Найман аймгийн 40 сумын 134 багийн нутгаар урсахдаа хүн, малын унд усны хэрэгцээг залгуулж, экологийн тэнцвэрт байдлыг хангах чухал үүргийг “нуруундаа үүрсэн”, Монголын хамгийн урт гол Орхон уул уурхайнхны хөлд олон жил “тэлчилсний” эцэст 2019 онд амьсгаа авахтай болсон. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тэр үед баталснаар хариуцлагагүй, экологид их хэмжээний хохирол учруулсан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдтэй хатуу хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрх зүйн нөхцөл бүрдсэн юм.
Үүний дагуу Засгийн газар Архангай аймгийн Цэнхэр сумд, Орхон голын ойролцоо үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Олон жил дуншсан, шийдэл хүлээсэн, зарим аймаг, сумын иргэдийн эрүүл мэндтэй шууд холбоотой асуудлыг шийдвэрлэлээ хэмээн олон нийт ам сайтай байв.
Уурхайнхны үйл ажиллагаа зогссон үеэс Цэнхэр сумын Орхон багийн нутагт нөхөн сэргээлт хийж эхэлсэн, тухайн хэсгийн хөрс, уснаас дээж авахад бохирдол илт багассан гэсэн мэдээллийг зарим байгууллага саяхныг хүртэл зохион байгуулалттай юм шиг түгээж ирсэн. Гэвч бодит байдал тийм ч сайн биш байгааг орон нутгийнхан хэлэв. Орхон гол урьдын адил улаанаар урсаж, зарим хэсгээрээ тасран, уурхайн хаягдал ус төвлөрүүлдэг далан шиг болсон нүд халтирам дүр зураг хэвээр байгаа. Гэтэл зарим компани Засгийн газрын шийдвэртэй тэрсэлж, орон нутагтай зөвшилцсөний үндсэн дээр дахин үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй гэх мэдээлэл байна.
…Одоо үүсээд буй нөхцөл байдлаас дүгнэхэд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байсан компаниудыг орон нутгийн удирдлага “дээшээ” мэдүүлсэн болж таарах нь. БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ зэрэг байгууллагынхан ганц хүний санал, шийдвэрт үндэслэн 10 гаруй компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байж таарлаа…
Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Алтан-Очир “Үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн компаниуд эл шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсан. Бүх шатны шүүх уурхайнхны талд шийдвэр гаргасан. Тэдгээрээс нэг нь УУХҮЯ, АМГТГ зэрэг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч, орон нутгийн удирдлагатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулахаар болоод буй. Гэхдээ тус компани ажиллаж эхлээгүй. Тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан 11 аж ахуйн нэгж 800 орчим га талбайг сүйдэлж, нөхөн сэргээлт хийлгүй орхисон. Үүний 50 хувь нь “Монгол газар”-т хамаатай. Үлдсэн нь бусад компанийнх. Олборлолт явуулсан газраа нөхөн сэргээх шаардлагыг компаниудад хүргүүлэхэд дөрөв нь л нааштай хариу өгсөн. Аж ахуйн нэгжүүд хулгайгаар үйл ажиллагаа явуулах вий гэж болгоомжилж, мөн гар аргаар алт олборлогчидтой тэмцэхийн тулд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг багтаасан байнгын хяналтын цэг ажиллуулж байна” гэсэн юм.
Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон “Бат дөлгөөн мөрөн”, “Монгол газар”, “Эм Жи Эйч”, “Нэшнл тришүр”, “Гурван хайрхны асар”, “Голден хаммер”, БМНС, “Алтай голд”, “Улз групп”, “Сэншивэе Монгол”, “Эрдэнэсийн хотхон” зэрэг компанийн үйл ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх санал бүхий албан бичгийг Архангай аймгийн Засаг дарга тухайн үед (2019 оны наймдугаар сарын 20) БОАЖЯ-нд хүргүүлсэн байдаг. Эл албан бичигт “Монгол газар” компанийн эзэмшдэг МV-002426, MV-002427, “Бат мөрөн дөлгөөн”-ий МV-005529 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулдаг …….. компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул лицензийг нь цуцлуулах нь зүйтэй гэж үзэв” хэмээн дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг дурдсан. БОАЖЯ энэхүү албан бичигт үндэслэн, тусгай зөвшөөрөл цуцлуулах дүгнэлт үйлдэж, УУХҮЯ, АМГТГ-т хүргүүлснээр энэ нь ажил хэрэг болсон юм. Тодруулбал, эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход орон нутгийн байгууллага чухал үүрэг гүйцэтгэж, эрх бүхий байгууллагууд үүнд үндэслэн шийдвэрээ гаргасан. Гэтэл яагаад энэ бүхэн үгүйсгэгдэв.
