Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар хэмээх ахадсан нэртэй, ажил хийдэггүй мэргэжилтнүүдтэй нэгж байна. Хотын замд хоногийн олон цагийг үр бүтээлгүй гэлдэрч өнгөрөөдөг хэн ч ингэж бичсэнтэй санал нийлэх байх. Ийнхүү дүгнэсний учир нь өнгөрсөн жил тус газраас дэвшүүлсэн, нийслэлийн замын түгжрэл бууруулах 32 саналаас хэрэгжүүлсэн нь үндсэндээ нэг ч байхгүйтэй холбоотой юм. Дэвшүүлсэн саналуудыг харахаар хийх боломжгүй ажил бараг алга. Тус газраас өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр олон нийтэд хандаж гаргасан мэдээлэлд үндэслэн ам асууж буй нь энэ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн зам, гудамж ундуй сундуй, энд тэндгүй ухсан нүх, зам засварын техник, хажууд нь ажил урагшлуулж буй, эсэх нь тодорхойгүй цөөн тооны хүн хөдлөхтэй, үгүйтэй харагдаж байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийнхан ээлжит засвараа хийж байгаа нь энэ. Засварын ажлыг хуваарьт хугацаанаас гурав, дөрөв хоногоор сунжруулж, оршин суугчдыг халуун усгүй байлгаж буйн зэрэгцээ замын хөдөлгөөнд ч садаа болж буй. Дулаан дамжуулах хоолой хил, гааль дээр саатсанаас болж, засварыг хугацаандаа амжуулах боломж хязгаарлагдаж байна хэмээн аж ахуйн нэгжүүд тайлбарласан. Хэдий тийм боловч энэ ажил удахгүй дуусаж, хэд хоногоос ухсан нүхийг бөглөөд, бүхнийг хэвийн болгох байх.
Харин нийслэлийн замын түгжрэл лав ойрын хугацаанд буурахгүй, хичээлийн шинэ жил эхлэхээр тэг зогсох хэмжээнд хүрэхээр байна. Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрынхан уг нь байгууллагуудын ажиллагсдын нэгдсэн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх, сургууль, цэцэрлэгийн хичээл болон албан газруудын ажил эхлэх, тарах цагийг зөрүүлэх зэрэг санал гаргаж байв. Мөн хотын захын дөрвөн цэгт тус бүрт нь 2000 автомашины зогсоол барьж, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх зэрэг ажил төлөвлөсөн билээ. Гэвч эдгээрээс өнөөдөр хэрэгжүүлсэн нь үгүй. Яагаад, юу саад болов гэдгийг тодруулахаар холбогдох мэргэжилтнүүдэд хандахад “Амралттай”, “Өвчтэй”, эсвэл “Дараа хариулъя” гэв.
Энд дурдсан саналуудаас орон нутгийн дугаартай автомашинуудыг нийслэлд нэвтрүүлэхгүй байх гэдэг нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, иргэд “Ийм бүтэхгүй юм бүү ярь. Машинаа хотын захад тавьчихаад, нийтийн унаанд суугаад хаана очиж, юу бүтээнэ гэж хот орох вэ” гэж байлаа. Харин сургууль, цэцэрлэг болон бусад албан байгууллагын ажил эхлүүлэх, тарах цагийг зөрүүлэх гэдэг нь байж болох санал. Гадаадын орнуудын олон хотод ийм зохицуулалт бий. Туршлагыг нь яагаад нэвтрүүлж болохгүй гэж. Тус газрынхны үзсэнээр 08.00 цагаас сургууль, цэцэрлэгүүд, 08.30 цагаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн болон бусад байгууллагынхны ажлыг, 09.00 цагаас их, дээд сургуулиудын сургалтыг эхлүүлбэл болохгүй зүйлгүй мэт.
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд, тэр дундаа хүнсний болон барааны захуудын ажлаа эхлэх цагийг зөрүүлье гэсэн санал нь зарим талаар дэмжигдсэн. Жишээ нь, “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнс болон барааны тасаг олон жилийн турш адилхан 10.00 цагт онгойдог байсныг болиулсан. Ингээд хүнснийхийг 09.00 цагт нээдэг болгосон нь өдгөө хэвшил болсон. Уг зохицуулалт худалдагч, хэрэглэгчдийн хэн хэнд нь таатай байгаа тухай өдгөө ярьцгааж байна. Энэ мэтчилэн бага гэлтгүй өөрчлөөд байвал хаана хаанаа цаг хугацааг 10, 15, 20 минутаар хэмнэж, хожиж, улмаар замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахад нэмэртэй сэн. Гэтэл өдгөө санал гаргасан байгууллагынхан юу хийж, хэлж байснаа мартсан байдалтай, бүгд таг болчихлоо.
