“Би лангуун дээрх эд бараа мэт зарагдсан юм. Намайг 15 настай байхад үл таних гурван хүн хулгайлж, хүчээр машиндаа суулгаж, хогийн цэг дээр аваачин зодож, биеэ үнэлэхийг шаардсан. Б гэх этгээд намайг 2018 оны тавдугаар сарын сүүлчээс зургадугаар сарын 22-ныг хүртэл зочид буудалд цагдан хорьж, зодож, айлган сүрдүүлж, хүмүүстэй бэлгийн харилцаанд оруулж, өөрөө бүх мөнгийг нь авдаг байв. Би боломж гарвал зугтаж, цагдаад мэдэгдэхийг оролдсон ч чадаагүй. “Цагдаад мэдэгдвэл, гэрийнхэндээ хэлбэл ална шүү” гэж дарамталж, зоддог байсан. Энэ явдал миний амьдралд хэзээ ч арилшгүй хар толбо үлдээсэн. Хүний эрхэд зовсон тэр үе хар дарсан зүүд мэт байсныг хэн ч төсөөлөхгүй, ойлгохгүй. Өөрөө, эсвэл ойр дотнынх нь хэн нэгэн хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон цагт л хохирогчийг ойлгох байх. Сэтгэл санааны гүн хямдралд орж, бие махбодоороо хохирч үлдсэн охид хэнээс тусламж авахаа мэдэхгүй чимээгүй уйлж суугаад харамсаж байна. Б гэгч надтай хамт мөн 16 настай охины биеийг хүчээр үнэлүүлсэн” хэмээн хохирогч охин Х ярив.
Энэхүү бусармаг хэргийг үйлдсэн Б-г долоон жилийн хорих ялаар шийтгэжээ. Насанд хүрээгүй охидын биеийг хүчээр үнэлүүлж, худалдаж, худалдан авдаг сүлжээ манай улсад хүрээгээ тэлсний бодит жишээ дээрх явдлаар зогсохгүй. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр манай улсад 2001 онд хүн худалдаалах гэмт хэргийн нэг тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл 2018 оны байдлаар цагдаагийн байгууллагад 160 гаруй хэрэг бүртгэгдэж, шалгагдсан байна. Гэвч тэдгээрээс 26 хэргийг л шүүхээр шийдвэрлэж, буруутай этгээдэд ял шийтгэл ногдуулжээ.
Манай улсад үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн дийлэнх нь бэлгийн мөлжлөг аж. Дотоодод насанд хүрээгүй буюу 13-18 насны охид бэлгийн мөлжлөгийн хохирогч болж байна. Гэтэл тэднийг өөрийн хүсэл сонирхлоор биеэ үнэлсэн мэтээр нийтэд буруу ойлгуулдаг жишиг тогтоод удлаа. Эрүүгийн хуулийн 13.1-т хүн худалдаалах гэмт хэрэг буюу биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, эд эрхтнийг нь авах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, албадан хөдөлмөрлүүлсэн тохиолдолд 2-20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заасан. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөнгөн ял оноох, бүр шийтгэлгүй үлдээх тохиолдол ч байна.
Өнгөрсөн онд манай улс хүн худалдаалсан найман хэрэг шийдвэрлэж, гэмт этгээдүүдэд ял ногдуулсан нь нэг жилд хамгийн олон хэрэг шийдвэрлэсэн “түүхэн” явдал болжээ. Тэдгээр хэрэг нь бүгд бэлгийн мөлжлөг байсан гэнэ. Бусдын эрхшээлд автаж, хүсээгүй зүйлээ хүний эрхээр үйлдэж буй охид, эмэгтэйчүүдийг хамгаалах, тэдний дуу хоолой болох, “дөнгө”-нөөсөө салсны дараа нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзлэх боломжоор хангах зайлшгүй шаардлага тулгарсныг цагдаа болон хүний эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хэллээ. Ялангуяа насанд хүрээгүй охид гэмт этгээдийн сайхан үгэнд хууртаж, эсвэл дарамт шахалт, сүрдүүлгэд нь автан бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Тиймээс ч дэлхий нийтээрээ орчин цагийн боолчлол гэгддэг хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, гэмт этгээдэд оноох ял шийтгэлийг чангатгаж байна.
