ЗХЖШ-ын I орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар Цэргийн албаны хэлтсийн бүрэлдэхүүнд өгсөн үүргийнхээ биелэлтийг энэ сарын 4-ний өдөр шалгалаа. ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга, Цэргийн цагдаагийн дарга, хурандаа Н.Лхагвасүрэн шинээр байгуулсан хэлтсийнхний өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлыг танилцуулсан бөгөөд Зэвсэгт хүчинд сүүлийн 10 жилд гарсан гэмт хэрэг, сахилгын зөрчлийн мэдээллийн санг бүрдүүлсэнээ хэлэв. Мөн ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллага тус бүрээр гэмт хэрэг, сахилгын зөрчлийн 10, 5, 3 жилийн судалгааг гарган дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсоноо илтгэсэн юм. Цэргийн албаны хэлтэс ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилжээ. Энэхүү зөвлөлийн үйл ажиллагааг жил, улирал, сараар төлөвлөн хэрэгжилтийг нь хангаж байгаагийн зэрэгцээ энэ онд ээлжит болон ээлжит бус дөрвөн удаагийн хуралдааныг зохион байгуулсан аж. Түүнчлэн Зэвсэгт хүчний цэргийн хүрээ, хотхонд үүрэг гүйцэтгэх Цэргийн цагдаагийн нэгжүүдэд албан тушаалтнуудыг томилуулж, үүрэг гүйцэтгэх боломжийг нь тодорхойлж, “Цэргийн цагдаагийн ажиллагааны журам”-ын дагуу үүрэг гүйцэтгүүлж хэвшсэн гэнэ. ЗХЖШ-ын I орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар Цэргийн цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцас, зарим тусгай тоног хэрэгслүүдийг ашиглах талаарх зарим хувилбаруудыг бодит байдлаар үзэж, санал солилцсон ба цаашид олон улсын жишигт тохируулан улам бүр боловсронгуй болгох чиглэлээр үүрэг өглөө.