Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт долдугаар сарын 22-28-ны хооронд нийт 1274 дуудлага ирж, ковидын талаар зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнээс УОК, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага 11 буюу нийт дуудлагын 0.9 хувийг эзэлж буй. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 54 иргэн хандаж, автомат хариулагчаас 18, оператороос 36 иргэн мэдээлэл авсан байна. Дархлаажуулалтын цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
-Коронавирусийн халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэд хаана хандах вэ?
-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй. Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно.
-Шинжилгээний цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж, 09:00-12:00 цагийн хооронд дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд:
- Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
Амралтын өдөр шинжилгээний гурван цэг ажиллана.
-Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 4-нөөс өмнө вакцины I тунд хамрагдсанаар хүүхдэд хичээл эхлэхээс өмнө дархлаа тогтох болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Иймд эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. 12-17 насны хүүхдүүдийг Пфайзер/БиоНТех комернэти вакцины I тунд хамруулж байгаа.