ОХУ-ын Бүгд найрамдах Саха улс буюу Якутад ойн түймэр дэгдэж, нэлээд хохирол учруулж буй. Якут нь ОХУ-ын зүүн хойд хэсэгт байрлах бөгөөд хамгийн хүйтэн бүс гэдгээрээ онцлог. Хойд туйл болох Арктиктай залгаа орших, хүний үйл ажиллагаанаас ангид эл бүс нутагт түймэр дэгдэж, асар хурдацтай газар авч, экологийн тэнцвэр алдагдахад хүргээд байна. Түймэр нь агаарын бохирдлоос гадна экосистемд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэх талаар МУИС-ийн Биологийн тэнхимийн ахлах багш Н.Батсайханаас тодрууллаа.
-Якутад гарсан түймрийн утаа манай улсын ихэнх газар нутгийг бүрхлээ. Хүмүүс агаарын бохирдолд нэлээд санаа зовж байна. Харин экологийн тэнцвэр хэрхэн алдагдаж буйг төдийлөн ойшоохгүй байх шиг. Эл түймэр экосистемд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Агаарын температураас хамаарч утааны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байна. Энэ нь түр зуурын л үзэгдэл. Харин түймрийн хор уршиг дан ганц утаа биш гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Олон хоног үргэлжилсэн түймрээс болж ан амьтад олноор хорогдох, шилмүүст ойн дийлэнх хэсэг устах нь тодорхой боллоо. Түймрийн дараах хор уршиг ч хэдэн арван жил үргэлжлэх байх хэмээн таамаглаж буй. 2002 онд Тарвагатайн нурууг тэр чигт нь хамарсан түймэр дэгдэж, 20 орчим жилийн дараа ч сэргээгүй байна. Якутад дэгдэж буй түймрийн дараа Сибирийн шилмүүст ой тийм ч амар сэргэхгүй л болов уу.
-Түймрийн дараа ОХУ-ын экологид хэр хэмжээний хохирол учрах бол.
-Тус бүс нутагт гурван том асуудал үүсэх эрсдэлтэй. Нэгдүгээрт, дээрх нутаг нүүрстөрөгчийн хомсдолд орно. Эл бодисыг бүрдүүлдэг органик нэгдлүүд нь түймрийн улмаас устах учир амьтан, ургамал амьсгалах нүүрстөрөгчгүй болно. Хоёрдугаарт, нүүрстөрөгчийн давхар исэл нэмэгдэнэ. Ингэснээр агаарын температур өсөж, дулаарал хурдацтай явагдана гэсэн үг. Үүнээс болж хөрсний цэвдэг хайлж газрын гүн рүү нэвчин орж, хөрсөн дээрх ургамал ундаалах шим тэжээлгүй болох эрсдэлтэй. Гуравдугаарт, хүлэрт намаг устана. Энэ бол хамгийн том эрсдэл. Намаггүй болсноор ургамал ургах орчин бүрэлдэхгүй, экологийн тэнцвэр хүчтэй алдагдах болно. Хүлэрт намаг нь дэлхийн нийт газрын ердөө гурван хувийг эзэлдэг, экологийн өндөр ач холбогдолтой. Бороотой үед усыг өөртөө шингээж, халуунд экосистемийг тэтгэдэг. Энэ нь усыг их хэмжээгээр агуулдаг учир зуны аагим халуунд сэрүүн орчин бий болгодог онцлогтой. Тиймээс "байгалийн хөргөгч" гэж хэлж болно. Түймрийн улмаас энэ хөргүүр уствал экологийн тэнцвэр маш ихээр алдагдах нь тодорхой.
-Түймрийг хэт хуурайшилтаас болж дэгдсэн хэмээн үзсэн. Сэрүүн бүсэд орших тус газарт ийм хэмжээний түймэр гарах нь олон тохиолдох уу?
-Үгүй. Якут нь очир эрдэнийн томоохон ордтой. Гэвч намаг ихтэй, хүн, автомашин, техник хэрэгсэл явахад хүндрэлтэй, бараг л боломжгүй учир олборлолт хийдэггүй. Ийм хэцүү замаас нь болж мод ч бэлтгэдэггүй гэхэд болно. Хүний үйл ажиллагаа маш бага нөлөө үзүүлдэг, Арктиктай залгаа орших, сэрүүн бүсэд хамаарах эл газарт түймэр дэгдсэн нь дэлхийн дулаарал ямар хурдацтай, аюултай явагдаж байгааг илтгэж байна. Тиймээс хэдэн өдрийн түймэрт бус дэлхийн дулаарлыг бууруулахад анхаарлаа хандуулах шаардлага хүн төрөлхтний өмнө тулгарлаа.
ОХУ-ын Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болсон. Үүний улмаас өнгөрөгч зургаадугаар сараас хойш тус бүс нутагт нийт 200 гаруй удаа түймэр гарч, 15 мянган ам метр газар нутаг галд өртсөн. Энэ сарын 8-ны байдлаар ОХУ-ын Якутад гарсан түймэр 12.140 ам метр талбайг хамарч, 5500 булга, 2700 буга, 1500 хандгай, 300 баавгай өртсөн гэх мэдээлэл бий.
-Мөсөн давхарга хайлах, ойн түймэр дэгдэх нь манай улсын экосистемд сөргөөр нөлөөлөх үү?
-Монгол Улсын хилээс нэлээд зайтай гарсан түймэр учир газар авахгүй л бол манайх руу орж ирэхгүй. Гэхдээ утаа нь агаарыг багагүй бохирдуулна. Манай улсад халгаагүй ч бид бүхэн үүнийг маш анхааралтай ажиглаж, цаашид дэлхийн дулаарлыг саармагжуулах арга хэмжээ авах нь зүйтэй. Монгол орны ойн сан бүхий газрын дийлэх хэсгийг бүрдүүлдэг, хойд хөрштэй залгаа орших газарт цаашид түймэр дэгдэхгүй гэх баталгаа байхгүй.