Коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. 2021 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 61.4%, 12 ба түүнээс дээш насны хүн амын 84.6 хувь нь КОВИД-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас 69.5 хувь буюу 10 хүн тутмын 7 нь БНХАУ–ын VeroСell вакцин хийлгэсэн байна.
График 1: КОВИД-19 халдварын эсрэг вакцинд хамрагдалт, төрлөөр, дүнд эзлэх хувиар
КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдлын 42.6 хувь нь аль нэг төрлийн вакцины нэгдүгээр болон бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилжээ. Тодруулбал, өвчилсөн иргэдийн 13.1 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсаны дараа, 29.5 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Харин өвчилсөн иргэдийн 57.4 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байжээ.
График 2: КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдлын бүтэц, вакцинд хамрагдсан байдлаар, дүнд эзлэх хувиар
Covisheild (БНЭУ) вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн 8.7 хувь нь КОВИД-19 халдвараар өвчилсөн нь бусад вакцинтай харьцуулахад хамгийн өндөр байна. Харин манай улсын хүн амын ихэнх хувь нь БНХАУ-ын VeroCell вакцинд хамрагдсан бөгөөд 2.6 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилжээ.
График 3: КОВИД-19 халдварын эсрэг бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн иргэдийн эзлэх хувь, вакцины төрлөөр
КОВИД-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш өвчилсөн иргэдийг вакцинд хамрагдсан өдрөөс хойш халдвар авсан хоногоор авч үзэхэд 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэд дийлэнх хувийг эзэлжээ. Тодруулбал,
- AstraZeneca вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэд хамгийн өндөр буюу 81.7 хувийг
- Covishield 80.8 хувь,
- Спутник 71.4 хувь байна.
VeroCell вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийн 15.9 хувь нь 14 хүртлэх хоногт, 16.9 хувь нь 15-30 хоногийн дотор өвчилсөн. Pfizer вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийн 36.7 хувь нь 14 хоногийн дотор өвчилжээ.
График 4: КОВИД-19-ийн эсрэг бүрэн тун вакцинд хамрагдсаны дараа өвчилсөн иргэдийн мэдээллийг вакцины төрөл, өвчилсөн хугацааг харвал,
12-24 нас болон 70-аас дээш насныхны талаас илүү хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 45 хоногийн дотор халдвар авсан бол 25-69 насны иргэдийн талаас илүү хувь нь 45-аас дээш хоногийн дараа өвчилсөн байна. Тухайлбал, 11-19 настай хүүхдүүдийн 22.7 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дотор, 18.2 хувь нь 15-30 хоногт, 22.1 хувь нь 31-45 хоногт халдвар авсан бол 80-84 настай иргэдийн 15.8 хувь нь 14 хоногийн дотор, 23.9 хувь нь 15-30 хоногт, 24.6 хувь нь 31-45 хоногийн дотор халдвар авчээ.
Тэгвэл 55-64 настай иргэдийн 54 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 45-аас дээш хоногийн дараа халдвар авсан байна.
График 5: КОВИД-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн иргэдийг насны бүлгээрангилбал,
КОВИД-19-ийн халдвараар нас барсан иргэдийн дийлэнх буюу 52.5 хувь нь вакцинд хамрагдаагүй, 24.2 хувь нь бүрэн тунд, 23.3 хувь нь 1 дүгээр тунд хамрагдсан байжээ.
График 6: КОВИД-19-ийн халдвараар нас барсан хүн, вакцинд хамрагдсан байдал,
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо