Нийслэлийн дийлэнх дэлгүүр, хүнсний захад шинэ ургацын хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгджээ. Тухайлбал, Баянгол дүүргийн “Хороолол”, “Таван-Эрдэнэ” хүнсний зах, Чингэлтэй дэх “Бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр шинэ ургацын нэг кг төмс 1500, шар ба хүрэн манжин 4000, байцай 2500-3000, лууван 4500-5000 төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн сонгино кг-ыг нь 4000, ногооныг нь багцаар нь 1500, монгол өргөст хэмх, улаан лоолийг 10 000-12 000, хятадыг нь 6000-8000 төгрөгөөр борлуулж байв. Тэгвэл хулуу, цэцэгт байцай, хаш, амтат чинжүү нэг кг нь 8000-9000 төгрөгт хүрчээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын эхний долоо хоногийнхтой харьцуулахад энэ жил бүх төрлийн ногооны нэг кг-ынх нь үнэ дунджаар 2000 төгрөгөөр нэмэгдэн, ялангуяа луувангийн олдоц бага, үнэ өндөр байгааг худалдагчид нь хэллээ. Тухайлбал, “Бөмбөгөр”-т хүнсний ногоо борлуулагч иргэн “Өнгөрсөн 2-3 жил шар манжингийн эрэлт их, нэг кг нь 5000-6000 төгрөгт хүрсэн бол өдгөө лууван нийлүүлэх хүн ховор байна. Нэг шуудай буюу 40 орчим кг лууванг бид 160 000 төгрөгөөр худалдан авдаг. Ингээд нэг кг-ыг нь 4500-5000 төгрөгөөр зарж байгаа нь ашиг багатай” гэлээ. Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачаа эргэлтийн хэмжээ багассан нь нарийн ногооны ханш нэмэх шалтгаан болж буй аж. Түүнчлэн “Бөмбөгөр” худалдааны төв, “Таван-Эрдэнэ”, “Барс” захын гаднах талбайд цөөн иргэн хүнсний ногоо борлуулж байгаа бол наймдугаар сарын дунд үеэс нийслэлийн бүх дүүрэгт хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, мод, бутны үрсэлгээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхлэхийг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.