Орхон гол улаанаар урсаж, зарим хэсгээрээ тасран, уурхайн хаягдал ус төвлөрүүлдэг далан шиг болсон нүд халтирам зургийг иргэд сүүлийн үед олон нийтийн сүлжээнд түгээсээр байна. Архангай аймгийн Цэнхэр сумд Орхон голын ойролцоо үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг Засгийн газар цуцалсан ч зарим нь дахин олборлолт явуулж эхэлсэн байж болзошгүй талаар мэдээлэл түгэв. Мөн гол их хэмжээгээр үерлэснээс ийм байдалд хүрсэн гэж үзэх хүмүүс ч бий. Эл мэдээллийн дагуу Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Бандитай холбогдож, тодруулахад “Голын эхэнд нөхцөл байдал ямархуу байгааг мэдэхгүй. Өвөрхангай аймгийн Хархорин сумын хэсэгт хоёр удаа хүчтэй үерлэсэн. Одоо ч үертэй байна. Жуулчны гурван бааз болон манай захиргааны байр усанд автсан” гэсэн юм. Харин Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Баясгалан “Ойрд тийш зүглээгүй учраас мэдээлэл алга” гэсэн бол Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Алтан-Очир “Үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн компаниудын гурав нь эл шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсан. Бүх шатны шүүх уурхайнхны талд шийдвэр гаргасан. Тэдгээрээс нэг нь УУХҮЯ, АМГТГ зэрэг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч, орон нутгийн удирдлагатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулахаар болоод буй. Гэхдээ тус компани ажиллаж эхлээгүй. Орхон гол одоо ийм байдалтай байгаа нь уурхайнууд нөхөн сэргээлт хийгээгүйтэй холбоотой. Олборлолтын нөлөөгөөр эвдэрч, сүйдсэн газрууд борооны усанд автсанаас шавар, шар шороо болсон ус гол руу нийлж байна. Тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан 11 аж ахуйн нэгж 800 орчим га талбайг сүйдэлж, нөхөн сэргээлт хийлгүй орхисон. Үүний 50 хувь “Монгол газар”-т хамаатай. Үлдсэн нь бусад компанийнх. Олборлолт явуулсан газраа нөхөн сэргээх шаардлагыг компаниудад хүргүүлэхэд дөрөв нь л нааштай хариу өгсөн. Аж ахуйн нэгжүүд хулгайгаар үйл ажиллагаа явуулах вий гэж болгоомжилж, мөн гар аргаар алт олборлогчидтой тэмцэхийн тулд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг багтаасан байнгын хяналтын цэг ажиллуулж байна” гэсэн юм. Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, орон нутагтай зөвшилцсөн гэх аж ахуйн нэгжийн талаар баттай эх сурвалжаас тодруулахад 2014 онд байгуулсан “БММС” ХХК байж болзошгүйг хэлэв.