Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал хэд хоногийн өмнө болов. Хот орчмын газар хөдлөлтийн идэвхжлийг хянах болон бүртгэх 10 автомат станц байгуулж, гамшгаас амжиж анхааруулах системийг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. Чичирхийлэл бүртгэх төхөөрөмжийн тоог нэмэхээр шийдвэрлэжээ. Суурин газруудад газар хөдлөлтийн мужлалын зураглал, эрсдэлийн үнэлгээ хийх, инженер-геологи, гидрогеологийн судалгааг эрчимжүүлэх нь тулгамдсан асуудал хэмээн оролцогчид санал нэгдсэн байна. 2002 оноос өмнө барьсан барилга, байгууламжуудыг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүйг нь буулгах, шинэчлэх, хүчитгэх хэрэгтэй гэж зөвшилцжээ.
Байнгын ажиллагаатай гэх зөвлөлийнхөн байнга зохион байгуулдаг хурлаараа энэ мэт “чухал” асуудлуудыг хэлэлцсэнээ сүртэй гэгч зарлав. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл энэ тухай мэдээлсэн юм. Шаардлагатай санхүүжилтийг нь л шийдчихвэл эдгээр ажлыг өнөө, маргаашийн дотор гялалзуулчих юм шиг эрдэв. Хэрэгжүүлэхгүй алгуурлавал их хэмжээний хохирол амсах эрсдэлтэйг сануулж, айлгав. Гэвч тэдний энэ мэдэгдэл, мэдээлэл учир мэдэх хүмүүст хоосон сүржигнэл, ажил хийсэн болж харагдах гэсэн оролдлого төдий санагджээ.
ШУА-ийн тэргүүлэх эрдэмтдийн нэг нь “Гамшгаас хамгаалах зөвлөлийн “гамшгийн” хурал боллоо. Өнөөх л хэдэн баримт, улиг болсон асуудлуудаа ярив. Өнгөрсөн жил, түүний өмнөх онуудад ч ийм л зүйл хөндөж байсан. Чичирхийлэл бүртгэх, идэвхжил тодорхойлох төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх шаардлагатайг ойлгосон нь яамай даа. Бүр зургаан жилийн өмнө ийм санал дэвшүүлж байлаа” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Өөр нэг судлаач “Гамшигтай холбоотой асуудал хэлэлцэх учраас чухал царайлж, аль болох ноцтой “юм” ярих хэрэгтэйг зөвлөлийн гишүүд маш сайн ойлгожээ. Харин газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл, бодит аюулыг ойлгосон нь хэр бол” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байв.
Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ам, ажил алд зөрүүтэйг ганц жишээгээр баталъя. Тухайн зөвлөлийнхөн газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын тоог үе үе танилцуулж, тэдгээрийн заримыг нь яаралтай буулгаж, шинэчилж, хүчитгэх шаардлагатайг сануулдаг. Үүнд зарцуулах зардлыг улсын төсөвт суулгуулна гэж ам гардаг. Гэвч тэдний шийдвэр, санал хурлын танхимдаа л үлдэх нь түгээмэл. Засгийн газар ч үүнд хангалттай хөрөнгө төсөвлөхөөс гар татсаар иржээ. Үүний дүнд чанаргүй, гамшигт тэсвэргүй, насжилт өндөртэй барилгын тоо буурах бус, жил ирэх тусам олширчээ. Гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах чиг үүрэгтэй зөвлөл гамшигт тэсвэргүй барилгаа тоолж суудаг ажилтай болов.
2017 онд нийслэл дэх 90 мянга гаруй барилгаас 278 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 112 нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үнэлгээ авчээ. 2019 онд хүчитгэх шаардлагатай 93, газар хөдлөлтөд тэсвэргүй 353 барилга байгааг тогтоожээ. Ашиглахыг хориглосон барилга 234 байж. Харин 2021 онд 430 барилга “муу дүн” авсан байна. Хүчитгэх шаардлагатай 125, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр түдгэлзүүлсэн 340 барилга бий гэнэ. Санхүүжилтийн хүндрэл, иргэдийн эсэргүүцэл, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, ажлын удаашрал зэргээс үүдээд тухайн жилд шалгалтад бүдэрсэн, ашиглалтын шаардлага хангаагүй барилгуудын 10 хувийг нь ч “өөд нь татаж” чаддаггүйг Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийнхэн хэллээ.
