тусгасан гэж буй. 1-12 дугаар ангийн аль ч бүлэгт ийм хүүхэд бий. Тэдэнтэй сургалтад хамруулан бэлтгэсэн туслах багшийн бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Харин 35 үсгээ бүгдийг нүдэлж, уншиж, бичиж чаддаг болсон, эсэх нь эргэлзээтэй гуравдугаар ангийнхны асуудал үүнээс дутахгүй тулгамдах нь ээ.
БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв хамтран “2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил” хэлэлцүүлгийг энэ сарын 4-8-нд цахимаар зохион байгуулсан. Үүнд ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтнууд болон багш нарын төлөөллийг хамруулсан юм. Тэд зургаан сэдэв хэлэлцэж, санал хүсэлтээ харилцан ярилцаж, дутуу, дундуур байсныг гүйцээн, хөтөлбөрүүдийг сайжуулсаар салбарын сайдаар батлуулсан. Хэлэлцсэн сэдвүүдийн нэг нь сурагч бие даан суралцах ажлын дэвтэр боловсруулах арга зүй байв. Уг дэвтрийг есдүгээр сарын 1-нээс өмнө сургуулиудын хэрэгцээгээр хэвлэж түгээнэ гэж олон хүн ойлгосон. Гэтэл одоогоор боловсруулах арга зүйн тухай ярьж байгаа, энэ сарын сүүлчээр багш нарт мэдээлнэ гэхээр гуравдугаар ангийнхны хоцрогдлыг лав мөд арилгахгүй нь гэсэн дүгнэлт хийхээр байна.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Өнөөдрийн байдлаар Монголын боловсролын салбарт гурван төрлийн хоцрогдол үүсээд байна. Нэг дэх нь цар тахал гарахаас өмнөх боловсролын хоцрогдол. Үүний улмаас манай улсын гурван хүүхэд тутмын нэг нь л сайн сурч байсан. Дараагийнх нь цар тахлын улмаас цахилгаан, интернэтгүйгээс шалтгаалсан болон танхимаар хичээллэж чадаагүйгээс болж үүссэн хоцрогдол юм. Эдгээрийг гурван жилд нөхөх шаардлагатай. Дэлхийн улс орнууд сургуулиудаа нээж, сурлагын хоцрогдол нөхөх концепц шинээр гаргаж байна. Үүнтэй адил бид ч хоцрогдлыг яаж нөхөх вэ гэдэгт анхаарч үндэсний хэмжээнд хөрөнгө хүч, цаг хугацаа шаардсан ажил хийж байна. Хүүхдүүдийн боловсролын хоцрогдлыг нөхөхгүй бол ирээдүйд хоёр жилийг алдсан бүхэл бүтэн “харанхуй үе” гарч ирэх бодитой эрсдэл нүүрлээд байгаа. Дэлхийн банкны судалгаагаар зөвхөн “Ковид-19”-тэй холбоотой хичээлийн хоцрогдлын улмаас Монголын эдийн засагт ирээдүйд хоёр их наяд төгрөгийн бодитой хохирол үүсэхээр байна. Хүүхэд авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг заавал танхимд сууж авдаг нь харагдсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд байдал эсрэгээрээ болсныг бүгд мэдэж байгаа. Бидний гаргасан тооцоогоор цахилгаан, интернэт, гар утасгүй 174 мянган хүүхэд хичээлээс хоцроод байна. Үүнээс 40 мянга нь Улаанбаатар хотод байгаа” хэмээсэн.
Байдлыг нийтээр ойлгож байгаа. Салбарын яам, харьяа мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд нь ч чамгүй ажиллаж, хэд хэдэн хөтөлбөр боловсруулав. Гагцхүү түүнийгээ цаг алдалгүй хэрэгжүүлэх тал дээр анхаарах шаардлага тулгарчээ.
Боловсролын байгууллагууд ийнхүү ажиллаж буйн зэрэгцээ сурлагын хоцрогдол арилгах орон зайд хүч түрэн орж ирж байгаа хувийн хэвшлийнхэн байна. Ерөнхий боловсролын хувийн болон улсын сургуулийн сурагчдад зориулсан ганцаарчилсан хөтөлбөртөө элсэлтээ авч эхэллээ, 1-12 дугаар ангийн тухайд монгол хэл, математик, монгол бичиг, англи хэл гэсэн хичээлээр гүнзгийрүүлэн суралцах, түвшин ахиулах, хоцрогдол арилгах чиглэлд элсүүлнэ гэж зарлаж байна. Мэргэжлийн сургалтын программ нь хүүхэд сурахад маш хялбар, айлын гэрт, эцэг, эхийнх нь хяналт дор, үр дүн амлаж сургана хэмээн гялалзуулж буй. Энэ сургалт бол үнэ төлбөртэй. Муу нь юу байх вэ. Төрийн бодлогын алдагдсан орон зайд сүйхээтэй тоглож байна. Хүүхдийнхээ ирээдүйд, боловсролд санаа тавьдаг эцэг, эхчүүд төлбөр нь хэд ч байсан, сургах байх. Эцсийн дүнд сурагч мэдлэг олж авах нь л чухал.
Төрөөс, яамнаас бодож, сэтгэж, олж харснаа хурдтай, гүйлгээ ухаантайгаар хэрэгжүүлж байвал нийтийн боловсролыг цаг алдалгүй жигд дээшлүүлэх боломж байх шиг. Шат дамжлага, дарга, “даамал” олон болохоор тэр юм уу, онцгой цаг үед эрчтэй, хурдтай байж гэмээнэ өмнөх ажлаа барах бус уу. Ийм цаг үед амралтын өдрийг ч болов ашигламаар. Гэтэл БШУЯ-ны харьяа хичээлийн, сурлагын хоцрогдол арилгахтай холбоотой ажиллаж буй мэргэжлийн байгууллагууд бямба, ням гарагт бүгд амарч байна шүү дээ.