Өндөр насны тэтгэврээ тогтоолгочихлоо. Чамлахаар чанга атга, төрөөс өгөх хэдэн “цаас”-ыг бага гэлтгүй сайхан хүртэнэ ээ, амьдралд нэмэр болно” гэж уужуухан амьсгалах нэгэнтэй таарав. Түүний үгийг сөргүүлэн “Юунд нь баярладаг юм. Төр чамд зүгээр өгч байгаа биш. Насаараа хөдөлмөрлөж, улсын төсөв бүрдүүлэхэд оролцож явсныхаа төлөөсөнд сар бүр жаахан мөнгө авах нь. Өндөр насны тэтгэврийг улсаас зүгээр өгдөг тэтгэмж шиг бодож андуурах хэрэггүй” гэж үе чацуутан нэг нь учирлав. Тэдний ярианд оролцсон, арай ахимаг настай гуравдагч нь “Та хоёр долоон жилийн дунджаар тогтоолгосон уу, азгүй юм” гэж “тавлах”.
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн гадна ярилцан суух тэдний өрнүүлсэн “хэлэлцүүлэгт” сайн дураар оролцогч нэмэгдсээр тавуул болж, улсад хэчнээн жил хөдөлмөрлөсөн, ямар байгууллагаас тэтгэвэрт гарсан гэхчлэн яриа дэлгэлээ. Тэд бүгд 55-62 насных буюу хуульд заасны дагуу тэтгэврээ тогтоолгох эрх нь үүссэн гэсэн үг.
“Төрийн хишгээ” хүртэх болсондоо баярлах өнөөх иргэн улсад тасралтгүй 40 шахам жил ажиллаад тэтгэвэрт гарчээ. Өөрийнх нь хэлснээр улсаас авах “сул цалин”-гийн хэмжээ нь 600 мянга орчим төгрөг. Түүнийг насаараа “хар бор” ажил хийж махийж зүтгэчихээд ийм хэмжээний тэтгэвэр авах болсондоо баярлаад байгааг ойлгохгүй нь хэмээн зэмлэж, гайхах нөгөөх хүн хэдэн жилийн өмнө цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан гэнэ. Тэд сурагч үеийн найзууд аж. Тэнд цугласан хүмүүсийн ярианы сэдэв ерөнхийдөө тэтгэврийн бодлогын талаар байлаа. Тэр дундаа тэтгэврийн эрх үүсэх хугацааны шаардлагыг өндөрсгөснийг шүүмжилсэн юм. Тодруулбал, дундаж тооцох хугацаа нь таван жил байсныг долоо болгосноор иргэдийн өндөр насны тэтгэврийн хэмжээ буурчээ. Үүний талаар иргэд “Төр иргэдээ шулж, мөлжиж ханахгүй” нь хэмээн байр сууриа илэрхийллээ.
ХОЁР ЖИЛИЙН ЗӨРҮҮ
Өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тооцдог байсныг 2018 онд өөрчилж хоёр жилээр нэмэгдүүлсэн юм. Ийнхүү хуульд өөрчлөлт оруулснаас хойш өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн долоон жил буюу 84 capын дундаж цалингийн хэмжээг баримжаалан тогтоолгож байна. Ингэснээр тэтгэврийн хэмжээ багассан гэдгийг иргэд хэлдэг. Хоёрхон жилийн зөрүү мэт боловч үнэндээ гар дээр ирдэг хэдэн “цаасны” хувьд багагүй мөнгө болохыг эдийн засагч нар дурдлаа. ХААИСийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, доктор Г.Чулуунцэцэгээс 60 болон 84 сарын дундаж цалинд тулгуурлан тэтгэвэр тогтоолгохын ялгааны талаар асуухад “Хүн болгоны хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жил, дундаж цалин зэрэг олон үзүүлэлтээс шалтгаалан өндөр насны тэтгэврийн хэмжээ ялгаатай гарна. Тэгэхээр тодорхой нэг жишээ дурдахгүйгээр нийтэд нь, тун энгийнээр тайлбарлахын тулд бүтэн талхаар жишээ авъя. Нэг том талхыг таван хэсэг болгоё. Үүнтэй адил хэмжээний өөр нэг талхыг долоо хуваая. Мэдээж олон зүсэм болгохын хэрээр тухайн хүнд ногдох хэмжээ багасна. