Залуучуудын иргэний нийгмийн сүлжээний санаачилгаар ХНХЯ-наас залууст мэдээлэл өгч, санал, хүсэлт солилцох уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон зөвлөх Г.Мөнхгэрэл, Бодлогод залуусын хяналт ТББ, “Сонгуулийн амлалтын хяналт” залуучуудын иргэний нийгмийн сүлжээний хот, хөдөөгийн төлөөллүүд иржээ. Залуучуудын иргэний нийгмийн сүлжээнийхэн энэ үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилттэй холбоотой өөрсдийн боловсруулсан зөвлөмжийн талаар мэдээлэл солилцлоо. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, ээлтэй аюулгүй орчин зэрэг эмэгтэйчүүд, залуучуудад тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Улмаар дээрх сэдвийн хүрээнд залуус Дорноговь, Баян-Өлгий, Баянхонгор аймгууд болон Улаанбаатар хотын хэмжээнд судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаа эхлүүлж, үеийнхнийхээ дуу хоолой болж ажиллаж буйгаа салбарынхаа сайдад дуулгав.
Ташрамд дурдахад, өнөөдөр олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд хандуулах зорилго бүхий Залуучуудын хөгжлийн сарын аяны нээлт боллоо.