Гамшигт тэсвэргүй, хүчитгэх шаардлагатай гэж энэ онд үнэлсэн 555 барилгын 275 нь орон сууц, 181 нь цэцэрлэг, сургууль, соёлын төв, 70 нь эмнэлэгийн зориулалттай, 29 нь онцгой байдлын газрын барилга аж. Эдгээрийг шинээр барьж, хүчитгэхэд 1.2 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Дээрх зөвлөлийнхөн 2022 оны төсөвт энэ зардлын тодорхой хувийг нь тусгуулах зорилт дэвшүүлээд байгаа ч хэрэгжих, эсэх нь тун эргэлзээтэй. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй төсвийн дарамт ихэссэн гэдэг шалтгаанаар Засгийн газар барилга, дэд бүтцийн төслүүдийн дийлэнхийг нь царцаагаад буй энэ цаг үед бүр ч хүндрэлтэй.
Хот төлөвлөлт, архитекторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Урбан хотын шийдэл” төрийн бус байгууллагынхан газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын тоо төрийн байгууллагынхны тооцоолсноос хэд дахин олон гэдгийг онцоллоо. Тус байгууллагын судлаач, зөвлөх инженер Н.Цогбадрах “Манай улс энэ чиглэлийн судалгааг хуучны барилгуудад голчлон хийдэг. 2010 оноос хойш барьсан барилгыг залуу гэж үзээд, эрсдэлгүйд тооцдог юм билээ. Гэтэл улсын комисс хүлээж авсан, шинэ барилгуудын дунд чанаргүй нь өчнөөн бий. Гамшгийн эрсдэлийг үнэхээр бодитоор тооцоолж, үнэлье гэвэл хуучин, шинэ бүх барилгыг шалгах хэрэгтэй. Чанаргүй, эрсдэл даахгүй барилгыг бууруулж, үүнд зарцуулах хөрөнгийг хэмнэе гэвэл стандарт, нормыг чангатгах хэрэгтэй” гэв. Насжилт өндөртэйг нь “заазалж”, шаардлагатайг нь хүчитгэж чадахгүй мунгинах зуурт тэдгээрийг “залгамжлах” чанаргүй барилгыг жилд хэдэн арваар нь ашиглалтад оруулсаар байна. Энэ тохиолдолд гамшигт тэсвэргүй барилгын тоо буурах боломжгүй. Иймд холбогдох стандартыг боловсронгуй болгох, барилгыг ашиглалтад хүлээж авах шалгуурыг өндөрсгөх шаардлагатай гэсэн гол санааг тэрбээр тодотгосон юм.
Манай улсад чанаргүй, ашиглалтын шаардлага хангахгүй барилга олшрохтой “уралдаад” газар хөдлөлтийн аюул ихэссээр байна. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрхлэгч М.Өлзийбат “Газар хөдлөх идэвх өссөөр буй. Хүчтэй чичирхийллийн давтамж цаашид улам нэмэгдэнэ. 12-оос дээш давхар барилга барихдаа хөрсний судалгааг зайлшгүй хийлгэж, мужлалыг тооцуулах нь чухал” гэж өнгөрсөн онд ярьж байв. Гэтэл түүний хэлсэнчлэн, 2021 онд газар хөдлөлтийн давтамж эрс өсөв. Он гарснаас хойш газар 101 мянга гаруй удаа шилгээжээ . Үүний 90 гаруй хувь нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн байна. Алслагдмал бүс учраас нийслэлд аюул хохиролгүй өнгөрчээ. Харин Улаанбаатарт гамшгийн хэмжээний хохирол учруулж болзошгүй, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог Дундговь аймгийн Дэрэн, Булганы Могод, Сэлэнгийн Бүрэн, Бүтээлийн нуруунд газар ийм олон удаа, хүчтэй шилгээсэн бол нийслэлд нөхцөл байдал бидний төсөөлж буйгаас ч хүндрэх эрсдэлтэйг судлаачид анхааруулсан. Цөөнгүй барилга тараа таниулж, иргэд хохирч болзошгүйг сэрэмжлүүлсэн.
Одоо ч ийм аюул биднийг “отож” байна. Гэтэл иргэд “Юу ч мэдэрсэнгүй, дахиулъя” хэмээн маазарч, төр, засаг нь “Төсөв байхгүй” гэж хойш харж суусаар байгаа нь монголчууд газар хөдлөлтийн аюул, эрсдэлийн талаар бүрэн ойлголт, төсөөлөлгүйг батлах мэт. Нэг магнитудын хөдлөлт зургаан кг тэсрэх бөмбөг дэлбэлсэнтэй дүйх хэмжээний хүчтэй учраас байгалийн гамшигт үзэгдэлд тооцдог. Газар шилгээхдээ хэнийг ч, юуг ч ялгаж, өршөөхгүй.