Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хоног үлдлээ. Бүх шатны сургалтын байгууллагууд цар тахлын онцгой нөхцөл байдалд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэж байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл хэр хангаж буй болон БШУЯ-ны харьяа байгууллагууд ямар ажил амжуулж байгааг сурвалжиллаа.
Нийслэлд, орон нутагт ч ялгаагүй ерөнхий боловсролын сургуулийн багш нар энэ сарын 9-нөөс ажилдаа оржээ. Баянгол дүүрэг дэх лаборатори 20 дугаар сургуульд очиход багш нарын түрүүч ажилдаа орсноо бүртгүүлж, гарын үсэг зурж байхтай таарсан юм. Сургуулийн гадаа, дотор ч амны хаалттай хүмүүс хоорондоо мэндэлж байлаа. Тус сургуулийн ангиудын хаягийг монгол бичигт тайлагдаагүй хүмүүс мэдэхэд бэрх аж.
Бүгдийг нь үндэсний бичгээр дурайлгажээ. Хоёрдугаар давхарт гарахад залуухан багш бүсгүйчүүд цэцгүүдийг арчилж байв. Байгалийн ухааны хичээлийн заах аргын нэгдэл цэцэгсийг хариуцдаг гэнэ.
20 дугаар сургууль 3700 гаруй сурагчтай, 140-өөд багштай. Хоёр ээлжээр хичээллэдэг, нэг анги дунджаар 43 хүүхэдтэй. Ахлах ангийн сургалтын менежер Г.Нарангэрэл “Энэ сарын 2-ноос ажилдаа ороод, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хийж байна. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр энэ жилийн сургалтыг хэрхэн зохион байгуулах талаарх хэлэлцүүлгийг БШУЯ, Боловсролын хүрээлэн, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт хамтран зохион байгууллаа. БШУ-ы сайд өнгөрсөн хавар хоёр жилийн агуулгын хоцрогдлыг гурван жилд багтаан үндэсний хэмжээнд яаж арилгах талаарх төлөвлөгөө баталсан. Хэлэлцүүлгийн сэдэв уг төлөвлөгөөний дагуу сургалтаа хэрхэн явуулах тухай байв. Бид эхний улиралд түр мөрдөх журмын дагуу ажиллах юм билээ. Удирдамж эцсийн байдлаар батлагдаж, гар дээр хараахан ирээгүй байна. Энэ долоо хоногт хүлээж авах байх. Үүний дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна” гэлээ.
Улс даяар олон сургуулийн хичээлийн байрыг дархлаажуулалтын болон шинжилгээ авах цэг болгож ашигласан. Тиймээс хангалттай халдваргүйжүүлж чадсан болов уу хэмээн хэн, хүнгүй санаа чилээж буй нь лавтай. Энэ тухайд Г.Нарангэрэл “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хатуу хөл хорио тогтоосон үеэс манай сургуульд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл PCR шинжилгээний болон дархлаажуулалтын ажиллуулсан. Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тухай бүрт нь ариутгал байнга хийсэн. Сургуулийн зүгээс ч хичээлийн байрыг ЭМЯ-наас гаргасан журмын дагуу ариутгаж байлаа. Наймдугаар сарын 1-нд дархлаажуулалтын цэгийг татан буулгахад Эрүүл мэндийн төвөөс мөн ариутгасан. Ер нь вакцины болон шинжилгээний цэгүүд сургуулийн нэгдүгээр давхарт байрлаж, тэндээ л үйл ажиллагаа явуулсан. Хоёрдугаар давхрын анги танхимд хэн ч ороогүй. Магадгүй хүмүүс сургууль даяар бужигнасан гэж ойлгосон байж мэдэх юм. Тэгж бужигнаагүй” хэмээн ярилаа. Тус сургуулийн багш нар “Ковид-19”-өөр өвдөөгүй. Мөн сурагчид ч өвдөж, эмчлүүлсэн талаарх мэдээлэл одоогоор байхгүй гэнэ.
Засгийн газраас энэ жил зөвхөн 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүмүүжүүлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу цэцэрлэгүүд хүүхдүүдийг хүлээж авахаар дор бүрнээ бэлтгэж байна. Чингэлтэй дүүрэг дэх 19 дүгээр цэцэрлэгээр ороход байшингийн цонхнуудыг дотор талаас нь цаасаар битүүлсэн байлаа. Гэхдээ засвар хийгээгүй юм байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч өндөр насны тэтгэвэрт гарч буй тул дараагийн удирдлагад ажлаа хүлээлгэж өгөхөд бэлтгэж байлаа. Ажил хүлээлцэх комисс юу, юугүй ирэх гэж байсан ч амжиж мэдээлэл авсан юм. 19 дүгээр цэцэрлэгийг 2018 онд өргөтгөжээ. Нийт 450 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Нэг ангид дунджаар 36 хүүхэд хүмүүжих бололтой.
