“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа нь 22 сараар хойшилсонтой холбоотойгоор Засгийн газар “Оюутолгой”-н ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн баг ажиллуулж, дүгнэлт гаргуулжээ. Тэд өнгөрсөн гуравдугаар сараас ажиллаж эхэлсэн юм. Хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж Оюутолгойн ажлын хэсгийнхэн өчигдөр мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийг ахалж буй, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болоогүйг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд дурдсан байна. “Оюутолгой” төслийн менежментийн багаас Монгол Улсын Засгийн газарт ямар тайлбар өгч байгааг та бүхэн мэднэ. Хөрөнгө оруулагч тал болон “Оюутолгой” төслийн менежментийн багийнхан бүтээн байгуулалт хойшилж, зардал хэтэрсэн шалтгааныг геотехникийн нөхцөл байдлаас болж үүссэн гэж удаа дараа мэдэгдэж ирсэн.
Дүгнэлт гарсан учраас “Рио тинто”-гийн Монгол дахь захирлуудтай уулзсан. Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлэх, “Рио тинто”-гийн хүсэж байгаагаар ТЭЗҮ батлах боломжгүй, шинжээчдийн дүгнэлт ийм байгаа тохиолдолд далд уурхайн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй, өмнөх ТЭЗҮ-ийн хүрээнд зэсийн үнэ ханш өндөр байгааг бодолцож, том, жижиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах шаардлага тавьсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон “Рио тинто” компанийн өгч буй тайлбарууд яагаад зөрүүтэй байгаа талаар албан ёсны хариултыг бид тус компаниас шаардах болно. Одоо бид энэ дүгнэлтийг хөрөнгө оруулагчидтай хийх яриа хэлэлцээнд гол баримт болгоно. Хоёр талын хэлэлцээг урагшлуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна” гэв.
Ажлын хэсгийн гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Шинжээчдийн ажлын хэсэгт “Рио тинто”-той ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүсийг олж оруулах нь хүндрэлтэй байсан. Гэсэн ч зэсийн томоохон төслүүдэд 20-40 жил ажилласан, туршлагатай шинжээчдээр баг бүрдүүлсэн. Хөндлөнгийн дүгнэлт хэр бодитой вэ гэдгийг “Рио тинто”-д төслийн менежерээр ажиллаж байсан хүмүүсээр дахин дүгнэлт гаргуулсан. Тэд Монголын Засгийн газраас хамтран ажилласан шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Гэрээ, хэлцлийг цаашдаа дээрх нөхцөл байдалд тулгуурлан явуулна” хэмээсэн бол “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир “Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг “Оюутолгой”-н ТУЗ-д хүргүүлсэн. Энэ дүгнэлтэд дурдсан асуудлыг ТУЗ болон хувь эзэмшигчдийн хурлаар авч хэлэлцэнэ. Цаашдаа далд уурхайн бүтээн байгуулалтад зардлын хэтрэлт, төслийн менежментийн алдаа дахин гаргахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах, засаглалыг хэрхэн сайжруулах вэ, хувьцаа эзэмшигчийн хувьд Монголын Засгийн газар, “Эрдэнэс Монгол”-ын зүгээс хэрхэн ажиллах вэ гэдэг чиглэлээр арга хэмжээ авна” гэж тайлбарлав.
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2021 оны гуравдугаар сард хүлээн авалгүй буцаасан. Үүнтэй холбоотойгоор гаргасан зөвлөмжид тусгасан зарим асуудалд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тайлбар өгч байна гэж харж байна. Тухайлбал, “Оюутолгой” ХХК-иас Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг хүргүүлсэн бөгөөд үүнд ордын нөөц найм орчим хувиар буурсан, төслийн зардал яагаад нэмэгдсэн талаар тодорхой тайлбарыг тус компаниас өгөхгүй байсны улмаас тодотгол тайланг хүлээн аваагүй байсан юм. Хугацаа алдсан явдалд хувьцаа эзэмшигчийн хувьд Монгол Улсын Засгийн газар гомдолтой байгаа. Цаашид хэлэлцээрийн явцад менежментийн багийн алдаанаас болж гарсан зардлыг хэрхэн хариуцуулах вэ гэдгийг ярилцана. Эрх зүйн маргааны хувьд Монгол Улсын Засгийн газрыг татварын маргаантай холбоотой асуудлаар Лондоны арбитрын шүүхэд өгсөн. Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг маргаанд “Рио тинто”-г татаж оролцуулъя. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш гаргасан алдаанд “Рио тинто”-г буруутгаж, сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа. Сөрөг нэхэмжлэлийг энэ сард багтааж Лондонд хэлэлцэж эхлэх төлөвтэй байна. АНУ болон Британийн Үнэт цаасны хороонд жижиг хувьцаа эзэмшдэг төлөөллөөс “Рио тинто”-г буруутгаж гомдол гаргасны дагуу хэрэг үүсгэн, шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн” гэв.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд гүний уурхайн төслийн явц, удирдлагатай холбоотой дэлгэрэнгүй, тодорхой мэдээллүүд бий аж. “Рио тинто” компани жил бүр нийт зардлаас зургаан хувийн төлбөр буюу 200 гаруй сая ам.долларыг төслийн менежментийг хэрэгжүүлсний төлбөр болгон авдаг юм байна. Ажлын хэсгийн зүгээс цаашид “Оюутолгой” ХХК-ийн үнэ цэнийг нэмэгдүүлж, “Оюутолгой” төсөл нь бүх хувьцаа эзэмшигчийн хувьд урт хугацаанд үр ашигтай, ил тод, тогтвортой байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг төслийн бусад оролцогч талтай хамт авч хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Ташрамд дурдахад, Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдах үүрэгтэйгээр дээрх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд парламентын нэр бүхий гишүүд, холбогдох сайд, албан тушаалтнууд бүрэлдэхүүнд нь багтсан юм. Мөн “Эрдэнэс Оюутолгой”, ТRQ компаниас тус бүр хоёр төлөөлөл бүхий тусгай хорооноос АНУ, Канад, Австрали, Монголын гээд нийт найман хүний бүрэлдэхүүнтэйгээр шинжээчдийг багийг томилжээ.
Бэлтгэсэн Б.Номин