Монгол орны цөөнгүй гол олон жилийн дундаж болон үерийн аюултай түвшин давсныг Цаг уур, орчны шинжилгээний газрын Гадаргын усны судалгааны хэлтэс өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хангайн нурууны өврөөс усждаг Завхан, Идэр, Чулуут, Урдтамир, Хойдтамир болон Туул, Орхон голын ус өмнөх өдрийнхөөс (уржигдраас) 10-65 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрчээ. Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Онги, Халх, Хархираа, Ховд голын ус олон жилийн дунджийг 5-80 см давсан байна. 13 аймгийн газар нутгаар урсдаг Орхон голын ус сүүлийн жилүүдэд эрс багасаж, татарсан бол энэ зун хур тунадас ахиу орсны улмаас Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгийн Орхонтуул сум орчимд үерийн аюултай түвшнийг 40-55 см давжээ.
Долдугаар сарын сүүлчийн 10 хоногт зүүн болон говийн аймгуудад хур ихтэй байгаа тул газар тариалангийн бүсэд чийг хангалттай хуримтлагджээ. Энэ сарын хоёр дахь арав хоногт Монгол орны нийт нутгаар бороо элбэг орох төлөвтэй байгаа нь газар тариалангийн талбай үерт автах, хөрс угаагдах, ус, чийгийн тэнцвэрт байдал алдагдах, улмаар ургац алдах эрсдэл дагуулж болзошгүйг цаг уурчид анхааруулав. Мөн томоохон голын ай сав дагуу аялж, зорчиж буй иргэдийг үер усны аюулаас сэрэмжлүүлэв.
Бэлтгэсэн Ж.Мишээл