Засгийн газрын шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзсэн аж ахуйн нэгжүүд нэгдэж, шүүхэд ханджээ. Харин шүүх тэдний гурвыг нь “харж үзэж”, өөрсдийнх нь талд шийдвэр гаргаж. Экологид хохирол учруулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хууль ёсны ажиллагаатай гэж үзсэн байна. Эх сурвалжийн хэлснээр АМГТГ, УУХҮЯ-наас холбогдох зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулахаар орон нутагт төвхнөөд буй ганц компани нь БМНС юм байна.
Эл мэдээллийг бататгахаар АМГТГ-ын Тусгай зөвшөөрөл цуцлах, дуусгавар болгох асуудал хариуцсан мэргэжилтэн А.Нямдоржтой холбогдов. Тэрбээр “Тус компанийн тусгай зөвшөөрлийг 2019 онд цуцлаад, Улсын дээд шүүхийн шийдвэрээр сэргээсэн байна. Өлзийт тээл алтны шороон орд ашиглах МV-00001410 тоот лиценз 2029 он хүртэл хүчинтэй” хэмээн мэдээлсэн юм.
БМНС Цэнхэр сумд дахин үйл ажиллагаа эхлүүлэх нь, мөн шүүхийн шийдвэрийг өөрсдийн талд гаргуулсан хоёр компани олборлолт явуулах нь цаг хугацааны асуудал болсныг энэ баримт баталж байна. Үлдсэн найман аж ахуйн нэгж ч шударга ёсоор түрээ барьж, бусадтайгаа барьцан, зарга мэдүүлэхийг үгүйсгэхгүй.
Одоо үүсээд буй нөхцөл байдлаас дүгнэхэд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байсан компаниудыг орон нутгийн удирдлага “дээшээ” мэдүүлсэн болж таарах нь. БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ зэрэг байгууллагынхан ганц хүний санал, шийдвэрт үндэслэн 10 гаруй компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байж таарлаа. Монгол Улсын Засгийн газар ямар ч тооцоо, судалгаагүй шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр, олон нийтэд таалагдахын тулд гаргажээ гэж дүгнэж болохоор байна. Тийм биш сэн бол эл шийдвэр хоёр жил хүрэхгүй хугацаанд няцаагдаж, “холбирох” учиргүй юм. Засгийн газар яагаад ийм хөнгөн хуумгай шийдвэр гаргав, уул уурхайнханд ямар учраас боломж олгов гэдгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Архангай аймгийн Засаг даргаас асуух гэж бүтэн өдрийг барав. Зарим нь мэдээлэл өгөхөөс татгалзав. Заримынх нь амралт, зугаалга дуусаагүй бололтой.
Засгийн газрын эргэж буцсан энэ шийдвэрээс хэд хэдэн зүйл маш тодорхой харагдаж байна. Уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, хууль, журмын хэрэгжилтийг хангах, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал хариуцсан шат шатны байгууллагууд хоорондоо авцалдаагүй шийдвэр гаргадгийг, эргэх холбоогүй ажилладгийг л харууллаа. Алт ны компаниудын эрх ашиг хэчнээн “том” болохыг батлав. Засгийн газрын гишүүд нийгэмд тулгамдсан аливаа асуудлаар дуугарч, иргэдээс үнэлгээ авах нь чухал болохоос биш, хожим хаашаа эргэх, ямар үр дүнд хүргэхийг ер ойшоодоггүйг үзүүллээ.
Цэнхэр сумд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан мөчөөс эхлээд Орхон голын хувь заяанд санаа зовниж байсан хүмүүсийн сэтгэл амарсан гэхэд болно. Олборлолт дахиж явуулахгүй л бол гол дахин сэргэж, олон жилийн “шаналлаасаа” үүрд хагацчих юм шиг бодсон. Гэвч Орхон одоо ч уйлж буй. Алтны компаниудын үлдээсэн ул мөр, сэндийлсэн шороо борооны усаар угаагдан, гол руу үе үе цутгаж, улаанаар урсгаж байна. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан “Орхон голоо тунгалагшихыг үзэхгүй нь бололтой” хэмээн шогширно лээ. Засгийн газар тус голыг уул уурхайнхны савраас бүрэн чөлөөлдөггүй юм гэхэд сэндийлж, сүйдэлсэн газрыг нь нөхөн сэргээлгэж, эмчлүүлэх шаардлага тулгарлаа. Төр, засгаас хэрэгжүүлж байгаа “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний хүрээнд эмчлэхээр төлөвлөсөн 8000 га газрын 10 хувь нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Орхон голын хөвөөнд буйг онцлон сануулъя.