Гадаадад ажиллан, мөнгө хуримтлуулаад эх орондоо ирсэн иргэд сурсан, дадсанаараа цуцалтгүй хөдөлмөрлөж, үр шимийг нь гэр бүл, хэрэглэгчид, улмаар нийгэмд хүртээх сонирхол ихтэй байдаг. Гэсэн ч төд удалгүй шантарчихсан явах нь элбэг. Эрчүүд бодож бодож голдуу таксины үйлчилгээ эрхлэхээр дөрвөн дугуйт худалдаж аваад, үлдсэн мөнгөө хадгалах нь олонтоо. Эмэгтэйчүүд ойр зуурын бараа, бүтээгдэхүүний худалдаа хийж эхэлдэг. Манайхан өндөр хөгжилтэй оронд хүнд хүчир ажил тэр бүр хийдэггүй. Голдуу хөнгөн үйлдвэрлэл, тэр дундаа хүнс, үйлчилгээний салбарт ажиллаж туршлагажсан байдаг. Түүнийхээ дагуу сурч мэдсэнээ хэрэгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэх урам зоригтой эх орондоо ирдэг ч зөвшөөрөл авах шатанд очоод “гацаж”, олонх нь шантарч, эцэст нь бууж өгдөг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй. Аль ч чиглэлийн үйлчилгээ эрхэлж, аж ахуйн нэгж удирдан ажиллах болоход зөвшөөрөл авах гэдэг хүнд даваатай тулгардаг. Мөн үйл ажиллагаа явуулах шатанд “хувь”, “хувьсгалын” чанартай олон янзын шалгалт, хяналт, шулуухан хэлэхэд дарамт тасардаггүй. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дарамталж гаршсан, амташсан шат шатны хурган дарга, байцаагчид бишгүй байдгийг зовлонг нь үзсэн хүмүүс бүгд л хэлнэ.
“Нарийн боовны үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэх гэсэн юм. Гэтэл хүмүүсийн ярихыг сонсоход мөд хэрэгжүүлж чадахгүй бололтой. Банкны зээл авдаг юм байж. Газар олж, тоног төхөөрөмжөө угсраад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаг гэнэ. Нэг л талаараа нь тэнцэхгүй бол зөвшөөрөл гаргадаггүй гэнэ. Үйл ажиллагаа эхлээгүй байхад банкны зээлээ төлөх хугацаа тулчихна, улмаар нэхэгдэнэ. Ийм байдалд орохгүйн тулд аргагүйн эрхэд хахууль өгч байж зөвшөөрөл авч, ажлаа эхлэх болно. Хэрэв зөвшөөрөл авч чадахгүй бол банкны өрөнд үйлдвэрээ хураалгаад дампуурах янзтай. Нэлээд судалсны дүнд ийм дүр зураг, ирээдүй харлаа. Тэгэхээр тийм эрсдэл гаргаж үйлдвэрлэл явуулж эхлэх үү, болих уу. Ингэхээр хоёр дахь хувилбарыг сонгож таарах гээд байна. Энэ мэт асуудлаас шалтгаалаад манай улсад үйлдвэрлэл хөгждөггүй бололтой. Нөгөөх л зөвшөөрөл, авилгын сүлжээ нь хэвээрээ. Зөвшөөрөл авахаас л авилга эхэлдэг юм байна” гэж гадаадаас ирсэн нэгэн иргэн хэллээ. Энд бичсэн хэдэн өгүүлбэр Монголд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд ямар хүндрэлтэй, шантармаар болохыг яруу тодоор ойлгуулж байгаа биз. Өмнө нь ийм л байсан, одоо ч янзаараа. Тэгвэл цаашид яах вэ.
Чухамхүү энд яриад байгаа зөвшөөрөл гээчийг цаашид хэрхэн олгож, сунгаж, цуцлах тухай болон бусад зохицуулалтыг тусгасан Зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхэд ойрхон байна. Уг хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийн тухайд хориглох, хязгаарлавал зохилтой бүхнийг тусгажээ. Мэдээж хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, эзэмших, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх зэрэгт тусгай зөвшөөрөл олголгүй яах вэ. Түүнчлэн аудитын үйл ажиллагаа, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх, хөрөнгийн үнэлгээ хийх, үнэт цаас үйлдвэрлэх, эд хөрөнгийн хонжворт сугалаа гаргах, банк байгуулах, мөнгөн хадгаламжийн, зээлийн, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх, цөмийн төхөөрөмж барих, ашиглах зэрэгт ч тусгай зөвшөөрөл олгох шаардлагатай нь зүйн хэрэг. Дурдаад байвал тусгай зөвшөөрөл олгох ажил, үйлчилгээний жагсаалт хэдэн хуудас болно.
Мөн ямар ямар үйл ажиллагаа явуулахад энгийн зөвшөөрөл олгохыг хүснэгтлэн заасан бөгөөд жагсаасан нь бас олон. Тухайлбал, ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих бол сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авна. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх бол тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас, авто замын норм, норматив, техникийн баримт бичгийг хувилж, олшруулах хэрэг гарвал зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Бас нийтийн өмчийн соёлын биет өвийг 1:1 масштабаар хувилан олшруулах болбол соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс зөвшөөрөл авна. Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, үйл ажиллагааны тухайд улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл өгнө. Энэ мэтчилэн дурдаад байвал нэлээд хугацаа орно.
Үүний дагуу бол багш нар сурагчдадаа ойлголт өгөх үүднээс нийтийн өмчийн соёлын биет өвийн зургийг аваад, ийм учиртай гэж тайлбарлахын тулд Соёлын сайдаас зөвшөөрөл авна. Ингэж болох уу. Энэ мэтчилэн амьдралд “буулгаад” үзэхэд зөвшөөрөл олгохыг хуульчилснаар нэгдүгээрт, чирэгдэл учруулж, хүнд суртал нэмэгдэх эрсдэлтэй. Хоёрдугаарт, үнэнийг хэлэхэд иргэд, байгууллага тэр бүр биелүүлэхгүй нь тодорхой зүйлийг ийнхүү хуульчилж дүр эсгэх шаардлагагүй. Гуравдугаарт, үл ялиг шалтгаанаар хууль зөрчсөн нэрээр торгож, хөрөнгөөр хохироож, олон нийтийг бухимдуулах шалтгаан нэмэх хэрэг байна уу. Ийн дурдсаны учир нь хуулийн төслийн энгийн зөвшөөрөл гэсэн хэсэгт энэ мэт байсан, байгаагүй нь ялгаагүй заалт нэлээд тусгажээ.
Ер нь хуульд тусгаснаар энгийн зөвшөөрөл олговол зохилтой, ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хувь хүн, байгууллага бүрт эрхийг нээлттэй олгоод, гагцхүү чанар, стандартад нийцсэн, эсэхийг нь хянаж, шалгадаг байвал яасан юм бэ. Зөвхөн бүртгэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэл явуулдаг шиг. Компани болон төрийн бус байгууллага байгуулах хүсэлтэй хэн бүхний хүсэлтийг хүлээн авч, бүртгэдэгтэй адил. Энд зөвшөөрөх, эсэх тухай яригддаггүй. Ажиллаж чадах, ашиг олох, “шатах”, эсэх нь үйл ажиллагаа явуулах байгууллагын л хэрэг. Энгийн хэмээх төрлийн зөвшөөрөл олговол зохих зарим үйл ажиллагааг үүн лүгээ адил чөлөөлж өгвөл ямар вэ. Тэгвэл зөвшөөрөл олгогч субъектийн хүнд суртал, чирэгдэл багасах бус уу. Мөн үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэхийг хүсэгчид ч цаг зав, хөрөнгөө хэмнэнэ.
…Аль ч чиглэлийн үйлчилгээ эрхэлж, аж ахуйн нэгж удирдан ажиллах болоход зөвшөөрөл авах гэдэг хүнд даваатай тулгардаг. Мөн үйл ажиллагаа явуулах шатанд “хувь”, “хувьсгалын” чанартай олон янзын шалгалт, хяналт, шулуухан хэлэхэд дарамт тасардаггүй…
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг С.Бямбацогт нарын 22 гишүүн санаачилсан бөгөөд өдгөө УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм билээ. Хуулийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлгийг төрийн байгууллагуудын хүрээнд болон МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын дунд зохион байгуулжээ. Шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн, нэгдсэн хуралдаанд бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллаж буй аж. Уг хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх төлөвтэй гэнэ. Тэгэхээр ажлын хэсгийнхэнд төслийг тухтай, нухацтай авч үзэж, хянамгай ажиллан, үр дүн өгөх болон шаардлагагүй заалтуудыг хасах зэргээр сайжруулах боломж байх шиг. Гэхдээ ажлын хэсгээс дахин хэлэлцүүлэг явуулах, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Төрийн байгууллагууд болон МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгжүүдийн хүрээнд танилцуулснаар хязгаарлах уу, иргэдийн саналыг авах юм болов уу. Уг нь иргэдийн, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн саналыг сонсвол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, үр дүнг нь үзэх хүсэлтэй, санаа оноогоор “буцалж” яваа хүмүүс ихийг хэлнэ дээ. Иргэдийн өдөр тутмын амьдралд ойр энэ мэт хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүлдэг бол өгөөжтэй ч байх сан.
Хуулийг шинэчлэн батлахын хамгийн гол утга учир, зорилго нь чирэгдэл, хүнд суртлыг багасгах. Ингэснээр санаачлагч, бүтээгч иргэд олноор салбар бүрт баялаг үйлдвэрлээсэй.