Цэцэрлэгт орох хүүхдүүдийг энэ сарын 9-нөөс цахимаар бүртгэж, түүврийн аргаар нэрсийг сонгох тухай холбогдох албаныхан зарласан. Гэсэн ч бүртгэлийг эхлээгүй бөгөөд дүүргийн Боловсролын хэлтсээс үүрэг чиглэл ирүүлээгүй ч дөрөв, таван настнуудыг уламжлалаараа бүртгэх тухай яриа гарчээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдийг шууд хүлээж авах бололтой.
Цар тахлын улмаас 2-3 настнуудыг хүлээн авахгүйгээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүрэгт цэцэрлэг олдохгүйн зовлон байхгүй болсон тухай таатай мэдээлэл сонслоо. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хэд хэдэн цэцэрлэг барьж, заримыг нь өргөтгөснөөр Хайлааст орчимд гэхэд л цэцэрлэгийн багш, ажилтнууд “Хүүхэд байна уу” гэж сураглах болсон гэнэ. Тэгэхээр цэцэрлэг хүрэлцдэггүй нь сүүлийн үед ашиглалтад оруулсан хорооллуудын оршин суугчдад л тулгардаг асуудал байх бололтой.
БШУЯ болон түүний харьяа байгууллагууд хичээлийн шинэ жилд яаж бэлтгэж байгаа талаар сурвалжлахаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг зорилоо. Тус институтээс “2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл” ерөнхий сэдвийн доор зохион байгуулсан таван хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тэдгээр нь “Ногоон гэрэл” үйл ажиллагааны удирдамж, “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах түр сургалтын төлөвлөгөө”, “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны удирдамж”, “Бие даан суралцах ажлын дэвтэр боловсруулах арга зүй”, “Сургууль завсардаж болзошгүй хүүхдийг илрүүлэх судалгааны арга зүй” гэсэн сэдэвтэй аж. Мөн эдгээр хэлэлцүүлгийн үр дүн, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын саналыг хэлэлцэх уулзалтыг энэ сарын 6-нд зохион байгуулсан аж.
Тус байгууллагынхан мөн “Сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад дэмжлэг үзүүлэх” сургалтыг энэ сарын 24-27-нд цахимаар зохион байгуулахаар бэлтгэж байлаа. Эл ажлын хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулах үндэсний сургагч багш нарын семинарыг эхлүүлээд буй аж. Үүнд 17 хичээл, судлагдахууны чиглэлээр 109 багш, аргазүйч, мэргэжилтнийг хамруулжээ. Эхний өдрийн сэдэв “Сурагч төвтэй, тэгш хамруулах, оролцоонд суурилсан бүтээлч арга зүй”. Харин өнөөдөр, маргааш үндэсний сургагч багш нар хамтран энэ сарын 24-27-нд орон даяар зохион байгуулах “Сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад дэмжлэг үзүүлэх” сургалтын агуулга, хэрэглэгдэхүүнийг нарийвчлан боловсруулах аж. Уг өргөн хүрээний сургалтад ерөнхий боловсролын сургуулиудын 48 352 багш, удирдах ажилтныг хамруулах юм байна.
БШУЯ-ны харьяа байгууллагуудад ажил ид “буцалж” байна. Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэх цахим систем ажиллуулж эхэлжээ. Уг ажлыг аль болох хүний оролцоо багатай, технологийн дэвшлийг ашиглан, нээлттэй, ил тод явуулахыг зорьж буй гэнэ. Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг зарим аймаг, дүүрэгт ашиглажээ. Тэгвэл энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлжээ. Яамныхан “Танилынхаа хүүхдийг сайн сургуульд авсан” гэдэг асуудал уг системийг нэвтрүүлснээр арилна гэж тооцсон байна. Системийг анхлан ажиллуулж буй тул мэр сэр алдаа гарахыг үгүйсгэхгүй гэнэ. Гэсэн ч цаашид жил ирэх тусам сайжруулан, боловсронгуй болгохоор төлөвлөжээ.