“Үндэсний мөнгөн тэмдэгтийн том дэвсгэрт хэвлэх санаачилга гарч буй нь инфляцын үр дагавар” гэж олон эдийн засагч байр суурь нэгдлээ. Инфляц өсөх тусам том дэвсгэрт гаргах шаардлага үүсдэг нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийн зарчим ажээ. “Том дэвсгэрт хэвлэх нь буруу” гэж иргэд олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байна
Тэд том дэвсгэрт гүйлгээнд гаргах тусам инфляц улам өснө гэж болгоомжилж буй. Улсын жилийн инфляц 6.6 хувьд хүрсэн. Цаашдаа өснө гэсэн өндөр хүлээлт бий. Тиймээс том мөнгөн дэвсгэрт хэвлэх нь хүлээлтийг улам гааруулна гэж болгоомжлохоос аргагүй.
Нийгэмд ийм хэлэлцүүлэг өрнөх үндэс суурийг УИХ-ын дарга Г.Занданшатар тавьсан. Тэрбээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй уулзах үеэрээ мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээ болон төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн юм. Товчхондоо, Төвбанканд том мөнгөн дэвсгэрт хэвлэх судалгаа хийх үүрэг өгсөн хэрэг.
Монголбанкныхан 2018 онд 50 мянгатын дэвсгэрт хэвлэх судалгаа хийж байжээ. Улмаар цаасан мөнгөний зардлыг бууруулахын тулд 50 мянгатын дэвсгэрт хэвлэх хэрэгцээ шаардлага бий гэсэн дүгнэлт гаргаж байсан гэнэ. Тухайн үед 10 болон 20 мянгатын дэвсгэртэд ирж буй ачаалал өндөр байна гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгөн дэвсгэртүүдийг их хэмжээгээр ашиглаж, эдэлгээний улмаас хуучирч муудан, нөхөж хэвлэхэд ихээхэн зардал гарч байсан гэсэн үг. 10 мянгатын дэвсгэрт тавыг хэвлэхээс 50 мянгатын дэвсгэрт нэгийг хэвлэх нь зардал багатай нь ойлгомжтой. Ингээд эцсийн бүлэгт том дэвсгэрт хэвлэх ажлаа хойш тавьжээ. Хэвлэх тохироо нь Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор бүрдэж магадгүй гэж тухайн үед Монголбанкныхан ярилцаж байсныг эх сурвалж дуулгав. Ардын хувьсгалын 100 жилийн ой өдгөө тохиож байна. Гэхдээ том дэвсгэрт хэвлэх тохироо бүрдсэн үү.
…Гэвч мөнгөн тэмдэгтийн овор хэмжээ багасах нь гэмт хэрэг, сүүдрийн эдийн засгийг томруулдаг сөрөг талтай аж. Овор нь багасах учраас их хэмжээний мөнгийг бэлнээр өгч, авалцан татвараас бултах тохиолдол нэмэгддэг гэнэ. Мөн олон улсад том дүнтэй мөнгөн тэмдэгт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх нөхцөл бүрдүүлдэг гэж үзэх болжээ…
Энэ асуултад бүрдээгүй гэж хариулахад хол зөрөхгүй. Дээр дурдсанчлан инфляц өсөх хүлээлт өндөр байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ “Ковид-19”-ийн үеийн хөл хорио, хязгаарлалтын дэглэмээс шалтгаалан огцом нэмэгдлээ. Инфляц өсөх өндөр хүлээлттэй үед том мөнгөн дэвсгэрт хэвлэвэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бараг зохиомлоор нэмэгдэх шалтгаан болно. Тиймээс ийм үед том мөнгөн дэвсгэрт хэвлэх нь буруу бодлого болно. Монголбанкныхан үүнийг тооцож байгаа биз.
Бэлэн бус төлбөр тооцооны соёл сүүлийн жилүүдэд ихээхэн дэлгэрсэн. Бараг бүх худалдаа, үйлчилгээний газар карт уншигч ПОС машин суурилуулснаар түрийвчиндээ их хэмжээний бэлэн мөнгө авч явдаг хүн ховор болжээ. Иргэд картгүй үедээ интернэт банк, мөнгөн гуйвуулгын аппликэйшн ашиглан төлбөр тооцоо хийж байна. Энэ нь том мөнгөн дэвсгэрт хэвлэх шаардлага байна уу гэдэг асуулт ургуулсан бас нэг шалтгаан юм. Ямар үед бэлнээр тооцоо хийж байгаагаа та бодоод үзээрэй. Хямд үнэтэй зүйл худалдаж авах, ПОС машин суурилуулаагүй газраас үйлчилгээ авах үедээ л бэлэн мөнгөөр тооцоо хийж байх вий. Хэрэв анзаарсан бол малчид ч картаар тооцоо хийдэг болсон.
