“Зун бүр нийслэлд авто замын хашлага буюу бордюр солих юм. Ийм шаардлага байдаг уу. Эсвэл ийм ажил хийсэн нэрээр төсвийн хөрөнгө цавчиж, мөнгө угаадаг юм уу” хэмээн иргэд олонтоо асууж, бичих болов. Зарим нь бүр “Ийм ажилд гаршсан “мафитай” болоо юу гэж хардаж байна. Үүнийг нэг талаас иргэдийн буюу олон нийтийн хяналт гэж үзэж болох ч нөгөө талаас нийгмийн сүлжээн дэх дуулиан, хий хоосон “хөөс” байх талтай бөгөөд ажилд садаатай. Иргэдийн босгож ирсэн сэдвийн мөрөөр мэдээлэл бэлтгэлээ.
Авто замд хашлага яагаад байдаг вэ. Замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт болгодог, мөн явган хүний замаар зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилготой, мөрддөг стандарттай, хуулийн зохицуулалттай аж. Хашлагын өндөр замын хучилтаас дээш 15 см илүү байх ёстой. Зорчиж явсан тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар осолдож, замаас гарах үед 15 болон түүнээс дээш өндөртэй саадад тулж зогсдог тул ийнхүү стандарт болгожээ.
Бордюрыг яагаад сольдог вэ. Түүнийг дангаар нь солих гэж бараг үгүй. Зам, тээврийн осол, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр эвдэрсэн бол тэр хэсгийг нь сугалж аваад, оронд нь шинийг суулгах тохиолдол байдаг аж. Гэхдээ ийм явдал тэр бүр тохиолддоггүй гэнэ. Харин нийслэлийн инженерийн шугам сүлжээ, засвар, шинэчлэлийн хүрээнд бүгдийг, тэр дундаа бордюрыг ч сольж, цогц ажил хийдэг ажээ. Ийм үед замын хажууд гаргаад тавьчихсан бордюрыг иргэд хараад “Эвдэрч, хэмхрээгүй ийм бетонон хашлагыг яах гэж сольдог юм бол” гэж бодон, асуудал дэвшүүлдэг бололтой. Зургийг нь дарж нийгмийн сүлжээнд тавьсан нь олонтоо.
Бордюрыг солихоор сугалж гаргахад эвдэрч хэмхрээгүй байвал буцаагаад суурилуулж болдоггүй юм уу гэсэн асуулт байж болно. Үүнд “Улаанбаатар” зам, засвар, арчлалтын газар, Геодез, усны барилга байгууламж, ашиглалтын газар зэрэг байгууллага хариулт өгөх бололтой. Учир нь эдгээр байгууллага нь нийслэлийн зүгээс байнгын бэлэн байдал хангах үүднээс шууд гэрээ байгуулдаг, хотын дарга эрх шилжүүлсэн газрууд юм байна. Дээр дурдсан хоёр байгууллага ажил гүйцэтгэхдээ бордюр болгоныг ширхэгчлэн харж, буцааж суурилуулж болох, эсэхийг тогтоодог, тоолдог юм болов уу. Тийм стандарт бий юү, гэрээнд нь ингэж тусгасан байдаг уу, хүн хүчний нөөц аль хэр юм бол.
Зам засварын урсгал, ээлжит, их засвар, мөн засвар болон өргөтгөл шинэчлэлтийн ажлууд гэсэн таван төрөл байдаг аж. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн засвар байдаг хэмээн хэлсэн. Ажил гүйцэтгэсэн байгууллага автозамыг ашиглалтад оруулснаас хойш 1-3 жилийн чанарын баталгаат хугацаанд засвар, үйлчилгээг хариуцдаг. Өнөөдөр нийслэлд Баруун болон Зүүн дөрвөн зам, “Нарантуул” захын урд, “Хангай” хотхоны уулзвараас Алтайн гудамж хүртэлх, Улаанчулуутад өнөөх хашлага сольсон хэсгүүдэд автозамын хөдөлгөөний уулзвар, гарцуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд гудамж болон замын уулзваруудын ээлжит засварыг хийж байгаа юм аж. Сүүлд зассанаас хойш багадаа 10 жил, ээлжит засварт хийх хугацаа нь болсон тул уг замуудыг засаж байгаа гэнэ. Тэгэхээр хэд хоногийн өмнө эдгээр байршилд замын хашлагуудыг гаргаад тавьчихсан байж. Түүнээс хойш дараа, дараагийн шатны ажлыг хийсэн бөгөөд эцсийн байдлаар ашиглалтад өгөхөд дөрөв, тав хоног дутуу байгаа ажээ. Тэгэхээр бордюрыг нь сугалаад тавьчихсан үед таарч, зургийг нь дарсан иргэд, өдгөө зорьж очин харвал байдал өөр болсон байх нь.