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жилийн дундаж цалингаар тэтгэврээ тогтоолгох нь иргэнд илүү өгөөжтэй байх нь ойлгомжтой” гэлээ. Ийм учраас л 2018 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэд “төрийн хишиг” буурсан гэж гомдоллож буй. Түрүүн өгүүлсэн, найздаа “Чи зүгээр сууж байгаад төрөөс халамж хүртээгүй, залуу, идэр үедээ хөдөлмөрлөснийхөө үр дүнгийн багахан хэсгийг насны хишиг хэлбэрээр буцаан авч байгаа юм” хэмээсэн иргэний онцлон дурдсанчлан төр, засгийн халааснаас өндөр насны тэтгэмж гардаггүй. Харин иргэд багадаа 20 жил, үүнийг хоёр хүртэл нугалах хугацаанд хөдөлмөрлөж, улсад татвар төлснийхөө шимийг хүртэж буй. Гэтэл төр иргэдээ өтөл насанд нь хүртэл “оролдож”, халаасыг нь тэмтэрч байгаа нь дэндүү хүнлэг бус гэж нийгмийн хамгааллын ажилтан нэгэн ярьсан юм. Тэрбээр “Хатуухан хэлэхэд, та бүхэн тэтгэвэрт гарлаа. Одоо хэрэггүй болсон тул тэтгэвэр чинь их, бага байх нь бидэнд хамаагүй гэснээс ялгаагүй” хэмээлээ.
Ахмад настнуудын тэтгэврийг тогтоохдоо тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн долоон жилийн дундаж цалингаар тооцдог одоогийн системийг шударга бус учраас халах нь зүйтэй гэсэн байр суурьтай УИХ-ын зарим гишүүн хуулийн төсөл санаачлан өргөн бариад буй. Уг төсөлд тусгаснаар бол тэтгэврийн хэмжээг тогтоохдоо 2018 оноос өмнөх шигээ таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тооцуулахаар тусгажээ. Тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог. Тиймээс одоогийн мөрдөж байгаа долоон жилийг багасгах ёстой, ингэснээр ахмадуудын гар дээр очих мөнгөн дүн бодитоор нэмэгдэнэ гэдгийг хуулийн төсөл санаачлагчид онцолсон. Эл санаачилгаа мэргэжилтнүүдийн үг, иргэдийн санал гомдолд тулгуурлан гаргаснаа УИХын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар мэдээлж байсан.
ТЭТГЭВРИЙН БОДЛОГОД ЭРС ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ
Өнөөдрийн байдлаар манай улсад 317 мянга гаруй иргэн өндөр насны тэтгэвэр авдаг гэсэн статистик байна. Дэлхийн банк, Өмнөд Ази, Номхон далайн бүсийн Хүний хөгжлийн албанаас гаргасан тайланд “Монгол Улс нийт ажиллах хүчиндээ зориулсан, шимтгэлд суурилсан, өндөр насны тэтгэврийн нэгдсэн нэг тогтолцоотой. Төрийн албан болон зэвсэгт хүчний алба хаагч, хувийн хэвшлийн байгууллагын гэрээт ажилтан, ажилчин гээд бүгд уг тогтолцоонд албан журмаар хамрагддаг. Ажиллах хүчний үлдсэн хэсэг нь сайн дурын үндсэн дээр тэтгэврийн тогтолцоонд хамрагдах боломжтой” гэж дурджээ. Олон улсын шинжээчид ийм “албадлагын” шинжтэй, тэтгэврийн нэгдсэн тогтолцоог иргэдэд ээлгүй гэж үздэг юм байна. Тиймээс Монгол Улс тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэн, сайжруулах шаардлагатайг зөвлөдөг аж. Шинэчлэл хийх зайлшгүй хэд хэдэн шаардлага ч үүсээд буй. Юуны түрүүнд өнөөгийн бодлогыг хэвээр үргэлжлүүлбэл тэтгэвэр болон нийгмийн даатгалд зориулж байгаа төсвийн татаасны хэмжээ урт хугацаанд их хэмжээгээр нэмэгдэхээр байгаа. Мөн тэтгэврийн насны хүн амын өсөлт ирэх 30-50 жилд эрс өсөх тооцоолол бий. Манайх шиг хүн амын өсөлт удаан бөгөөд багатай улсад энэ нь