Монгол Улсын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан “Цэргийн 100 алдартан” хэмээх номыг бүтээжээ. “Цэргийн 100 алдартан” номд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс төдийгүй төрийн цэргийн бусад байгууллагуудаас тодорсон бахдам амжилт, бахархам гавьяатай алдартнуудын намтар, ажил, амьдралын туршлагыг багтааснаараа онцлог гэнэ. Нийт таван бүлэгтэй эл номын эхний бүлэг нь орчин цагийн цэргийг үүсгэн байгуулж хөгжүүлсэн алдартнуудаар эхэлж буй. Үүнд 1911 онд анх байгуулагдсан Цэргийн яамны сайд байсан Бэйс Гомбосүрэнгээс эхлээд Ардын Хатанбаатар С.Магсаржав, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн, жанжин Д.Сүхбаатар нарын хүмүүс багтсан ба тэдгээр нь манай орны түүхийн хамгийн эгзэгтэй үед эрхэм гавьяаг байгуулсан төр, цэргийн зүтгэлтнүүд юм. Номын хоёрдугаар бүлэгт Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тулаанд шалгарсан баатруудыг онцолжээ. Үүнд, Халхын голын болон Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад гавьяа байгуулж БНМАУ-ын баатар цол хүртсэн Л.Дандар, Л.Даваадорж, Б.Тэгшээ, Ш.Гонгор зэрэг алдартнуудыг багтаасан бол гуравдугаар бүлэгт Зэвсэгт хүчний түүхэнд алдаршсан маршал Х.Чойбалсан, Г.Дэмид Ю.Цэдэнбал зэрэг төрдөө ч, цэрэгтээ ч гавьяа байгуулсан төр, цэргийн зүтгэлтнүүдийн алдар гавьяаг онцолсон аж. Энэхүү номын дөрөвдүгээр бүлэгт Зэвсэгт хүчний шинэчлэлийн үеийн алдартнуудыг багтаасан бөгөөд тодруулбал, монгол цэргүүдийг дэлхийн халуун цэгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах эхлэлийг тавьсан Г.Рагчаа генералаас эхлээд ардчилсан нийгэмд шилжих үед ард түмнийхээ өөдөөс цэрэг гаргахгүй гэж хэлж байсан, тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Л.Моломжамц генерал мөн "Улаан-Од" сонины эрхлэгч, хурандаа Ж.Ядмаа нарын алдартнуудыг оруулсан байна. Түүнчлэн төгсгөлийн тавдугаар бүлэг нь Зэвсэгт хүчнээс төрөн гарсан цэргийн нэрт түүхч Д.Гомбосүрэн, дархан аварга Г.Өсөхбаяр, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа нарын соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спортын алдартнуудаас бүрдсэн хамтын бүтээл болсноороо онцлог юм.