Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав. Талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо. Элчин сайд Мохиндер Пратап Сингх газрын тосны үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалуудыг БНЭУ-аас татан авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд хил гааль, холбогдох байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг Шадар сайдад уламжиллаа.
Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч, газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгааг дурьдаад коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хилийн боомтуудад ачаа тээвэр, техник тоног төхөөрөмж саатаж, барилгын материалын үнэ нэмэгдсэн зэрэг нь үйлдвэр байгуулах ажилд хүндрэл учруулж байгаа хэдий ч барилгын ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэн төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө тууштай ажиллахаа илэрхийлэв. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцлоо.