Хөдөө аж ахуйн салбарт 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг шуурхай хангах үүргийг Засгийн газраас өчигдөр холбогдох албаныханд өглөө. Үүний хүрээнд өвөлжих малын тоог аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн, дүн шинжилгээ хийж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг нь тодорхойлж, экспортлох хуваарь, төлөвлөгөө гаргах бөгөөд 10 000-аас багагүй тонн мах бэлтгэж, нөөцлөх шаардлагатай аж. Мөн ирэх өвөл, хавар улсын хэмжээнд малын тэжээл, өвс хэр их шаардагдах магадлалтайг судлах нь. Ингэснээр дотоодод бэлтгэсэн өвс, тэжээлийн экспортыг шаардлагатай тохиолдолд түр хязгаарлах, эсвэл дахин сэргээх, эсэхийг салбарын яамныхан шийдэх гэнэ. Түүнчлэн цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн богино, дунд хугацааны төлөвт тулгуурлан бэлчээрийн даацыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулахыг ХХААХҮЯ-ныханд даалгажээ. Улмаар хур тунадас бага орсны улмаас газрын гарц тааруу байгаа аймаг, сумуудад зудын эрсдэлийн үнэлгээ хийх юм байна. Бас ургац хураах, хадлан тэжээл, мах бэлтгэх үед улсын чанартай замуудын дагуу хяналтын цэгүүд тогтмол ажиллуулж, цар тахлаас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлнэ гэв.
Бэлтгэсэн М.Оч