Улаанбаатар хотын авто замын урсгал засвар болон өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу хийх ёстой. Энэхүү стандартаар нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11.5 тонн, хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 10 тонноос ихгүй байна гэж заасан. Гэсэн ч ачааны автомашинуудын даацыг хэтрүүлэн дүрэм зөрчиж, замын хөдөлгөөнд оролцсоор байгаа гэнэ. Нэг тэнхлэгт ногдох даацыг хэтрүүлснээр авто замын зорчих хэсэгт дугуйн мөрний ховил үүсэх, суурь бүтцэд нөлөөлөх, тэгш хэмийг алдагдуулан авто замд эвдрэл, гэмтэл гардаг.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран долдугаар сарын 28-нд хяналт, шалгалт хийлээ. Ачааны 35 автомашинд тэнхлэг даацын шалгалт хийхэд 12 тээврийн хэрэгслийн жолооч норм стандартаас хэтрүүлэн ачаа тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцож байв. Түүнчлэн энэ сард хийсэн зургаан удаагийн шалгалтаар ачааны 103 автомашины ачаа тээвэрлэлтэд хяналт, шалгалт хийхэд 68 автомашинд нэг тэнхлэгт ногдох даац хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэнэ. Улмаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох хууль, тогтоомж, норм стандартын хэрэгжилтэд хяналт тавихаар Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж эхэллээ.