Замын-Үүдийн гацаа мөд арилахгүй нь. Ерөнхий сайдаас авхуулаад Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд гээд хамаг том дарга нар тус боомтод очиж “сэлэм эргүүлээд” ч тусыг эс олов. Халаа сэлгээ хавтгайруулан хийж, хил, гааль, мэргэжлийн хяналтын албаны бүх даргыг солиод ч нэмэр болсонгүй. Урд хилийн цаана ачаа бараа бөөгнөрч, нар, салхинд “идэгдсэн” хэвээр. “Эрээн дэх ачаагаа авч чадалгүй 3-4 сар боллоо. Хэзээ татан авах нь тодорхойгүй” гэж худалдаа эрхэлдэг иргэд, тээвэр ложистикийн компанийнхан ч ярьсаар байна.
Дорноговь аймагт коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар энэ оны эхнээс урд хилийн ачаа эргэлт доголдох болсон. Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр БНХАУ-ын талаас манай улстай хиллэдэг Эрээний боомтоо тодорхойгүй хугацаагаар хаасан юм. Үүний улмаас экспорт, импортын бараа ачсан автомашинууд Замын-Үүдийн боомтод гацсан. Тухайн үед боомтод 1000 гаруй машин дугаарлан зогсож байв. Эрээний боомтыг удалгүй нээсэн ч нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд дугаарласан автомашины тоо өдгөө 3000-д хүрлээ. Асуудал даамжирсаар тээврийн жолооч нар нэг сар дугаарлан зогсож байна. Тэр хэрээр тээврийн зардал нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний үнэ ч “галзуурах” болов.
Эл асуудлыг шийдэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 3-нд Замын-Үүдийн боомтод ажилласан. Тухайн үед боомтын ариутгалын хаалга олны шүүмжлэлд өртсөн юм. Цар тахал дэгдээд хоёр жил шахмын хугацаа хэдийн өнгөрсөн. Гэтэл экспорт, импортын гол боомтдоо олон улсын стандартад нийцсэн ариутгалын төхөөрөмж суурилуулчих сэтгэлгүй, арчаагүй, аль нэг байгууллагын үүдний халдваргүйжүүлэгчээс ч дор “юм” тавьчихсан байхад хөрш улс яаж манайд итгэх билээ. Ингээд Ерөнхий сайд нэг сарын хугацаанд эл асуудлыг шийдэж, арга хэмжээ авахаа мэдэгдэв. Улмаар Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн, тус боомт дахь бүх байгууллагын дарга нарыг шинээр томилсон. Харамсалтай нь, тэглээ гээд асуудал шийдэгдсэнгүй. Ерөнхий сайдын амласан нэг сарын хугацаа хэдийн өнгөрсөн ч бахь байдгаараа. Хийсэн ганц ажил нь ариутгалын хаалгыг сольсон явдал. Түүнийгээ албаныхан байн байн сурталчилж, бас байсхийгээд л нэг дарга Замын-Үүдэд очиж, газар дээр нь ажилласан нэр зүүсэн ч гацаа арилсангүй. Албаныхны мэдээлснээр Замын-Үүдэд ариутгалын хоёр төхөөрөмж суурилуулсан бөгөөд нэгээр нь өдөрт 500, нийт 1000 автомашин нэвтрүүлнэ хэмээсэн. Гэсэн ч манай талаас өдөрт Эрээн рүү 100 гаруй машин нэвтрүүлж буй бөгөөд энэ тоо төдийлөн нэмэгдэхгүй байгаа гэнэ.
“Анхан болон дунд шатны авлига, албан тушаалын асуудлыг шалгаж, цэгцлэх ажил үндсэндээ эхэлж байна. Замын-Үүдийн мафи гэж ярьдаг зүйлтэй Засгийн газар тэмцэнэ. Дараалал дайруулдаг, шан харамж авдаг, сүлжээний систем үүсгэж байгаатай Засгийн газар хатуу тэмцэнэ. Мөн анхан болон дунд шатанд байгаа авлигатай бүх хэлбэрээр тэмцэнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн сарын 6-нд мэдэгдэж байв. Гэсэн ч Засгийн газар мафитай тэмцсэнгүй, Замын-Үүдийн гацааг ч арилгаж чадсангүй.
Засгийн газар угаасаа уг ажлыг хийж чадахгүй байгааг хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногт Замын-Үүдэд ажилласан Шадар сайд С.Амарсайханы хэлснээс ойлгож болно. Тэрбээр “Эрээний талд ачаа илгээгч хэсэг бүлэг бий. Манай талд ачаа хүлээн авагч хэсэг бүлэг байна. Тэд хоорондоо үгсэж зохион байгуулалттайгаар үнийн хөөрөгдөл үүсгэдэг. Ачаа тээврийн үнийг албан бусаар хөөрөгдөж байна. Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагууд хамтарч шийдвэрлэх, албан ёсны үнээс өөр нэмэлт тариф тооцохгүй, дундын зуучлалгүй болгох арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд гурван талын буюу тээврийн компани, хилийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа гэрээ хэлэлцээр маш яаралтай хийж, үйл ажиллагаагаа жигдрүүлэх ёстой. Хэрэв богино хугацаанд энэ асуудлаа шийдэхгүй бол Засгийн газар зүгээр суухгүй. Шаардлагатай гэвэл бид төрийн оролцоотойгоор тээврийн хэрэгслүүдийг гаргаж, бараа, бүтээгдэхүүн татан авах ажил руу орно” хэмээн мэдэгдсэн.