Замын хашлага солих ажил нь ээлжит болон их засварын ажлын бүрэлдэхүүн хэсэг тул тусад нь хөрөнгө тусгадаггүй. Нийслэлийн худалдах, худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийн дагуу гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулж ажил олгодог. Байнгын хамтын ажиллагаатай, урт хугацааны гэрээтэй байгууллагуудаас гадна зам засдаг, тусгай зөвшөөрөлтэй, өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага олон бөгөөд тендерт оролцдог. Тэдгээр байгууллага нэг удаа тендерт оролцлоо гэхэд дараа нь яах нь тодорхойгүй байх нь элбэг тул нийслэлээс байнгын бэлэн байдлын гэсэн “статус”-тай хоёр байгууллагатай хамтарч ажилладаг нь ийм учиртай юм байна. Тэгэхээр эдгээр хоёр байгууллагын үйл ажиллагаа, санхүү, хөрөнгийн байдлыг мэдэхгүй байж олон нийтийн хардагчлан бордюр солих ажлыг бизнес, эсвэл мафи болгосон гэж хардах нь өрөөсгөл мэт.
Нийслэлийн автозамын хөгжлийн газрын авто замын засвар, хяналтын хэлтсийн дарга Ганбатаас тодруулга авсан юм. Тэрбээр “Замын хашлага солих ажлыг бизнес болгосон байгууллага, хэн нэгэн байхгүй. Бүх ажлыг гаргасан зургийн дагуу явуулдаг. Мэргэжлийн арваад байгууллага оролцдог. Хэн нь засах, хөдөлгөөний зохицуулалтыг аль байгууллага нь хариуцах вэ гээд бүх үйл ажиллагаа эзэнтэй. Бидний ажлыг гүнд нь орж мэдвэл хүмүүс ингэж ярьж, хардаж сэрдэхгүй л дээ. Хотын төв хэсэгт, Энхтайвны гудамжинд чулуун хашлага нэлээд байдаг. Эдгээрийг өргөж, түвшнийг нь автозамын зорчих хэсэгтэй уялдуулан дээшлүүлээд, буцаагаад тавьдаг. Ээлжит засвар хийхдээ инженерийн шугам сүлжээний худаг, траншейнуудын тагийг өндөрлөх, замын хучилтыг давхарлахдаа хуучин байснаас 5-10 см өндөр болгох нь бий тул замын хашлагыг дагуулаад өндөрлөх шаардлага гардаг. Зам тээврийн ослын үед машиныг явган хүний зам руу халдаахгүй гэж хязгаарласан стандартыг мөрдөх үүднээс ийнхүү өндөрлөдөг юм. Бетон хашлага гадны янз бүрийн нөлөөнөөс элэгдэж, халцарч, хотын өнгө үзэмжид таарахааргүй болсон байвал сольдог. Хүмүүсийн голчлон жишээ болгосон Баруун дөрвөн замд гэхэд ээлжит засвар л хийж байна. Хучилт, хэвтээ тэмдэг, тэмдэглэгээ, явган хүний зам барих гээд бүрэн засвар хийж байгаа. Хүмүүс хашлага сольж байгааг нь харчихаад “Зүгээр байгаа хашлага солилоо, ямар учиртай юм” гэдэг. Ингэж ярьж болж байгаа юм чинь, өөр юу хийв гэдгийг сонирхоод, зорьж очиж үзвэл цогц ажил байж гэдгийг харна. Ойлголт, мэдээллийн дутуугаас болж, өнгөц дүгнэж болохгүй шүү дээ. Ашиглалтаас хамаараад хуучин замуудын хашлага нэг, хоёроор, таваараа уначихсан, эвдэрчихсэн байдаг. Тийм тохиолдолд “Улаанбаатар” зам, засвар, арчлалтын газар нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай байгуулсан ашиглалтын гэрээний хүрээнд солиулдаг. Түүнээс биш хашлагыг км, км-ээр, уулзвар уулзвараар нь солиод байгаа юм биш” гэв.
Замын хашлагыг ийм шалтгаануудын улмаас сольдог юм байна. Дангаар нь сольдоггүй, цогц ажлын хүрээнд суга татаад, шинийг тавьдаг байх нь. Чулуун хашлагуудыг бол буцааж суулгадаг аж. Мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээлэл ийм байна.