Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Гавьяат эмч П.Батчулуун Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хүндэт шагнал хүртжээ. Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан эмч нарт энэ жилээс эхлэн ийм шагнал олгохоор тус холбооноос шийдвэрлэсэн бөгөөд анхныхыг нь монгол эмч хүртэв. Нарийн төвөгтэй уг мэс заслыг эх орондоо амжилттай нэвтрүүлж, нутагшуулсан учраас Гавьяат эмч П.Батчулууныг ийнхүү үнэлжээ. Тус холбооны 17 дугаар хурал Малайз улсын Куала-Лумпур хотод энэ сарын 25-28-нд болсон бөгөөд энэ үеэр түүнд шагнал гардуулах болсныг зарлажээ. Цахимаар болсон уг хуралд олон улсын 100 гаруй эмч, мэргэжилтэн оролцсон аж.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх 1996 онд хийж эхэлснээс хойш одоогоор 190 хүнд элэг, 235 хүнд бөөр шилжүүлэн суулгасан байна. Үүний дийлэнхийг амьд донороос эрхтэн шилжүүлэх мэс засал эзэлжээ. Харин Эд, эс, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулсан 2018 оноос хойш манай улсын эмч нар тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 43 хүнд хийсэн аж. Тэдгээр иргэний 25-д нь бөөр, 18-д нь элэг шилжүүлэн суулгажээ.
Бэлтгэсэн Ч.Мөнх