Олимпод зориулж босгосон нүсэр бүтээн байгуулалтуудыг хожим үр дүнтэй ашиглах нь зохион байгуулагч орны хувьд шийдэх ёстой чухал асуудал байдаг. Япончуудын тухайд Токиогийн олимпыг 42 цогцолборт зохион байгуулсан бөгөөд үүний 27 нь нийслэл хотын төв хэсгээр байрлаж байв. Эдгээрийн ихэнхийг нь спорт тоглоом болон амьд хөгжмийн тоглолт явагддаг цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтаар ашиглана. Харин наадмын үеэр 18 мянга гаруй зочдыг хүлээн авсан нүсэр цогцолбор болох тамирчдын тосгоныг энгийн иргэдийн орон сууцны хороолол болгон тохижуулна гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байв.
“Энд олон янзын хүмүүс хоорондоо харилцаж, ая тухтай амьдрах шинэ орчин бий болгоно” хэмээн Токиогийн олимпийн албан ёсны вэб сайтад бичжээ. Япончуудын нэгэн адил олимпийн барилга байгууламжаа үр дүнтэй ашигласан хот цөөнгүй. Тухайлбал, Лондон хот олимпын наадам явагдах гол газраараа зүүн дүүргийн хөгжил муутай Стретфорд дүүргийг сонгож, тэр хэсэгт 3000 барилга шинээр барих зэргээр танигдахгүй болтол нь өөрчилсөн. Наадмын дараа эдгээр барилгыг орон сууцны хороолол, зоогийн газар, дэлгүүр, сургуулийн зориулалттай болгон нэмж тохижуулсан юм. Хожим эндхийн хоёр унтлагын өрөөтэй байр сая ам.доллараас дээш үнэлгээтэй болсон байв. Түүнчлэн Риогийн олимпод зориулж босгосон тамирчдын тосгоныг өдгөө тансаг зэрэглэлийн орон сууцны зориулалтаар ашиглаж байна. Үүнээс гадна Мюнхений олимпийн барилга байгууламжуудыг оюутны том цогцолбор болгосон бол Атланта хот 1996 оны олимпийн тосгоныг мөн оюутнуудад зориулсан юм. Харин Сочи хот 2014 оны өвлийн олимп дууссаны дараа барилга байгууламжуудыг амралт, жуулчны цогцолборын зориулалтаар ашиглаж байна.