Дээр дурдсанчлан Төвбанкныхны судалгаагаар 2018 онд 10 болон 20 мянгатын дэвсгэртийн ачаалал өндөр байжээ. Тэгвэл өнөөдөр ачаалал нь ямар болсон бол. Бэлэн мөнгөний хэрэглээ багассан учраас ачаалал нь буурсан байж таарна. Монголбанкны мөнгө хэвлэх зардал ихээхэн хэмжээгээр багассан нь дамжиггүй. Үүнийг тооцоолох хэрэгтэй. Мөн төлбөр тооцооны хэдэн хувийг бэлэн бусаар хийж буйг баримжаалах шаардлагатай. Ингэсэн тохиолдолд төлбөр тооцоо хийх том дэвсгэрт хэвлэх шаардлагатай, эсэх нь тодорхой харагдана
Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр дэлхийн нийт бэлэн мөнгөний төлбөр тооцооноос татгалзаж байна. Зарим орон цахим мөнгө гаргаж төлбөр тооцоонд нэвтрүүллээ. Энэ нь цаасан мөнгө хэвлэх зардлыг бууруулж буй. Олон улсын хандлагыг дагавал манайх том дүнтэй цаасан мөнгө хэвлэх биш, цахим технологи руу шилжих нь зүйтэй юм.
Том дэвсгэрт гаргах нь Төвбанкны мөнгө хэвлэх зардлыг бууруулдаг сайн талтай. Мөн их хэмжээний мөнгөний овор багасгадаг нь ойлгомжтой. Гэвч мөнгөн тэмдэгтийн овор хэмжээ багасах нь гэмт хэрэг, сүүдрийн эдийн засгийг томруулдаг сөрөг талтай аж. Овор нь багасах учраас их хэмжээний мөнгийг бэлнээр өгч, авалцан татвараас бултах тохиолдол нэмэгддэг гэнэ. Мөн олон улсад том дүнтэй мөнгөн тэмдэгт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх нөхцөл бүрдүүлдэг гэж үзэх болжээ. Энэ нь мөн л овор хэмжээтэй нь холбоотой. Өөрөөр хэлбэл, дэвсгэртийн дүн өндөрсөх тусам их хэмжээний мөнгийг тээвэрлэх, зөөхөд дөхөм болно гэсэн үг. Үүнээс гадна том дүнтэй мөнгөн дэвсгэрт нь авлига цэцэглүүлэх үндэс болдог гэж үздэг. Овор хэмжээ багатай учраас хууль бусаар олсон их хэмжээний мөнгийг хадгалахад хялбар аж.
Дээрх шалтгаанаар зарим улс том дүнтэй мөнгөн дэвсгэртээсээ татгалзах болсон гэнэ. Тухайлбал, Сингапур улс 10 мянгатын сингапур долларын дэвсгэртээ шинээр гүйлгээнд гаргахгүй байх шийдвэр гаргасан байна. Одоо гүйлгээнд байгаа 10 мянгатын дэвсгэртүүдийнх нь хугацаа нь дуусвал ийм мөнгөөр төлбөр тооцоо хийхгүй нь. Мөн Европын Холбооны улсууд 500 еврогийн дэвсгэртийг дахин хэвлэхгүй байх шийдвэрт хүрчээ.
Монгол Улсад 11 мөнгөн дэвсгэрт гүйлгээнд байдаг. Бусад оронтой харьцуулбал манайхан олон мөнгөн дэвсгэрт хэрэглэдэг. Монголчууд өндөр хөгжилтэй бусад улстай өөрийн орноо жишин мөнгөн тэмдэгтүүдийнхээ нэг тэгийг авч хаях хэрэгтэй гэж ярих нь бий. Тэгэхээр 2000, 1000, 100, 50, 10, 5-ын дэвсгэрт үлдэнэ гэсэн үг. Гэвч манай эдийн засгийн нөхцөл ийм боломж олгодоггүй. Ам.доллар, евро гэх мэт хатуу валютуудын эсрэг төгрөгийн ханш чангарвал ийм арга хэмжээ авч болно. Харин ч нэмж том дэвсгэрт хэвлэх санал сэдэл төрж буй улсад ингэх боломж байхгүй. Улс орнууд гэмт хэрэг, сүүдрийн эдийн засгаас сэргийлэхийн тулд том дүнтэй мөнгөн дэвсгэртээс татгалзаж, дэлхий нийт цахим мөнгө рүү шилжиж байхад “том” төгрөг хэвлэх нь хэнд хэрэгтэй вэ.