Уг нь хотын удирдлага өмнө нь хүнсний үйлдвэрүүдийн бараа, бүтээгдэхүүнийг түгээдэг машинуудыг ажлын бус цагаар зорчуулах гэж үзээд дийлээгүй билээ. Үйлдвэр эрхлэгчид татгалзах юмгүй гэсэн. Харин дэлгүүр эзэмшигчдийн зүгээс уг саналыг дэмжилгүй тэгсгээд замхруулсан. Нийслэлийнхэн дүүргүүд, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг холбогдох газартай хамтарч ажил хэрэг болгох байсан бус уу. Мэргэжлийн хяналтынхан дэлгүүр, зоогийн газрууд зэрэг үйлчилгээ эрхлэгчдийг хянаж, шалгаж, дүрэм, журам мөрдүүлэхдээ сайн. Тэр арга барилаараа хүнсний үйлдвэрүүдээс бараа хүлээж авах цагийг нь мөрдүүлж, болохгүй бол торгох, үйлчилгээ явуулах эрхийг нь түдгэлзүүлэх зэргээр арга хэмжээ аваад ч болов замын түгжрэлийг бууруулах ажлыг дэмжиж болохоор.
Мөн нийслэлд нүхэн гарц, гүүрэн гарцын тоог нэмэгдүүлнэ хэмээн төлөвлөсөн байсан. Тэр ажил юу болов. Бас камерын ухаалаг системийн технологийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулсан жолоочийг хотын төв рүү нэвтрүүлэхгүй байх тухай ярьсан. Татвар төлөөгүй, эвдрэлтэй автомашин эзэмшигчийг ч зорчихыг хориглоно гэж байсан шүү дээ. Гэтэл торгож, хориглох нь бүү хэл, зөрчил гаргасан, ихээхэн хэмжээний торгуулийн өрөнд орсон этгээдийг бүгдийг нь өршөөчихсөн. Манай улсад байгууллагуудын үйл ажиллагаа, бодлогод авцалдаа, уялдаагүй зүйл олон байдгийн жишээг үүгээр нотолж болохоор.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд тавих, зогсох, буруу байрлуулах, эгнээ буруу эзлэх, гар утсаар ярих, мөн нийтийн тээврийн автобуснууд буудалдаа орж зогсохгүй байх зэрэг жолооч нараас шалтгаалсан зөрчил олон гардаг тул эдгээрийг ч зохицуулна гэж байлаа. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр энэ төрлийн зөрчил замын түгжрэлийн 20 хувийг эзэлдэг. Дор хаяж үүн дээрх зохицуулалтыг яагаад сулруулав. Хэн хариуцах ёстой вэ.
“Сүх далайтал үхэр амар” гэдэг үг бий. Манайхан тайван амгалан гэх үү, нэг талаар хувь заяатайгаа эвлэрсэн гэхээр хэнэггүй улс. Замын түгжрэлд орох нь гарцаагүй гээд зам зуур идэх хүнс базааж, хүүхдийнхээ суултуурыг хүртэл машиндаа аваад явдаг болсон. Үнэхээр ч заримдаа хүүхэд бүү хэл, өөрсдөө яаралтай “морь харах” болчихсон, замын голд ослын гэрлээ улайм цайм асаагаад явчихсан байх нь бий. Замд түгжрэх нь ёс юм шиг, өөрөөр амьдрах арга, гарц байхгүй юм шиг хэдий болтол ингэж тэсэх вэ. Хэлэх, шаардах газарт нь анхааруулж, арга хэмжээ авах цаг болсон бус уу.
Судалгаагаар нийслэлийн иргэдийн 80 гаруй хувь нь өдөрт амжуулах ажлынхаа гуравны нэгийг л бардаг нь харагдсан. Цаашид хэдий болтол ингэж алдсан цаг хугацаагаа тоолж байх вэ. Асуудлыг шийдэж байж дараагийн алхмыг хийдэг, улмаар урагшилдгийг нийслэлийн холбогдох алба, нэгжийн удирдлагууд, улмаар хотын дарга мэдмээр сэн.
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах талаар хэлэлцсэн. Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн. Өдгөө зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж буй гэнэ. Энэ зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр барих, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн ухаалаг систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах цогц ажлыг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Үүний хүрээнд түгжрэлийг бууруулахад шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих аж. Зураг төслийг энэ онд боловсруулж, ирэх оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор удахгүй хотын зам тэг зогсоно, тэгэхээр яах вэ. Дээр дурдсан ажлыг хэрэгжүүлж дуусах хүртэл нийслэлчүүд тэг зогссоор л байх уу.
Бэлтгэсэн Ж.Мишээл