Хуульч А.Базар нийтийн эзэмшлийн газрыг дур зоргоороо ашигласан хэмээн үзэж, “Оргил” худалдааны төвийн урдах автомашины зогсоолыг чөлөөлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Явган хүний болон дугуйн зам байх ёстой нийтийн эзэмшлийн газрыг “Оргил” худалдааны төвийнхөн болон “Камдер” ХХК зөвшөөрөлгүй ашиглаж ирсэн байдаг. Улмаар тухайн хэсгээр хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болжээ. Тиймээс А.Базар нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар хотын даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Харин тус шүүхээс “Манай шүүхийн шийдэх маргаан биш” хэмээн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж байв.
Тэгвэл хуульч А.Базар нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд хандсан аж. Шүүхээс эл хэргийг шийдвэрлэхийн тулд хуульчаас бичгээр тодруулга авч, мөн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг хариуцагчаар татсан байна. Гэвч Засаг дарга Д.Сумъябазар арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй гэнэ. Мөн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн сөрөг нэхэмжлэл гарган, маргасан аж.
Шүүх хэргийг хэлэлцээд нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож өгөхийг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийджээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн дагуу шүүхээс “Камдер” компанийн ашиглаж буй нийтийн эзэмшлийн 584 м.кв газрыг чөлөөлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан байна.