Сибирийн ойн хойд хэсэгт дэгдсэн түймрийг унтраахаар ОХУ-ын гал сөнөөгч, аврагч, хилийн алба хаагчид 10 гаруй хоног тэмцэлдэж буй ч хуурайшилт, салхинд өдөөгдсөн гал намжихгүй байгаа аж. Уг түймрээс үүдэлтэй утаа хойд хөршийн бүх сууринг бүрхсэнээс гадна зэргэлдээх улс орнуудад ч тархаж, агаарын чанарт нөлөөлсөөр байна гэж Европын Холбооны “Copernicus”, НҮБ-ын “AirVisual” цахим хуудсанд нийтэлжээ.
Манай улсын нийслэлд энэ сарын 3-наас түймрийн утаа тархаж, агаар мандлын үзэгдэх орчинд илт нөлөөлсөн. Цаг уурын байгууллагынхан “Агаарын урсгал дагасан утаа зүүн болон хойд хэсгийн нутгуудыг бүрхэж, улмаар баруун тийшээ чиглэн, өтгөрнө” гэж мэдээлсэн нь биеллээ олов. Өчигдрийн байдлаар манай орны зүүн болон төвийн 10 аймагт утаа их, бага хэмжээгээр тархаж, агаарын чанарт нөлөөлснийг цаг уурын байгууллага мэдээлсэн юм. Хиймэл дагуулын зураг, салхи болон агаарын урсгалын чиглэлээр тооцоолоход Сибирийн түймрээс үүдэлтэй утаа энэ долоо хоногийн сүүлчээр Монголд багасах төлөвтэй гэнэ.
Өчигдөр 15.00 цагийн байдлаар нийслэлийн ихэнх бүсийн агаар бага бохирдолтой байсан бол Баянхошуу улаан түвшинд хүрэв. Тодруулбал, тухайн бүсэд агаарын чанар эрс муудаж, өвлийнхөө түвшинд хүрсэн гэсэн үг. Харин тухайн цаг мөчид ОХУ-ын Красноярск болон Монголын нийслэл хамгийн бохир агаартай хотуудын жагсаалтыг тэргүүлснийг “AirVisual” мэдээлсэн юм.
Бэлтгэсэн Ж.Мишээл