Харин гацааг арилгахаар газар дээр нь ажиллахаар очсон албан тушаалтнууд юу хийсэн бэ. Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүхийн мэдээлснээр сарын өмнө Эрээнд 50 000 тонн ачаа бөөгнөрсөн байсан бол өдгөө 20 000 болж буурсан гэнэ. Үлдсэн ачааг энэ сард багтаан татаад авчихвал боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжинэ гэж тооцжээ. Түүний хэлснээр бол дахиад сарын хугацаа шаардлагатай. Гэхдээ 20 000 тонн гэдэг бол хөдөлшгүй тоо биш. Нэг сарын хугацаанд ачаа дахиад нэмэгдэнэ. Ялангуяа хичээлийн шинэ жил хаяанд ирсэн энэ үед урд хөршөөс татан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс өснө. Дугаарлан зогсох машины тоо ч нэмэгдэнэ. Ингээд үзэхээр нөхцөл байдал өөрчлөгдөх найдвар төдийлөн харагдсангүй.
Түүнчлэн албаныхан энэ сарын 5-наас эхлэн тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж, Эрээнээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоосон гэнэ. Энэ талаар Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар “Жолооч нар хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүнд хууль, хяналтын байгууллагынхан хяналт тавина. Эрээн-Улаанбаатарын тээврийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлсэн тохиолдолд улс хоорондын ачаа тээврийн Б зөвшөөрөл олгохгүй байх хүртэл арга хэмжээг зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар авна” хэмээн мэдээлсэн.
Тэгвэл бодит байдал дээр юу болж байна вэ. Цахим худалдаа эрхэлдэг иргэн Н “Хүмүүсээс захиалга авч, Хятадаас бараа, бүтээгдэхүүн оруулж ирдэг. Цахим худалдааны бизнесээ сүүлийн гурван жилийн турш эрхэлж ирсэн. Өмнө нь 7-14 хоногийн дотор бараагаа авчихдаг байсан бол өдгөө багадаа 2-3 сар хүлээж байна. Бас тээврийн зардал нэмэгдсэнээс шалтгаалан бараа, бүтээгдэхүүний үнэ захиалсан үеийнхээс эрс өслөө. Ингэснээр захиалагчид бухимдаж, зарим нь “Мөнгө авчихаад, бараа өгсөнгүй” гэж цагдаад хандаж, намайг шалгуулсан тохиолдол ч гарлаа. Ийм шалтгаанаар бизнесээ зогсоохоос өөр аргагүй болж байна” гэсэн юм. Түүнчлэн нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай байгаа. Бас бүтээн байгуулалтын ажлуудад шаардлагатай материалууд ч урд хилийн боомтод гацсанаар ажил удааширч саатах тохиолдол гарах болов. Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Х хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугам сүлжээг шинэчилж, халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар болсон. Эрээнд шугам хоолой гацсан шалтгаанаар уг ажил 7-10 хоногоор удаашрах, улмаар хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй байх эрсдэл үүссэнийг “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас энэ сарын эхээр мэдээлж байв. Тэгвэл эл асуудал өдгөө ч шийдэгдээгүй бөгөөд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, Замын-Үүдийн Ачаа тээврийн зөвлөлд бараагаа яаралтай авах албан бичиг хүргүүлэхээр болсон гэнэ.
Түүнчлэн дугуйн зам барих ажил ч хил дээр бараа, материал гацсан шалтгаанаар удааширчээ. Нийслэлийн хэмжээнд өдгөө Баянбүрдийн тойргоос Ахуйн үйлчилгээний төв хүртэл, МУБИС-иас Офицеруудын ордон, Х хорооллоос Таван шар хүртэл зэрэг хэд хэдэн байршилд дугуйн зам тавьж байгаа. Гэтэл замын асфальт бетоны өнгөн хучилт хийдэг материал нь тасарч, хил дээр саатжээ. Мөн үнэ нь огцом нэмэгдэж, төсөв хэтрэхэд хүрсэн байна. Тиймээс дугуйн замыг өнгөт бус, энгийн асфальт бетоноор хучихаар шийдвэрлэснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн юм.
Замын-Үүдийн гацаатай холбоотой асуудал энэ мэтчилэн олон байгаа. Урд хөршийн талаас Замын-Үүдийг “ногоон” бүс болгох ганцхан л шаардлага тавьсан. Гэтэл манай улс энэ шаардлагыг ч биелүүлж чадахгүй мунгинасан хэвээр, байгууллага, иргэд хохирч, инфляц өссөөр байна.
Бэлтгэсэн М.Оч