Нийслэлийн зүүн хэсэгт байрладаг “Нарантуул” зэрэг олон том зах, худалдааны төвийн дунд буюу түмэн хөлийн газарт орших Хавдар судлалын үндэсний төвийг “Нарантуул-2” хэмээн егөөдөн, хошигнодог болоод багагүй хугацаа өнгөрчээ. Ингэж “баалуулах” шалтгаан нь нэг талаас тус эмнэлэг хар захаас дутахгүй хөл хөдөлгөөнтэй болсонтой холбоотой. Энэ бол хавдрын өвчлөл манайд ямар түвшинд хүрсний ганцхан илрэл. Жилд 100 мянга гаруй хүн ХСҮТ-ийн амбулаториор үйлчлүүлдэг бол дунджаар 10 мянган иргэн хэвтэн эмчлүүлдэг гэсэн баримт бий. Нөгөө талаасаа гэвэл улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог цацраг идэвхт үүсгүүр бүхий цор ганц эмнэлэг нь нийтийн тээврийн автобусны зогсоол, ТҮЦ, дэлгүүрүүдтэй хаяа нийлэхийн зэрэгцээ энд тэндээсээ элдэв барилга, гараашаар “бүслүүлсэн” дүр төрхтэй удсан нь эл “хочтой” бас холбоотой.
Өнгөц сонсоход “Нарантуул-2” гэсэн егөөдөл хоржоонтой мэт ч үнэндээ бол үндэсний хэмжээний эмгэнэл юм. Өвдөж шаналсан, үхэл, амьдралын заагт очсон, хавдар хэмээх өвчинтэй нүүр тулснаа мэдэж цочирдсон хүмүүс, ийм хүнд хэцүүг даван туулж байгаа нэгнийхээ төлөө зовнисон, түгшсэн ар гэрийнхнийх нь хувьд аврал болсон ганц эмнэлгийг хар захтай зүйрлэн ярих нь ёс зүйн байж боломгүй доройтол. Гэвч нөхцөл байдал иймдээ тулсан. ХСҮТ-ийнхөн үүнийг засаж, залруулахаар олон жилийн турш тэмцсээр ирсэн. Энэ ажилд тус байгууллагын үе үеийн захирал, удирдлага санаачилгатай, идэвхийлсний сацуу хотын дарга нар, уг асуудлыг хариуцах эрх бүхий, шат шатны байгууллагынхан оролцон хамтын хүчээр бага багаар нааштай шийдсээр ирсэн юм. Үүний үр дүнд орц, гарцаа нэмэгдүүлээд буй. Автобусны буудал руу харсан ганц гарц, орцтой, түүгээр өвчтөн, үйлчлүүлэгчид нь ч, хавдрын улмаас хорвоог орхисон бурхан болоочдоо ч үддэг байсан нь саяхан. Өдгөө энэ асуудал гүйцэт бус ч гэсэн шийдэгдээд, нийт орц, гарц гуравтай болоод буй. Дахин нэгээр нэмэгдүүлэх боломжтой ч мөн л “газрын” маргааныг шийдэх учиртай.
Тэгвэл өчигдөр ХСҮТ-ийн хойд хэсэгт байрлах иргэдийн эзэмшдэг гараашуудыг албан ёсоор буулгаж эхэллээ. Нийт 3804 ам метр талбай бүхий эл хэсэг угтаа бол тус эмнэлгийн эзэмшлийнх аж. ХСҮТ-ийн барилгыг 1982 онд ашиглалтад оруулсан бөгөөд тухайн үед тэр хавьд айл, амьтангүй шахам байсан. Өөрөөр хэлбэл, хотын нэлээд зах хэсгийг сонгон Хавдар судлалын үндэсний төв, ХӨСҮТ буюу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн барилга, байгууламж сүндэрлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнээс хойш ажин түжин оршин байсан эдгээр байгууллагын ойр орчимд 1990-ээд оноос “саахалтынхан” айлссаар, эцэстээ хөл тавих зайгүй болж, өнөөдөртэй золгосон. Зах зээлийн гэх нийгэмд хөлөө олох гэж хувь хүмүүс битгий хэл улс орон ч “будилж” явах хооронд ХСҮТ бүслэгдэж, өнөөгийн ужиг олон асуудлын суурь тавигдав.
