Эвдрэлтэй, осол аваарт орж импортоор орж ирсэн автомашины мэдээллийг гаалийн мэдээллийн санд оруулахдаа зургийг сольж, эвдрэл гэмтлийг нууж байгааг гомдлоор илрүүлжээ. Иймд Гаалийн Ерөнхий Газарт нотлох баримтын бүрдүүлэлт хийн хүлээлгэн өгсөн хэмээн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Тэрбээр, "Дотоодын хяналтаар шалгаж холбогдох байцаагч нарт арга хэмжээ авч, хариу мэдэгдэхээ удирдлагууд нь мэдэгдлээ. Системийн хэмжээнд ажиллаж байгаа бүх хүнийг мэдээж нэг бүрчлэн хянах боломжгүй. Төрийн албаны нэр хүндийг нэг хоёр хүний хувиа хичээсэн ийм үйлдэл харлуулсаар байна" гэв.