Улаанбаатар хот уржигдар оройноос эхлэн утаа униарт эзлэгдэж, өвлийг санагдуулам дүнсгэр дүр зурагтай болов. Иргэд хотын ойролцоох бүсэд түймэр гарсан, агаарын чанар муудсантай холбоотой гэх зэргээр янз бүрийн таамаг дэвшүүлээд байсан юм. Харин Цаг уур, орчны шинжилгээний газрынхан үүнийг ОХУ-ын Сибирийн ойд дэгдсэн түймрээс үүдэлтэйг мэдээллээ. Түймрийг цурманд оруулж, бүрэн унтраах хүртэл манай орны хойд хэсгийн Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймаг утаатай байх бөгөөд нийслэлийн агаарын чанар тэр хэрээр муудна гэж цаг уурчид хиймэл дагуулын зургаас тодорхойлжээ.
Энэ онд Монгол орны хувьд хур тунадас элбэг, чийглэг зун тохиож буй ч дэлхий дахинд их хуурайшилт, ган гачиг нүүрлэж байна. Үүний нөлөөгөөр түймрийн эрсдэл эрс нэмэгджээ. Дэлхийн уушги гэдэг Сибирийн ойд өнгөрсөн тавдугаар сараас хойш 200 орчим удаа түймэр дэгдэж, дөрвөн сая га ой хуйхлагдсан гэнэ. Сибирийн хойд хэсэгт дүрэлзсэн энэ удаагийн түймэр сүүлийн хоёр өдөрт 600 мянган га ойг “залгижээ”. Ой шатах үед агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж ихсэж, орчныг бохирдуулдаг. Ойрын өдрүүдэд хэвийн түвшинд байсан Улаанбаатарын агаарын чанар хойд хөршид гарсан түймрийн улмаас өчигдөр улбар шар буюу бага бохирдолтой гэсэн үзүүлэлтэд хүрч (өчигдөр 17.00 цагийн байдлаар), дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын 11 дүгээрт эрэмбэлэгдэв.