насжилтын цонхноос үүдэлтэй хүндрэлүүдтэй тулгарах нигууртай. Түрүүн дурдсан тайланд өгүүлснээр бол 1990-ээд оны эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн үеэс эхлэн нийт ажиллах хүчний даатгалд хамрагдагчдын хувь буурснаас аажимдаа ахмад настнуудын багахан хувь нь л нийгмийн даатгалын тэтгэвэр авах болно. Энэ нь ахмад настнуудын дунд орлогын тэгш бус байдал даамжрахад нөлөөлөх аж. Одоогийн тогтолцооны өөр нэг том сул тал нь хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувь алдсан хүнд нас, нэрийн дансны хуримтлалаас үл хамааран сүүлийн гурван жилийн дундаж цалингийн 60 хувьтай тэнцэхүйц тэтгэвэр олгодог. Энэ нь 40 жил ажилласан хүний тэтгэвэр тооцох хувь хэмжээнээс хавь илүү. Өөрөөр хэлбэл, өндөр насны тэтгэврээс өндөр тогтоогддог учраас иргэд тэтгэвэр тооцох хугацаагаа уртасгах зорилгоор хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр буюу олны нэрлэж заншсанаар “групп”-т орох хүсэлтэй. Үүний тулд авлига “өдөөгдөх” эрсдэлтэй болохыг тухайн тайланд дурджээ. Энэ мэтээр тэтгэврийн тогтолцоог эргэн харах асуудал олон байгаа аж. Тиймээс өндөр настнуудаа “боомилдог” бодлогоо халах ёстой.
Насаараа хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх эрх нь нээгдсэн ахмадууд маань багахан хэмжээний “хишгээр” амьжиргаагаа залгуулах гэж чадан ядан байна. Олонх нь тэтгэврээ барьцаалан зээл авдаг. Банк энэ төрлийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй бодож олгодог. Энэ нь жилд 15 гаруй хувийн хүүтэй зээл гэсэн үг. Ингэхдээ хүүг нь хугацааны өмнө урьдчилан суутгаж авдаг юм билээ. Төр, засгаас үүнийг болиулна гээд л багагүй хугацаанд “бавтнаж” байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр.
Олон улсад тэтгэврийн насныханд зориулсан, тэднийг ядуурлаас сэргийлэх бодлогууд зөндөө бий. Тэдгээрээс жишээ авах ёстой. Гэхдээ өнөөгийн тогтолцоог өөрчлөн, шинэчлэхгүй бол мянган сайн туршлага байгаад нэмэргүй. Жишээ нь, Японд цалингийн дунджийг жил бүр тооцон, одоогийн тэтгэврийн хэмжээг тогтоодог юм байна. Улмаар цалин нэмэгдэх, амьжиргааны түвшин дээшлэхтэй уялдуулан тэтгэврийн хэмжээ өөрчлөгддөг аж. Энэ бол тус улсын даатгалын тогтолцооны онцгой давуу тал. Тухайн үед авч байсан цалингийн хэмжээг өнөө үеийнхтэй тэнцүүлэн тооцдог. Өөрөөр хэлбэл, 20, 30 жилийн өмнө цалингаасаа улсад төлөх ёстой татвараа өгсөөр ирсэн Дорж өдгөө тэтгэврээ тогтоолгохдоо тэр үеийнхээсээ хэд дахин бага мөнгө авах нь шударга бус гэсэн зарчим юм. Гэтэл өнөөдөр Монголд үүнээс урвуугаар буюу дундаж цалингийн хэмжээ өөрчлөгдөж байгаа ч үүнийг тэтгэврийн хэмжээнд тусгахгүй болохоор тухайн үед төлсөн шимтгэлийн үнэ цэн алдагддаг болохыг манайд хэрэгжүүлж буй нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү тайлбарласан байна. Тэрбээр Японд үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр олгодог. Жилийн дундаж цалинг тооцон тэтгэврийн хэмжээтэй уялдуулж тооцох боловсон хүчин, мэргэжлийн баг Монголд хэрэгтэйг зөвлөжээ.
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