Судалгаагаар өглөөний цай тогтмол уудаг сурагч 16.8 хувийг эзэлж байгаа бол үлдсэн хувь нь өглөөний цай байдаггүй, хааяа уудаг, огт уудаггүй гэжээ. Жишээлбэл, нэг сургуулийн 1000 гаруй хүүхдийн 700-800 нь үдийн цайг тогтмол ууж чаддаггүй гэсэн үг. Үдийн цайны зардлыг 2006-2019 онд үе шаттайгаар нэмэгдүүлж 900 төгрөгт хүргэсэн. Харин энэ онд 1500 төгрөг болгон нэмэгдүүлж, бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах боломж бүрдэж буй гэнэ. Өмнө нь хэрэгжиж байсан Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд ногдох 900 төгрөгийн 400 нь цайны газрын түрээслэгчдэд, үлдсэн 500 төгрөг нь хүүхдийн цайнд зарцуулагддаг байв.
Харин одоо хуульд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэхийг хориглосон учир үдийн хоолонд зарцуулагдах 1500 төгрөг бүгд хүүхдэд зориулагдана гэж албаныхан мэдээллээ. Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана.
Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, танин мэдэхүй суралцах чадвар ирээдүйн бүтээмж хөдөлмөрийн чадварт гол нөлөө үзүүлдэг. Тухайлбал,
- Үдийн хоолны хөтөлбөрт 1 ам.доллар зарцуулахад эргээд 9 ам.доллартай тэнцэх хэмжээний өгөөж өгдөг.
- Өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлнэ.
- Хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд оролцох боломж олгоно.
- Сургуулийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм.