Газрын харилцаа геодиз, зураг зүйн газраас Хөшигийн хөндийд хийж буй газар чөлөөлөлтийн талаар танилцуулж, мэдээлэл өгөв. "Тус хөндийд нийтдээ 3,171 иргэн, ААН-ийн газар чөлөөлөлд өртөхөөр байгаагаас ойролцоогоор 25 хувь нь албаныхантай уулзаж, тайлбар саналаа өгсөн байна. Тайлбар хэлж, саналаа өгөөгүй тохиолдолд газрын зөвшөөрөл хүчингүй болно. Энэ нь бүх газрын зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж байгаа юм биш. Тайлбар саналаа ирүүлээд газар авахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэдгээ баталж чадвал газар шилжүүлэх эсвэл нөхөн олговор авах нөхцөл бүрдэнэ" гэдгийг тус газрын орлогч дарга М.Буяндэлгэр онцоллоо.
Газрын гэрчилгээ олгохтой холбоотой бас нэг зөрүүтэй ойлголт үүссэнийг тус газрынхан залрууллаа. Тодруулбал, Иргэнд газар эзэмшүүлж, өмчлүүлэх үйл ажиллагаа зөвхөн газрын албанаас хамааралтай биш байдаг. Газрын зөвшөөрөл авах хүсэлтийг 30 хоногт багтаан шийдвэрлэсэн ч УБЕГ-аас Е дугаар гэж авдаг. Тус дугаарыг 30-60 хоногт багтаан олгодог бөгөөд газрын албаныхан тус дугаарыг мөн хүлээдэг тул газрын гэрчилгээг нь шууд хэвлэж өгөх боломжгүй аж. Харин иргэд үүнийг газрын байцаагч, газрын албаныхан авлига нэхэж байна гэж ойлгодог гэнэ.
Мөн газар чөлөөлөлтийн нөхөн олговор тооцох, чөлөөлөх газрыг тодорхойлох гэх мэт ажлуудыг хийхээр сонсох ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Энэ ажил наймдугаар сарын 15-н хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд 435 иргэн, ААН-ийн газрын эзэмших эрхийг цуцлах тооцоо гарсан байна. Эдгээр иргэн, ААН-үүд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу тайлбар саналаа гаргах хэрэгтэй аж. Тэгэхгүй бол эзэмшиж буй газрын зөвшөөрлүүдийг нь хүчингүй болгох юм байна. Энэ асуудлыг эрх зүйн хувьд шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг Хууль зүй дотоод хэргийн сайдад өгчээ.