Манай улсын төрийн бодлогын зарим нь ядуувтар сэтгэлгээтэй иргэдийнхээ хүсэлд тааруулах, тэднийг хөөргөдөх хандлагатай байх юм. Жишээ нь, Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам гэж бий. Үүнд одон болон медалиудыг хэрхэн олгох тухай заасан байдаг. Монгол Улсын баатар цолыг таван жилд нэг удаа, нэг хүртэл хүнд, Улсын эрдэнэ цолыг гурван жилд нэг удаа, нэг иргэнд хүртээнэ. “Чингис хаан” одонг жилд нэг удаа, нэг, Төрийн соёрхолт цолыг жилд тав, Гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд олгодог байна. Харин “Эрдэнийн очир”-ыг жилд 200, “Алтангадас”-ыг 2000, Цэргийн гавьяаны одонг 500 хүртэл хүнд хүртээхээр журамлажээ.
Эндээс харахад хүн ам цөөтэй улсын маань иргэн бүр төрийн одон, медаль хүртэхээр ч юм шиг. Төрийн шагналууд уг нь бүгд шалгуур үзүүлэлттэй бөгөөд түүнд үндэслэсэн тодорхойлолтын дагуу олгож ирсэн. Гэтэл өнгөрсөн тав, зургадугаар сард олгосон шагнал хэрээс хэтэрсэн гэхэд буруудахгүй. Ямар сайндаа л “Шагнуулмаар байгаа бол Төрийн ордны хажуугаар яваарай. Барьж аваад л одон, медаль зүүгээд өгчихнө” гэсэн яриа хүртэл гарах вэ дээ. Улмаар дээрх төрийн томоохон шагналыг хоёр байгууллагад сар гаруйхны зайтай өгсөн нь олны гайхширлыг төрүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-нд зарлиг гарган, “Эрдэнэт үйлдвэр”-т Монгол Улсын баатар үйлдвэр цол олгосон. Улс орны эдийн засагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ийнхүү шагнав. Халаагаа өгсөн Ерөнхийлөгч Х.Баттулга үүнээс өмнөхөн буюу өнгөрсөн сарын 24-нд зарлиг гаргаж, “Монголын ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын баатар цолоор шагнасан билээ. Мэдээж шагнал авсан байгууллагуудын гавьяа их. Гэхдээ Төрийн тэргүүнүүд байгууллагуудад ийнхүү дараалан Улсын баатар цол олгосныг олон нийт төдийлөн сайшаасангүй. Учир нь иргэдээ хавтгайруулан шагнадаг улс цаашлаад байгууллагуудаа хүртэл ийнхүү шагнал, урамшууллын “бай” болгох нь гэх шүүмжлэл цөөнгүй гарлаа.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны тав, зургадугаар сард оруулсан шагналын “аадар”-ын оргилыг энэхүү Улсын баатар цол гэж хэлж болохоор байв. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухайд өмнөх Төрийн тэргүүнээс дутахгүй гэдгээ харуулах лугаа адил бас нэгэн байгууллагыг Улсын баатар болгочихов. Нэгэнт Төрийн тэргүүн байгууллагыг Улсын баатар цолоор шагнаад эхэлсэн болохоор цаашид үргэлжлүүлэх үү. Тийм бол ямар үзүүлэлтээр, аль байгууллагыг шагнах юм бол.
Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журамд Монгол Улсын баатар цолыг байгууллагад олгоно гэсэн заалт байхгүй. Монгол Улсын баатар цолыг таван жилд нэг удаа, нэг хүртэл хүнд олгоно гэж л бий тухай дээр дурдсан. Гэтэл хоёр Ерөнхийлөгч ямар журам үндэслэн төрийн бус байгууллага болон төрийн өмчит үйлдвэрийн газарт уг цолыг олгов. Төрийн тэргүүн байсан нь, одоо ажиллаж буй нь ч хууль зөрчив үү. Хожим үүн лүгээ адил улсын хамгийн том цолыг учир битүүлгээр дахин олгох уу. Эс бөгөөс үүгээр төгсгөл болгох уу, үгүй бол журамд албан ёсоор өөрчлөлт оруулж, үргэлжлүүлэн мөрдөх үү.
Ер нь манай улсад төрийн дээд шагнал олгох горим хэдийн алдагджээ гэж хэлж болохоор. Ерөнхийлөгч Х.Баттулга албаа өгөхийн өмнөх хоёр сарын турш хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд бичсэнчлэн 16, эсвэл 18 мянган одон, медаль гардуулсан нь үнэн бол үүнийг ч гэсэн зохих хуулийн хүрээнд авч хэлэлцэх шаардлага тулгарсан. Цаашид ч энэ мэтчилэн төрийн одон, медалийг талаар нэг “цацаж”, үнэлэмж, нэр хүндийг нь доройтуулдаг байдлыг таслан зогсоохыг цаг үе ч шаардаж байгаа.
“Уг нь манай ээжийг “Алтангадас”-т тодорхойлсон юм билээ. Гэтэл Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагначихсан. Ээж “Арай том шагнал юм биш үү” гээд зовоод байх шиг байна лээ” гэж ойр дотнын хүн хэлсэн юм. Ийм сэтгэгдэлтэй хүн шагнал авахаар очихдоо ихэд санаа зовсон байж таарна. Өмнө нь бол цол, одон, медалийг голдог байв. Харин өдгөө шат ахиулан олгож, иргэд ч гайхах болж. Монгол Улсын төрийн шагнал ийнхүү “шалдаа бууж”, дуртай нэгэн нь хүссэн шагналаа авчихдаг байж болох уу.
Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад тийм олон одон, медаль чөлөөтэй гардуулсныг ойлгож цөхөх юмгүй. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журамд “Төрийн дээд шагналын тоо хэмжээг тухайн жилийн онцлогтой уялдуулан, зохист харьцааг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр тогтооно” гэж заасан байдаг аж. Ингэж шагнах тоо хэмжээг Төрийн тэргүүнд даатгах нь буруу гэдгийг бүгд харлаа. Мөн уг журамд “Төрийн дээд шагналын тоо хэмжээ тухайн жилийн онцлогоос хамааран хэтрэх шаардлага үүсвэл Монгол Улсын их хурал шийдвэрлэнэ” хэмээн дурджээ. Гэтэл манай улсын Ерөнхийлөгч өнгөрсөн тав, зургадугаар сард олон иргэнд одон, медаль хавтгайруулан олгохоор зэхсэн, шагнасныг нь УИХ мэдээгүй юү. Эсвэл мэдсэн хэрнээ арга хэмжээ аваагүй юу. Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагналын хэлтсийнхэн асуудал болгон, хариу шаардах, төрийн эрх барих дээд байгууллагын сонорт хүргэх гэхчлэн арга хэмжээ аваагүй болохоор саяынх шиг завхрал үүсэлгүй яах вэ дээ. Нэг талаар хуулийн, дүрмийн ч цоорхой юм.
Цар тахлын дэгдэлтийн үе таарсныг ч хэлэх үү, Х.Баттулга Ерөнхийлөгчийн оруулсан шагналын “аадар” хийж, бүтээснээр базаахгүй ч одон, медаль шүтдэг зарим иргэний хүслийг сайтар биелүүлсэн. Түүнчлэн коронавируст халдварын тархалт ихсэхэд илт нөлөөлснийг мэдэж цөхөх зүйлгүй. “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагдсан хүний тоо Ерөнхийлөгчийн шагналын “аадар” болон Төрийн тэргүүний сонгуулийн сурталчилгааны дараа үлэмж ихэссэн нь халдварын нөхцөл байдлаас бэлээхэн харагдсан билээ.
Иргэдийг шагнах нэг хэрэг. Харин байгууллагуудыг одон, медалиар шагнадаг байх нь энэ зууны явдал мөн үү. Социалист нийгэмд бол материал, техникийн бааз байгуулах нэрийн дор өрсөлдүүлэн ажиллуулж, уралдаан зарлаж, дүгнэн, тэргүүлсэн байгууллагад шилжин явах туг хүлээлгэн өгч урамшуулдаг байсан. Мөн хэн нэгний, эс бөгөөс ямар нэгэн онцлох үйл явдлын нэрэмжит байгууллагаар өргөмжилж, бахархал бий болгодог байлаа. Тухайлбал, нийслэлийн зургадугаар дунд сургууль БХЛКЗЭ (Бүх холбоотны Лениний коммунист залуучуудын эвлэл)-ийн 60 жилийн ойн нэрэмжит байсан. 33 дугаар дунд сургууль Баатар хот Москвагийн нэрэмжит байлаа. Эдгээр нь захын жишээ. Үүний нэгэн адил байгууллагуудыг төрийн одонгоор шагнаж, ажиллаж, амьдрах тэмүүлэл бий болгох гэж оролддог байж. Харин өнөөгийн нийгэмд энэ хүү арга нь байгууллага өсөж, дэвжихэд оновчтой хөшүүрэг болж чадах уу гэдгийг бодож үзмээр. Хуучинсаг, “цаасан малгай” өмсгөж, онгироодог арга барилаа өөрчлөх цаг болсон.
Гэтэл өдгөө манай улсад Сүхбаатарын, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн, “Алтангадас” одонт байгууллага ч олон байна. Хоёр жилийн өмнө ДБЭТ-ын захирал “Манай театрынхан байгууллагынхаа насыг шинэчлэн тогтоохоор ажиллаж байна. Эрдэмтэн судлаачид тусалж буй. Драмын театр одонтой байхад манайх юу ч үгүй сууж болохгүй. Бид үүнийг хөөцөлдөж бүтээх болно” гэж билээ. Тэр үед хэлэх үг олдоогүй. Тус театр дуурь, балетын сайхан бүтээлүүдийг тултал тоглож, үзэгчдэдээ сонгодог урлагаар бардам үйлчлэх л чухал. Харин тэднийх ямар одонтой болохыг сонирхох үзэгч өнөө цагт байхгүй. Тиймээс төрөөс ядаж байгууллагуудыг одон, медалиар шагнах гэж бичиг, цаастай зууралдуулдгаа болих ёстой. Өрсөлдөх чадвар, хөдөлмөрийн бүтээмж, ажилтан, ажиллагсдынх нь орлого, цалиндаа сэтгэл хангалуун байх зэрэг олон үзүүлэлт орчин үеийн байгууллагын хэв шинжийг тодорхойлох болсон. Харин ямар одон, медальтай байх нь ажилтнууд, үйлчлүүлэгчдэд нь ямар ч хүртээлгүй билээ.