2013 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд жил бүрийн долдугаар сарын 30-ныг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн өдөр болгохоор шийдвэрлэжээ. Эл өдрийн гол зорилго нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын нөхцөл байдлын талаар олон нийтэд ойлгуулах, тэдний эрхийг хамгаалах юм. Энэ жил “Хохирогчийг сонсох нь Хамгийн зөв зам” уриалгыг тус байгууллагаас дэвшүүлжээ. Ийм гэмт хэргийн хохирогч, үүнээс үүдэлтэй сэтгэл зүйн дарамтыг даван туулагчийн дуу хоолойг сонсох, урьдчилан сэргийлэх аргад суралцахад анхаарлаа хандуулахыг дэлхий нийтээрээ чухалчилсан байна. Улмаар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг олж тогтоох, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хэргийн золиос, хохирогч болсон хүмүүс л бодитой үр нөлөө үзүүлж чадна гэж олон улсад үзжээ. Бусдын эрхшээлд автаж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүд тусламж авах гэж оролдох явцдаа олон нийт болон мэргэжилтнүүдийн үл тоомсорлох, үл ойшоох хандлагатай байнга нүүр тулдаг аж. Хохирогч гэмт этгээдийн гараас аврагдсан ч цагдаад мэдүүлэг өгөх, гэмт хэрэгтэн таниулах, шүүх ажиллагааны явц, эх оронд нь буцаах ярилцлагын үеэр сэтгэл зүйн хүнд “гэмтэл”-ийг даван туулах шаардлагатай болдгийг мэргэжилтнүүд хэллээ. Зарим нь дахин хохирогч болох тохиолдол ч бийг албаныхан анхааруулсан юм. Мөн гэмт хэрэгтнүүд хохирогчийн нэр төрд халдах, ичгүүрт оруулах зэргээр сэтгэл санааны дарамт учруулдаг байна. Түүнчлэн хохирогч гэмт хэрэгтнээс нөхөн төлбөр авдаггүй, хохирлоо бүрэн барагдуулж чаддаггүй. Үүний зэрэгцээ олон нийтийн доромжлол, ялгаварлан гадуурхалтыг тэсэж туулах шаардлагатай болдог гэнэ. Тиймээс эл төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, буруутай этгээдэд ямар шийтгэл ногдуулах, хохирогчдод ямар тусламж, үйлчилгээ шаардлагатайг тэдний саналд тулгуурлан тодорхойлж, улмаар хэрэгжүүлэх нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй арга гэж Хүйсийн тэгш эрхийн төвийн мэргэжилтнүүд үзэж буйгаа онцолсон.
Иргэдийн олонх нь бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр биеэ үнэлж буй мэтээр ойлгодог. Тиймээс ч хүссэн үедээ гэртээ харих боломжтой атал сайн дураар биеэ үнэлдэг хэмээн боддог. Харамсалтай нь, энэ хэргийн хохирогчид гэмт этгээдүүдийн амласан өндөр цалин, гадаад улсад сурч, хөдөлмөрлөх боломж зэрэг сайхан үг, эсвэл дарамт, шахалтаас болж хүсээгүй амьдралаа сонгодгийг олон судалгаанаас харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдүүд сургалт, байрны төлбөрөө төлөх гэсэн оюутан, сурагчдын эдийн засгийн хэрэгцээнд нь дөрөөлж, хуурч мэхлэн, итгэлийг нь олж авсны дараа хорьж цагдан, зодож дарамтлан эрхшээлдээ оруулсан тохиолдол олон аж. Өндөр цалинтай ажил хийх, гадаадад сурч, ажиллах гэсэн охид, эмэгтэйчүүдийн мөрөөдлийг нь “хулгайлдаг” ийм бусармаг хэргийг өмнө нь биеэ үнэлж байсан эмэгтэйчүүд болон ял шийтгүүлсэн эрчүүд голдуу үйлддэгийг цагдаагийн байгууллагынхан хэллээ. Эмэгтэйчүүд нэгэндээ амархан итгэдэг. Тиймээс гэнэн цайлган охидыг эмэгтэйчүүд хялбар урхиддаг аж. Тэдний цаана эл хэргийг гол зохион байгуулагч этгээд хэн болох нь нууц хэвээр үлддэг, мөн хохирогч охидыг дарамталж, найз нөхөд болон танил нэгнийг нь хүн худалдаалах гэмт хэрэгт татан оролцуулсан тохиолдол цөөнгүй гарчээ. Иймээс хохирогчид эл хэргийн талаар цагдаагийн байгууллагад хандахаас айдаг, нуун далдалдаг тохиолдол цөөнгүй аж. Мөн сүүлийн үед биеэ үнэлэх, хүн худалдаалах гэмт хэргүүд цахим орчинд шилжсэнийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан анхаарууллаа. Цахим орчинд “Санхүү авна, өгнө” гэх зар байршуулж охид эмэгтэйчүүдийг “олзлон” авч, айлган сүрдүүлж, нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь хийж, ар гэр, олон нийтэд тараана гэж дарамталж эрхшээлдээ оруулан, цаашлаад хүчээр биеийг нь үнэлүүлдэг бүлэг этгээд бий болжээ. Тиймээс өсвөр насны охид, хөвгүүдээ цахим орчинд хэнтэй найзалж, нөхөрлөж буйд эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна.
Эл төрлийн гэмт хэргийг урьдчилан зохион байгуулж үйлддэг. Хар машинтай этгээдүүд гэнэт гарч ирээд охидыг хулгайлдаг гэхээс илүү ар гэр, амьдрал ахуйг нь судалж, тохироо нь бүрдсэн үед “өгөөш”-өө хаядаг гэнэ. Тиймээс хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголт, мэдээлэлтэй байж, хэрхэн урьдчилан сэргийлэх, хохирогч болбол хаана, хэнд хандах ёстойг мэддэг байхад илүүдэхгүй. Тухайлбал, 1800-1903 итгэлийн утсанд хандаж, мэдээлэл өгөх, зөвлөгөө авах боломжтой. Эл төрлийн гэмт хэргийг таслан зогсооход дуу хоолойгоо нэгтгэж, хувь нэмрээ оруулахгүй бол хохирогч болох эрсдэл хэнд ч тулгарч мэдэхээр байна.