Үүнтэй зэрэгцээд хавдар хэмээх өвчин хавтгайрах хэмжээнд хүрч, барилга байгууламжаа өргөтгөх гарцаагүй шаардлагатай энэ байгууллагынхан тулгарсан. Үүний хүрээнд өргөтгөл барьсан. Гэвч гүйцэтгэгч байгууллагын сэтгэлгүй, чанаргүй ажлаас болж улсын өчнөөн мөнгө үргүй зарагдаж, ХСҮТ үүнийг засаж залруулахаар мөн л шүүх, хуулийн байгууллагад гомдол гаргаж заргалдсан. Энэ мэтээр тоочвол түмэн зовлон бий. Байр, талбай энэ эмнэлэгт ямар хэрэгтэй байгааг ганцхан жишээгээр дурдъя. Иргэдийн зорчих хонгилын хэсэгт хана босгож, хөхний үзлэгийн кабинет болгосон байна. Энэ талаар ХСҮТ-ийн Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “Монголд сүүлийн жилүүдэд хөхний хавдрын тохиолдол нэмэгдэж байна. 30-аад жилийн өмнө жилдээ 20, 30 гаруй л бүртгэгдэж байсан бол өдгөө хэдэн зуугаараа эл өвчнөөр шаналж байна. Цаашид ихсэх хандлагатай. Тиймээс үзлэг хийх өрөө, тасалгаа нэн шаардлагатай байсан учраас хонгилдоо шийдээд явж байна” хэмээн ярив.
Тус төвийн газар луу халдан орон сууц, эмнэлгийн барилга барьсан зэргээр өдгөө ч шийдэгдээгүй олон асуудал бий. Ийм довтолгоон өнөөдөр ч байгаа аж. Өмнө нь орон сууц барьсан байгууллагынхан дахиад хоёр ч байшин босгоно гээд зураг, төслөө үзүүлээд “даналзаж” байгаа гэсэн. Гэхдээ хууль, журамтай улс байна даа, ийм гэмт үйлдлийг зогсоох буй за.
ХСҮТ-ийн хойд хаяанд 1990-ээд оны сүүлчээр иргэдийн хийсэн нэгэн “бүтээн байгуулалт” нь нийтийн хэмээн нэрлэсэн, тоосгоор барьсан 59 гарааш. Өнөөг хүртэл тэдгээрээс хэдэнтээ зарагдсан гарааш цөөнгүй аж. Хэн нэгэн иргэн тухайн гараашаа зарахдаа мэдээж гэрчилгээгээр баталгаажуулж ирсэн байгаа. Тэр гэрчилгээ нь гараашид л хамаатай. Өөрөөр хэлбэл, тэдгээр гарааш 30 гаруй жил улсын харьяалалтай эмнэлгийн газар дээр хууль бус байсан гэсэн үг. Өдгөө харин эзэмшигч нь болох ХСҮТ газраа чөлөөлүүлэн, түүн дээрээ Монголын ард иргэдэд тустай Хавдрын эрт илрүүлгийн төв байгуулахаар төлөвлөсөн юм байна. Хавдрын өвчлөлийг бууруулахад эрт илрүүлэг хамгийн чухал. Үүний үр дүнд эл өвчний шалтгаант нас баралтыг бууруулна зэргээр ийм төв зайлшгүй шаардлагатайг нотлох олон баримт дурдаж болно. Өнөөдөр Монгол Улсад жилд дунджаар 4000 хүн хорт хавдрын улмаас нас барж, 6000 гаруй иргэн шинээр оношлогдож байна. Мөн ходоод, элэгний хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд тэргүүлж байгаа талаар бид байнга л ярьдаг. Тэгэхээр эрт илрүүлгийн төв ямар хэрэгтэй нь ойлгомжтой. ХСҮТ нэлээд олон жилийн өмнөөс төлөвлөсөн уг төвийн зураг, төсөл бараг дуусах шатандаа явж байгааг тус эмнэлгийнхэн мэдээлэв.
Өчигдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулах албаныхан ХСҮТ-ийн эзэмшил газар дээрх гараашуудыг албадан буулгахаар 12.00 цагаас ажлаа эхэллээ. Гараашаа нураалгахгүй гэж иргэд үймж, хэл ам хийсэнгүй. Учир нь өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын 250 дугаар захирамжийн дагуу иргэдэд газар чөлөөлөхийг урьдчилан мэдээлж, зургаан удаа шаардах хуудас хүргүүлсний зэрэгцээ гараашийн хаалга тус бүрт наасан юм байна.
Энэ ажлын талаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулах албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөрөөс тодруулав. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газрын зөрчил арилгах үйл ажиллагаа явуулж, ХСҮТ-ийн хойд хэсэг дэх 59 гараашийг албадан буулгаж байна. Ингэж газрыг нь чөлөөлснөөр Монголын нийт иргэнд зориулан, хавдрыг эрт илрүүлэх төв байгуулах юм билээ. Мэдээж, гараашийн эздэд бухимдалтай, хохиролтой байгаа. Гэхдээ 59 хүний эрх ашгаас илүүтэй ард иргэдийнх чухал. Түүнчлэн энэ хэсэг газар бол иргэдийн өмчлөлийнх бус, нийтийн эзэмшлийнх. Газрын тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор “Зөвхөн газар эзэмшигч, өмчлөгч иргэдэд нөхөн олговор өгнө” гэж заасан учраас эдгээр гараашийн эзэн иргэдэд нөхөн олговор өгөх боломжгүй. Энэ гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэхээс өмнө иргэдэд шаардах хуудсууд хүргүүлж ирсэн ч биелүүлээгүй тул албадан чөлөөлж байна” гэв. Энэ өдөр гараашуудын хаалгыг албадан онгойлгоод орхих бөгөөд иргэд өмчөө авах тодорхой хугацаа олгоно. Ингээд ч газар чөлөөлөхийг эсэргүүцвэл иргэний эд зүйл, автомашиныг албадан журамлах юм байна.
Гараашуудыг буулгах ажлыг эсэргүүцэж иргэд бужигнасангүй. Ер нь 59 гараашийн нэлээдийг нь агуулахын зориулалтаар ашигладаг байсан нь илт. Хэд гурван хүн ажиглаж, утсаар ярьж, ажил гүйцэтгэгчид өөрсдийнх нь гараашид тулж ирэхийг хүлээх аж. 4-5 гарааш хаалгагүй харагдав. Эзэмшигчид нь “төрийн төмөр нүүрнээс” өмнө ядаж хаалгаа бүтэн авч үлдэхээр шийдсэн бололтой. Шийдвэр гүйцэтгэгчдийн албадан онгойлгосон гараашуудын дийлэнх нь хоосон байснаас харахад иргэд бэлтгэлтэй байжээ. Нөгөөтээгүүр, хэдийгээр хаалгаа дангинатал түгжсэн байсан ч төр, засгийнхны шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, гараашаа сулласан юм болов уу гэж бодогдов. Мэдээж тэдэнд хэцүү байгаа. Гэлээ ч хувийнх нь эрх ашгаас илүү том асуудал хөндөгдөж байгааг иргэд ухамсарласан бол сайн хэрэг. Ямартай ч, эсэргүүцэж, чаргууцалдсангүй.
Зарим иргэн гараашаа буулгуулахыг зөвшөөрч, бусдадаа үлгэрлэж байсныг энд дурдах ёстой. Нийтийн эрх ашгийн дараа өөрийнхийг тавьсан тэдний нэг болох Н.Бат-Эрдэнэ “Би энэ гараашийг эзэмшээд 20 гаруй жил болсон. Тухайн үедээ багагүй мөнгөөр худалдан авсан. Гэхдээ газар эзэмшигчийн гэрчилгээгүй учраас яах ч аргагүй буулгах ёстойг ухамсарлаж байна. Мэдээж хувийн өмчөө буулгуулахад сэтгэл дундуур байгаа ч нөхцөл байдлыг ойлгож, ийм шийдвэрт хүрсэн. Зөвхөн энэ хэсэг газрыг чөлөөлөөгүй, нийслэлийн олон хэсэгт ийм үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгжүүлэх, нийтэд тустай бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн талаар зөндөө л сонсож, уншиж байгаа. Хамгийн гол нь нэг хэсэг хүний өмчийг буулгаад чөлөөлсөн газар дээр өөр хэн нэгэн хувийн зүйл хийх вий гэж иргэд санаа зовж байгаа. Энэ утгаараа ХСҮТ олон нийтэд тустай зүйл хийх гэж байхад нь саад болохгүй байх нь иргэний үүрэг гэж үзээд энэ ажлыг дэмжсэн” гэлээ.
Эцэст нь өгүүлэхэд, энэ мэтээр байр “савны” тухай санаа зовж, ийш тийш бичиг “шидэж” асуудал шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж, газраа хамгаалж гарч жагсах нь энэ эмнэлгийнхний хувьд том зовлон. Ёстой л шаварт унасан шарын эзэн гэдэг шиг нөхцөл байдалтай явж байна. Үүнд хаана хаанаа анхаарч, ХСҮТ-ийн асуудалд хүч нэмээсэй. Уг нь энэ Засгийн газар 2024 оны ажлын төлөвлөгөөндөө хавдрын эсрэг үйл ажиллагааны талаар анх удаа тусгасан нь онцгой сайшаалтай. Үүний хүрээнд Хавдраас урьдчилан сэргийлэх төв байгуулахаар төлөвлөсөн ийнхүү тулд газраа чөлөөлөх гарцаагүй шаардлага тулгараад буй.