Зочид шөнө дунд болтол дүнгэр дангар ярилцлаа. Ах үе үе ханиаж, уртаар санаа алдах нь тод сонсогдоно. Тэд юунд ингэтлээ зовниж, нойроо хугаслаа юм бол. Нар шингэхтэй уралдан хоол унд, малынхаа ажлыг гялалзуулчихаад 20.00 цаг гэхэд дуг нойрондоо дугжирч байдаг биш бил үү. Битүү, агааргүй орчинд бүгчимдээд тэр юм болов уу. Гэхдээ өчигдөр, уржигдар, түүний өмнөх өдөр эрт унтчихсан байсан шүү дээ. Ийм зүйл бодон хөрвөөхдөө “Өглөө тэднийг шалгааж, учир явдлыг нь заавал мэдье” гэж шийдэв.
Ингээд тэдний хэмнэлийг дагаж, үүр хаяарав уу, үгүй юү бослоо. Өглөөний ундаа уусных нь дараа “байцаалт”-аа эхлүүлэв. Ах нүдэндээ нулимстай, эгч битүүхэн шаналсан царайтай өмнөөс дүрлийтэл ширтэж байлаа. Тэр мөчийг одоо бодоход ч зүрхний цохилт түргэсэх аж. Бэргэн маань улаан хоолойн хорт хавдартай гэдгээ мэджээ. 55 настай гэхэд хөнгөн шингэн, 20 гаруй жилийн өмнө бага охиноо төрүүлэхээр сумын эмнэлэгт хэвтсэнээс өөрөөр эмч дуудаж, эрүүл мэндийн газарт саатаж байгаагүй, өвчин ер хэлдэггүй хүн хорт хавдартай гэж оношлогдсонд гэрийнхэн нь цочирджээ.
Өвдсөн, зовуурилсан, эмнэлэг бараадах гэсэн төрөл садны хүмүүсийн элдэв онош, өвчний түүхэд дөжирсөн биднийг ч энэ мэдээ “шок”-нд орууллаа.
Сүүлийн жил гаруйн хугацаанд түүний хоолой нэг л хөндүүр байх болж. Харин өнгөрсөн хавраас эхлээд зовуурь нь илт нэмэгджээ. Хоол, шингэн зүйл залгихад ч тээртэй болж эхэлжээ. “Хоолойд нэг зүйл тээглэчихсэн юм шиг мэдрэгдэх болсон. Даарч хөрөх тоолонд хоолой өвддөг, их эмзэг болж гэж бодсон. Өөр онцгой шинж тэмдэг байгаагүй. Хачин юм аа” хэмээн эгч итгэж ядсан хэвээр. “Интермед” эмнэлгийн эмч нарын оношийг үгүйсгэж, ХСҮТ-д хүртэл үзүүлжээ. Гэвч тулаад ирсэн үнэнийг яалтай билээ.
Харамсалтай нь, дэндүү оройтжээ. Хавдрыг хожуу үе шатанд нь оношлов. “Үүнээс эрт оношлуулж, шинж тэмдэг илэрсэн даруй эмчид хандсан бол хүндрэхээс хамгаалж, эмчилж, хавдар бусад эрхтэн рүү үсэрхийлэхээс сэргийлэх бүрэн боломжтой байсан” гэж эмчийн хэлснийг нагац ах давтаад, “Мал гэж гүйсээр ийм байдалд хүрчихлээ. Эгч чинь хөдөө рүүгээ явъя гэнэ. Хэдэн малаа айлд “тавьчихаад” суурин газар бараадъя гэхээр зөрүүдлээд байна. Мэс засал хийх боломжгүй учраас эсийн ургалтыг хянаж, удаашруулах, тархалтыг хязгаарлах химийн эмчилгээ хийе гэсэн. Бас хоолны дэглэм барих шаардлагатай гэнэ. Хөдөө гам барих боломжгүй шүү дээ” хэмээн зовнингуй өгүүлэв. Тэд энэ талаар санал зөрөлдөж, шөнө дунд хүртэл ярилцсан нь тэр байж.
Улаан хоолойн хорт хавдар яагаад тусав. Юунаас үүдэлтэй вэ. Эмч шалтгааныг нь хэрхэн оношилсныг асуухад “Хөдөөний хүмүүс өвчлөх нь элбэг гэнэ. Халуун хоол, цай идэж ууснаас болдог гэх юм. Давсны хэрэглээ нөлөөлдөг гэнэ. Манайх давс, чихэр танагтай хэрэглэдэг. Харин их ажлын хажуугаар халуун цай, хоол байнга ууж, иддэг. Хоолоо халуун дээр нь ид, хөрчих вий гэж адгаад байдаг нь эцэстээ буруудах шиг боллоо” хэмээн гэрийн эзэгтэй санаа алдав.
Хорт хавдрын талаар айдас хүйдсээс өөр зүйл мэдэхгүй, нэгэнт өвчилсөн л бол үхэхээс өөр замгүй гэх ойлголттой байсан тэд 10 гаруй хоног эмнэлгээр явсны эцэст нүд, чих нь онгойсноо хэлсэн юм. Хавдар эмчлэгддэг, “хүрсэн” болгоныхоо амийг авдаггүй гэдгийг ойлгожээ. Харин нэгэнт хожуу үедээ мэдсэн бол эмчлэх, эрсдэлийг бууруулах арга зам хаагддаг, тиймээс биеэ сайтар “чагнаж”, шинж тэмдэг, зовуурь илэрсэн үед эмчид үзүүлэх нь үхлээс өрсөх боломж гэдгийг яс махандаа тултал ухаарчээ.
“Хуванцар сав битгий хэрэглэ. Сүү, цагаагаа ийм саванд бүү хий. Цэвэр агаарт амьдардаг, хамгийн эрүүл хооллодог малчид үүнээс болоод хавдар тусаж байна гээд Тулга (хүү нь) ноднин бүх сав суулга сольж өгсөн. Гэтэл өнөөхийг нь хэдийн бий болгочихсон байж” хэмээх түүний үг цээжний гүнд хадаатай үлджээ. Мөн “Хөдөөний хүмүүс улаан хоолойн хавдраар өвчлөх нь түгээмэл” гэж хэлсэн эмчийн үг анхаарал татав.
ХСҮТ, Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран өнгөрсөн онд гаргасан “Хавдрын өвчлөл, нас баралт” тайланд сүүлийн 10 жилийн баримт, статистикийг нэгтгэжээ. Эндээс үзэхэд, улаан хоолойн хавдар монголчуудын хоолойд тулсан аюулуудын нэг болжээ. Өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын араас “нэхэж явна”.
Баримт дурдъя. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговь, Өмнөговиос бусад аймагт эл хавдрын өвчлөл улсын дунджийг давж, 20-40 хувиар өсжээ. Ялангуяа баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий, төвөөс Архангайд өвчлөл эрс өссөн үзүүлэлттэй гарч. 2010 оноос хойш 2900 орчим хүн энэ өвчний улмаас эндсэн нь хорт хавдрын шалтгаант нас баралтын 7.5 хувийг эзэлж байна. Улаан хоолойн хавдартай 320 хүн 2019 онд нас барсан нь өнгөрсөн оныхоосоо 4.2, өмнөх 10 жилийн дунджаасаа 11.7 хувиар давсан үзүүлэлт аж.
Харин 2020 онд уг өвчин 350 гаруй хүний амийг авч оджээ.
Энэ төрлийн хорт хавдрын урьдал болох улаан хоолойн сөргөө өвчний тархалт сүүлийн таван жилд манай орны бүх аймагт өсжээ. 2015 онд өвчлөлийн түвшин бүх бүсэд улсын дунджаас 2.3-6.1 хувиар их байсан бол өдгөө 1.9-6.3 хувиар нэмэгджээ. Дэлгэрүүлбэл, Говь-Алтай, Завханд тав, Баянхонгорт дөрөв, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатарт гурав, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хэнтийд хоёр дахин нэмэгдсэн байна. Улаан хоолойн сөргөөгөөр өвчлөгсдийн олонх буюу 98 хувь нь 60-аас дээш насныхан аж. Хорт хавдраар өвчилж, нас барсан хүмүүсийн зонхилох хувийг ч 50-иас дээш насныхан эзэлжээ.
Энд анхаарал татсан нэг зүйл буй нь улаан хоолойн хорт хавдрын өвчлөл манай орны баруун бүсэд өндөр үзүүлэлттэй байна. Тухайлбал, ховд, увс, баян-өлгий, завханыхан ийм шалтгаанаар өвдөх нь түгээмэл аж. Нийтлэлд онцлон дурдсан хүмүүс ч баруун аймагт аж төрдөг учир эл судалгааны үр дүн, дүгнэлтэд итгэх үндэслэл болов. Харин өвчлөлийн шалтгаан юу болох талаар нэг өгүүлбэр ч тэнд алга. Үүнийг тусгайлан судалж, шалтгаан нөхцөлийг тодорхой болгосон, эсэхийг ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн газрын тандалт, судалгааны албаныхнаас тодруулахад “Байхгүй” гэв.
Харин эмч нар үүний шалтгааныг газар зүйн байршил, цаг агаарын онцлог, буруу хооллолт, давсны хэрэглээтэй холбож, янз бүрээр тайлбарладаг юм байна. Тэр дундаа хоол, цайг хэт халуунаар нь идэж, уух, давс ихтэй хүнс хэрэглэснээс хоолойны салст цочирч, түлэгдэн, гэмтсэнээр хавдар болтлоо ужгирдаг гэж оношилдог аж. Гэвч тухайн газруудад нарийвчилсан судалгаа хийж, шинжлэх ухаанаар нотолсон нь үгүй гэнэ. Холбогдох байгууллагууд үүнийг анхааралдаа авах шаардлага тулгарчээ.
Улаан хоолойн хорт хавдартай хүмүүсийн 80 орчим хувь нь хожуу шатанд оношоо мэддэг аж. Нийт өвчлөгсдийн 77.7 хувь нь онош тодорхой болсноос хойш нэг, 19.8 хувь нь 1-5 хүртэлх, 2.5 хувь нь таваас дээш жил амьдарсан гэсэн “бараан” статистикийг “Хавдрын өвчлөл, нас баралт” тайланд дурджээ. Энэ нь монголчуудын хайнга хэнэггүй зан хорт хавдрыг өөгшүүлж, хожим амийг нь авах “боломж” олгодгийн тод жишээ юм. Өвдөлт, зовуурь илрэхгүй л бол өөрийгөө цоо эрүүл гэж бодон эмнэлэг рүү зүглэдэггүй, хөдөөний эгэл боргил ахуйд хавдар, халдварт өвчин “тэсвэрлэхгүй” хэмээн хөөрцөглөж, эрддэгээсээ болж бид дахин нэг аюулыг өөгшүүлжээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл